Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө!

Хойд хөршийн Эрчим хүчний яам энэ сардаа багтаж бидэнд хамаатай нэг чухал шийд гаргана. Шатахууны экспортоо зогсоох уу, зогсоохгүй юу гэдэг асуудал тэнд яригдаад эхэлчихсэн, яг ямар шийдвэр гарах нь өнөө маргаашгүй тодрох гэж байна. Нефтийн экспортоо зогсоовол доод тал нь нэг сар, дээд тал нь гурван сарын хугацаа тавих болов уу гэсэн таамаг Оросын мэдээллийн сайтуудаар хөвөрч байна. Хамгийн тааруу хувилбараар нь төсөөлье.Тэд гурван сарын хугацаанд нефтийн экспортоо зогсоовол бид яах вэ? Хатуухан хэлэхэд, Монгол Улс амаараа шороо үмхэнэ. Шатахууны үнэ огцом цойлно, дагаад доллар галзуурч, инфляци өндрөө авна, намрын ургац хураалт хүнд байдалд орно гэж ирээд яривал төсөөлөхөд ч хэцүү хүндрэлүүдтэй улсаараа нүүр тулна.За тэгээд манай талаас хойд хөрш рүү очиж гуйж царайчилна, өнөөдүүл нь гэдийж, элдэв нөхцөл тавьж, яриа хөөрөө үүсгэж таарах байх.

Нефтийн экспортоо зогсоох эсэх тухай яриа үүсгэсэн шалтгаанаа хойд хөршийнхөн дотоод асуудлаас болсон гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ учир мэдэх хэн ч хойд хөршид өрнөж буй энэ явдлыг зүгээр нэг дотоод асуудал гэж харахгүй. Хөршүүдээ чангалах санаа гэдгийг нь төвөггүй тайлаад уншчихна. Манай улс хойд хөршөөсөө нефть, эрчим хүчээр хараат, энэ давуу талаа алдах сонирхол ОХУ-д байдаггүй, Путины Орос хөрш Монголоо эгзэгтэй үе бүхэнд шатахуун, цахилгаанаар барьсаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Ганц Монголыг ч биш, бүх хөршөө тэд энэ давуу талаараа чангалсаар ирсэн, цаашид ч энэ тоглолтнь үргэлжилсээр байх биз. Хөрш улсууддаа хандах хандлага нь Токиод өрнөж буй олимпийн нээлтийн шууд дамжуулалтаас нь ч харагдлаа гэсэн байр суурийг цөөнгүй хүн цахим орчинд илэрхийлсэн харагдсан. Оросын зарим телевиз хөрш орнуудынхаа тамирчдыг олимпийн нээлт болж буй танхимд ороод ирэхэд харуулаагүй, реклам цацаад өнгөрсөн, Украин, Монголын тамирчдыг лав үзүүлсэнгүй гэх мэт сэтгэгдэл сошиалд хөвөрнө лээ. Өнгөрсөн зун шиг санагдаж байна, манай улсад корона гараагүй, хойд хөршид халдварын тохиолдол хэцүүдсэн үед Оросын төв телевизээр “Монголд тарваган тахал гарсан, тэнд дэгдсэн тарваган тахал манай Тува энэ тэр рүү орж ирэх эрсдэл байна” гэсэн утгатай мэдээлэл цацагдсан удаатай.Тэр мэдээний өнгийг тухайлаад анзаарахаар ер нь халдварт өвчин Монголоос л орж ирдэг гэсэн мессэж тод харагдахаар байсан тухай учир мэдэх нэг эрхэм онцолж бичсэн байж билээ.

Энэ удаа шатахууны экспортыг зогсоох тухай яриа хөөрөө яагаад гарсан юм бол, бид тэдний таалалд яг юугаараа яагаад нийцэхгүй байна вэ гэх мэт өчнөөн асуулт өнөөхөндөө ямар нэг хариугүй байна л даа. Магадгүй өнгөрсөн зургадугаар сард болоод өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, шинэ Ерөнхийлөгчийн барих гэж буй бодлого хандлага таалагдаагүй байж мэднэ. Бүр өөр шалтгаан ч байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч хойд хөрш зүв зүгээр сууж байгаад нефтийн экспортоо нэг, магадгүй бүр гурван сараар зогсооно гэж яриад суух улс биш. Оросын Гадаад яамны Азийн газрын хөрш орнуудыг буюу Монголыг хариуцсан хэлтэст ажилладаг эрхмүүд насаараа Монголыг айхавтар судалсан, Монгол гэдэг улсыг нэвт шувт мэддэг мэргэшсэн дипломатчид байдаг. Гэтэл манай Гадаад яамны Оросыг хариуцсан мэргэжилтэн ямар түвшинд яаж бэлтгэгдсэн бол? Өөрсдөөсөө асуух л асуултын нэг. Хойд хөрш, хөрш орныхоо амин асуудал болсон нефтийн экспортоо зүгээр ч нэг зогсооно гэж ярих улс биш гэдгийг хэлэх гээд сэдвээсээ хазайчихлаа.Одоо гол сэдэв рүүгээ оръё.Хэрвээ хойд хөрш нефть экспортоо түр зогсоовол нефть импортлогчид Хятад гэх мэт өөр гарц хайж таарна.Хайгаад эхэлчихсэн ч байх. Цаадуул нь урт хугацааны гэрээгүй учраас бэлэн мөнгөөр шууд худалдан ав гэх мэт өндөр шаардлага тавих байх. Урд хөршид шатахуун үнэтэй байдаг гэх мэт шалтгаанаар нэлээд өртөг үнэтэй шатахуун импортолж таарах болов уу.Долларын ханш тогтвортой байна гэсэн таамаг ийм шалтгаанаар эвдэгдэхийг өнөөхөндөө үгүйсгэхэд хэцүү.

Ер нь манай улсын хувьд ам.долларын ханшийг урт хугацаанд нь таамаглахад төвөгтэй. Учир нь манай ханш онолоороо явдаггүй. Суурь, макро хүчин зүйл гэхээс илүү жижигхэн асуудал, шалтгаанаас болоод савлачихдаг онцлогтой.Хил хаах, Засгийн газраас буруу арга хэмжээ авсан гэх мэт элдэв шалтгаанаас болоод ханш савладаг жишээ өнгөрсөнд өчнөөн.ОХУ нефть экспортоо түр зогсоож шатахууны үнэ огцом өсөхөд ч юмуу хилийн худалдааны нөхцөл байдал хэцүүдэхэд долларын ханшид шууд утгаараа нөлөөлдөг.Урд хөрштэй дажгүй сайн ойлголцож Гашуунсухайт нээгдвэл байдал тэгтлээ хурцдахгүй байх боломжтой ч шатахууны ханш огцом өсвөл төгрөг суларч, доллар чангарах нь жамын асуудал болж хувирна.Гашуунсухайт нээгдэхгүй удвал ханшид бүр ч хүчтэй ташуур өгөх нь хэтэрхий тодорхой асуудал. Монголбанк гадаад эдийн засгийн макро үзүүлэлт сайн учраас санаа зоволтгүй гэсэн утгатай мэдэгдэл хийж байгаа л даа. Гэхдээ шүдэнз зурах төдий жаахан өөрчлөлт гарахад л ханш нь савладаг онцлогтой зах зээлтэй улс гэдгээ анзаарахгүй орхиж болохгүй.

Инфляцийн тухайд төв банк зургаан хувьд барина гэсэн зорилттой явсан. Зургаан хувьд барих ямар ч боломжгүйг Монголбанкны ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөд найман хувиас хэтрүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн харагдана лээ. Энэ янзаараа бол оны сүүл гэхэд инфляци хоёр оронтой тоо руу өгсөх эрсдэл өндөр харагдаж байна.Найман хувиас хэтрэхгүй гэсэн таамаглал үнэмшилгүй сонсогдоод байгаагийн цаад шалтгааныг тоочъё гэвэл өчнөөн кейс бий. Наад зах нь импорт урд хил дээр гацсан хэвээр байвал яах вэ, цаашдаа хилийн гацаа хорио үүсэхгүй гэх баталгаа бий юү гэсэн асуултад өнөөхөндөө хэн ч эерэг хариу хэлж чадахгүй яваа. Үүнээс үүдсэн одоогийн зовлон гэхэд л барилгын материалын үнэ огцом өсчихсөн. Импортолж хэрэглэдэг өргөн хэрэглээний элдэв бараа, машин техникийн үнэ мэдрэгдэхүйц нэмэгдчихсэн. Энэ жил ковидоос болж барилга байшингийн ажил сүрхий ахисангүй. Ирэх хавраас барилга бүтээн байгуулалтын ажил эхэлж таарна.Тэр үед үнэ нь огцом өссөн материалаар барьсан барилга, орон сууцны үнэ хэдэн хувиар өсөх бол.Ингээд харахаар оны сүүл хүртэл инфляци өснө гэсэн таамаглал дээр “Дараа жил ч инфляци төв банкны ерөнхийлөгчийн толгойны өвчин хэвээр байна” гэсэн тодотгол нэмэгдэж байна.

Өнөө жилийн зовлон биш ч гэлээ ирэх хоёр, гурван жилдээ Ерөнхий сайдын толгойг өвтгөх нэг асуудал бий.Тэр нь улсын төсвийн алдагдал.Төсвийн хувьд манай улс өнгөрсөн хоёр жилийн турш байгаа бүх боломжоо шавхлаа.Улсын төсөв байтугай төрийн өмчит үйлдвэрийн газруудынхаа нөөцийг ч шавхчихсан суугаа.Захын жишээ гэхэд л “Эрдэнэт” үйлдвэр байсан бүх мөнгөө өгчихсөн.Товчхондоо янз бүрийн асуудал гарч мөнгө хэрэг болоход төсөвт нэмэлт мөнгө байхгүй гэсэн үг.Цар тахлын үеийн төсвийн хоёр жилийн алдагдал нийлээд найман их наяд төгрөгт хүрээд байгаа.Энэ аварга алдагдлын үр дагавар нь энэ онд биш ирэх жилүүдэд гарна.

2022, 2023 онд төсвийн өндөр алдагдлын горыг улсаараа амсах нь тодорхой болсныг тухайлж онцолъё. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ирэх сар, жилүүдэд нэг том зовлон бий.Гадаад худалдаа хэвийн явбал асуудалгүй, өнөөгийн янзаараа гацсан, хаагдсан хэвээр байвал бизнес нь хумигдах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь өндөр өртөгтэй байх, төлөвлөсөн ажлууд нь гацах гэх мэт өчнөөн асуудал ургана.Гадаад худалдаа асуудалтай хэвээр байвал улсын төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа компаниудад хүндхэн тусна.

Бараа материалаа авч чадахгүйгээс болж төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь хийж амжихгүй, хугацаанд нь хийхгүй бол улсын төсвөөс санхүүжилт авч чадахгүй.Ингээд харахаар нэг нэгэндээ тээглэсэн зэлтэрийн гацаа шиг асуудал бэрхшээлүүд нүдний өмнө хөвөрч байна.

Экспортын тухайд дахиад хил хаах гэх мэт эрсдэл үүсэхгүй бол нүүрсний экспортоо төлөвлөсөн хэмжээндээ хийчих байх. Зэсийн худалдаа боломжийн, үнэ нь ч 9000 ам.доллараас буухгүй болов уу гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байгаа. Уул уурхай эдийн засгийг авч яваа гэсэн үгийн цаад утга энэ л дээ. Өнөөхөндөө бидэнд нүүрс, зэсээс өөр том аврал алга гэдгийг эндээс харчихаж болно. Цар тахлын үед эдийн засгаа сэвхийлгэе гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхаарч, реформ хийх хэрэгтэй гэж эдийн засагчид зөвлөсөөр байна. Харамсалтай нь өнөөдрийн Засгийн газарт ийм сонирхол, тийм хүсэл алга. Гадаадын хөрөнгө оруулалт дээр гэхэд л яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үлбэгэр дүр төрхтэй гэлдэрч яваа нь нуугаад байх юмгүй ил үнэн.Огт мөнгөгүй нөхөр гэнэтхэн нэг наймаа хийж мөнгөжөөд байгаадаа ханаад суучихдаг шиг дүр зургийг Монголын Засгийн газраас харсаар лав арав гаруй жил боллоо. Монгол Улс 2009, 2010 онд уул уурхайн баялгаасаа баахан мөнгө олж, эдийн засаг нь огцом тэлсэн.Огцом тэлсэн гэдэг нь тэр үеийн тоо сэлттэй харьцуулсан тодотгол гэдгийг онцолъё. Олон улсын түвшинд ямар вэ, эдийн засгийн тэлэх боломжоо бүрэн ашиглаж чадсан уу гэсэн өнцгөөс харвал жижигхээн өсөлт. Тэр жижиг өсөлтдөө ханаад цадчихсан учраас хөгжлийнхөө дунд түвшинд гацчихаад байгаа нь нууц биш л дээ. Хатуухан хэлэхэд, дараагийн реформ, дараагийн өсөлтийнхөө төлөө яах ёстой вэ гэсэн асуулт тавиад эрчтэй ажилласан засаг өнгөрсөн арван жилд байсангүй.Энэ хайнга байдлыг учир мэдэх улс “Эдийн засгийн маш буруу, ирээдүйгээ хорлосон бодлого” гэж шүүмжилдэг. Эцэст нь хэлэхэд, Засгийн газар реформ хийх ёстой, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой, өнөөдөртөө болоод байгаа ч дунд хугацаандаа эдийн засгаа алж байгаа дүлий дүйнгэ хандлагаасаа салах ёстой. Энэ янзаараа явбал цэвэрлэх байгууламж, Дарханы зам гэсэн хоёрхон төсөлтэй 2024 оны сонгуультай золгох байх.Төгсгөлд нь хэлэхэд, долларын ханш тогтвортой, инфляци найман хувиас хэтрэхгүй гэсэн үг чинь яг өдийд худлаа сонсогдоод байна, Төв банкны ерөнхийлөгч өө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *