Categories
мэдээ нийгэм

Инфляци буурсан үзүүлэлттэй гарчээ

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Өнгөрсөн оны турш эдийн засаг хямарлаа, аж амьдрал хэцүүдлээ хэмээн мэдээлсээр ирсэн ч инфляци эрс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Хоёр оны заагт улс орны хэмжээнд инфляци 1.9 хувьтай гарчээ. Инфляци буюу хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2015 оны арванхоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, оны эхнээс 1.9 хувиар өсчээ. Инфляци буурахад мах, махан бүтээгдэхүүний хямдрал нөлөөлснийг ҮСХ-ныхон онцлов.

Харин арваннэгдүгээр сараасаа ялимгүй өсөлттэй гарахад боловсролын үйлчилгээ, хувцас, бөс бараа, гутлын болон орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ бага зэргийн нэмэгдсэн нь нөлөөлжээ. Инфляцийн түвшинг оноор нь гаргавал 2013 онд 11 хувь, 2014 онд 12.3 хувьтай байсан юм.

ҮСХ-ноос гаргасан мэдээллээр Монгол Улс 2015 онд дэлхийн 147 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8466.6 сая ам.доллар, үүнээс экспорт 4669.5 сая ам.доллар, импорт 3797.2 сая ам.долларт хүрчээ. Энэ нь дээрх үзүүүлэлтүүд 19.1-27.5 хувиар буурсан гэсэн үг юм. Экспортын бууралтад нүүрс, газрын тос, төмрийн хүдэр, зэсийн экспорт нөлөөлсөн бол импортын бууралтад хилээр оруулж ирсэн бензин, суудлын автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн тоо буурсан нь голлон нөлөөлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *