Categories
мэдээ цаг-үе

Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд “Инээмсэглэл-Эерэг хандлага” нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Тус төвөөс олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сурталчилж, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдэд нийгмийн эрүүл мэндийн бүхий л сэдвээр мэдээлэл өгч, алба хэлтсүүд нь үйл ажиллагаагаа танилцуулж, эрүүл мэндийн боловсрол олгох гарын авлагуудаар үзэсгэлэн дэлгэсэн юм.

Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.


-Хүн инээхэд бие болоод сэтгэл зүйд нь ямар эерэг өөрчлөлт гардаг вэ?

-Чин сэтгэлээсээ инээж байгаа хүний сэтгэл санаа, бие махбодод эерэг өөрчлөлт гардаг. Агшчихсан байсан булчингууд тэлдэг. Тэлснээр цусны эргэлт сайжирч бодисын солилцоо нэмэгддэг. Үүнийг дагаж инээсэн хүний сэтгэл санаа өөдрөг болно. Гэхдээ чин сэтгэлээсээ инээж байгаа хүн, хуурамчаар инээж байгаа хүний хооронд ялгаа их. Чин сэтгэлээсээ инээж байгаа хүний бүх булчин ажилладаг. Хүн чин сэтгэлээсээ инээхэд нүдний хоёр талд байдаг муурын үрчлээ гэж нэрлэдэг үрчлээ гарч ирнэ. Ингэснээр нүүрний бусад булчин ажиллаж эхэлдэг. Хуурамчаар инээж байгаа хүний зөвхөн амны гурвалжин булчин буюу ам, хамар, уруулын булчин хөдөлдөг.

-Инээмсэглэцгээе гэж уриалаад байдаг. Гэтэл манай нийгэмд инээмсэглэх арга алга, шалтгаан алга гэцгээдэг. Тэгэхээр “Инээе, инээмсэглэцгээе” гэдэг нь нэг талаар их хэцүү шаардлага болчихоод байна уу даа?

-Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эерэгээр хардаг. Юмыг эерэгээр харсан хүн инээдэг. Бүх юмыг буруугаар хардаг хүн ууртай. Жишээ нь, хүнтэй мэндлэхэд инээмсэглээд “Сайн байна уу” гэх, эсвэл зүгээр л “Сайн уу” гэж хэлэх нь хоёр өөр сонсогддог. Хэн нэгэн хүн өөртэй нь инээмсэглээд “Сайн байна уу” гэж мэндлэхэд тэр өдөржингөө өнөөх хүний инээмсэглэсэн царай нүдэнд харагдаж, эрч хүчтэй, гоё энергитэй явдаг. Тийм учраас Эрүүл мэндийн яамнаас “Инээмсэглэл-Эерэг хандлага” гэж уриалж байгаа. Инээмсэглэсэн хүн эерэг хандлагатай. Муу муухайг харсан хүн инээхгүй. Чин сэтгэлээсээ инээж байгаа хүн муу муухайг харахгүй. Инээд нь хүнд бүхэл өдрийн эрч хүч өгдөг учраас ийнхүү уриалаад байгаа юм.

-Инээдийг хэвшүүлэх гэж байх уу. Өдөрт хичнээн удаа инээвэл зүйтэй вэ. Инээхийн тулд яах ёстой вэ. Яавал нүүрэндээ инээмсэглэл тодруулах вэ. Та аргуудаас нь зааж өгнө үү?

-Хандлагаа л өөрчилнө. Тухайн хүн хандлагаа л өөрчилж байж инээнэ. Бүх харах өнцөг нь эерэг хүн инээмсэглэж явдаг. Бүх юмыг муухайгаар харахгүй гэсэн үг. Жишээ нь, нэг хүн ууртай байвал “Энэ ууртай, муухай хүн” гээд өөдөөс нь ижилхэн уурлаад хэрэлдэхгүй гэсэн үг. Хэрвээ тэр ууртай байгаа хүнтэй хэрэлдвэл бүр л асна. Харин тэгэхийнхээ оронд “Энэ минь хөөрхий ажилдаа түүртжээ. Үүнийг ойлгоё” гээд “Уучлаарай, ах аа, эгч ээ” гээд өнгөрөөчихвөл нөгөө асч байсан хүн чинь намдана. Тийм учраас хандлага, харах өнцгөө өөрчилчих. Харах өнцгөө өөрчилсөн хүн инээмсэглэлээр дүүрэн байдаг. Үйлчилгээний байгууллагын жишээн дээр л гэхэд үйлчилүүлэгч орж ирэхэд “Та сайн байна уу, юугаар туслах вэ” гээд инээмсэглэн угтах, “Та наанаа суугаад хүлээж бай” гэх хоёр огт өөр. “Сайн байна уу, та наашаа суучих” гээд өөдөөс нь хараад инээмсэглэхэд ямар ч үйлчлүүлэгчид таатай сэтгэгдэл төрнө. Өвчтөн, хэрэглэгч гэдэг талаас нь биш хүн гэдэг талаас нь харвал тухайн хүн бүх юмаа уудалж ярина, бүх зовлонгоо хэлнэ. Анх угтахдаа л таагүй сэтгэгдэл төрүүлбэл “Энэ ч дээ, намайг ойлгох хүн биш байна” гэж бодоод өнгөц харилцаад л яваад өгчихнө.

-Танай төвөөс инээмсэглэлийн чиглэлээр судалгаа явуулж үзсэн үү. Хотод хүмүүс их инээдэг үү. Хөдөө их инээдэг үү. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль нь их инээдэг вэ гэдэг ч юм уу?

-Тийм судалгаа байхгүй. Харин стресс, уур бухимдал дээр манайх судалгаа явуулсан. ДЭМБ-ын 2010, 2013 онд явуулсан “Стресс бухимдалд өртөж байгаа байдал болон хүчирхийлэлд өртөж байгаа байдал” гэсэн судалгаа л бий. Түүнээс биш инээмсэглэлтэй холбоотой судалгаа одоогоор алга.


-Монголчууд инээмсэглэж байгаа хүнийг “Чи юундаа инээгээд байгаа юм. Намайг шоолоод байна уу”, “Юундаа тэнэг юм шиг ганцаараа инээгээд байгаа юм”, “Ямар хэрэг хийчихээд худлаа инээгээд байгаа юм”, “Худлаа инээсэн зальтай царайтай” гэдэг. Нэгнээ инээмсэглэхэд дагаж инээмсэглэдэггүй?

-Манай монголчууд ерөнхийдөө инээх дургүй хүмүүс байдаг. Төв царайтай гэх юм уу даа. Сүүлийн үед стресс, бухимдал их, нийгмийн хандлага дандаа сөрөг байна. ДЭМБ-аас зөвлөж байгаа. Сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн бүх асуудал сэтгэлээ нээхээс эхэлдэг. Сэтгэлээ нээсэн хүн тэр яриагаа инээгээд дуусгадаг. Тийм учраас сэтгэл гутрал, сэтгэлзүйн тулгамдсан асуудлаас сэргийлэхийн тулд өөрийгөө нээ, нээлттэй ярилц. Манай монголчууд хүнд муугаа үзүүлэхгүй гээд тулгарсан асуудлаа хүнд ярьдаггүй, ярилцахаа больсон байна. Өсвөр насны хүүхдүүдээ сонсохоо больчихсон байна. Материаллаг зүйл дээр илүү анхаардаг болсон байна. Эцэг, эх нь “Чи юугаар дутсан гэж ийм буруу юм хийсэн юм бэ, би чамайг юугаар ч дутаагаагүй байх шүү, яагаад ингэчих вэ” гэдэг. Тэгэхээр өсвөр насныхан өөрийг нь сонсдог найз нөхдөдөө ярьдаг. Яагаад вэ гэвэл “Аав ээжид хэлбэл намайг ална, тална” гэж айдаг. Өсвөр насны хүүхдүүдтэйгээ нээлттэй ярилцдаггүй чинь монголчуудын хамгийн дутагдалтай тал. Аяндаа энэ том хүн болно гээд зөнд нь хаячихдаг. Бага насны хүүхдээ эрхлүүлээд хайрлаад хөтлөөд явж байгаад нэгдүгээр ангид оруулаад тавдугаар анги хүртэл нь анхаарч байгаад өсвөр насанд ирэнгүүт нь тоохгүй хаячихдаг. Ярилцдаггүй хүний хэл яриа хөгждөггүй, сэтгэлзүйгээ илэрхийлж чаддаггүй, ууртай бухимдалтай хүн болдог. Тийм болохоор мэргэжлийн хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр нээлттэй ярилцаач ээ гэдэг. Нээлттэй ярилцахын тулд наад смарт утсаа оролдохоо боль. Гэр бүлдээ амьд харилцаа бий болго. Амьд харилцаа бий болго гэхээр манайхан өөдөөс мөнгө төгрөг яриад “Хамт кино үзэх гэхээр мөнгө алга” гэдэг. Амьд харилцаа гэдэг чинь ерөөсөө л ярилцах. Хөгжилтэй явдлаа ярилцах, хүүхдийнхээ бага насны тухай, хүүхэд тань хэдэн кг жинтэй төрж байсан юм, яагаад хүүхдэдээ тийм нэр өгөх болсон юм гэдгийг өөрт нь аав ээж нь ярих нь хүүхдэд их гоё мэдрэмж төрүүлнэ. Тэр мэдрэмжийг хүүхдэдээ өгч чадсан эцэг, эх гэр бүл ууртай бухимдалтай, бусдыг боддоггүй зөвхөн амиа боддог бэртэгчин зангаас аврагддаг. Монголчуудад хүүхдүүдтэйгээ ярилцдаггүй цаг нь их. Найзыгаа сонсоод байдаг, аав ээжийгээ сонсоод байдаг. Тэгсэн хэрнээ өөрийнхөө хүүхдүүдийг сонсдоггүй. Бусдын төлөө яваад байгаа мөртлөө гэр бүлийн дотны хүмүүс бүр эхнэр, нөхрөө мартчихдаг. Гэтэл нөхөр, эхнэр нь өөр хүнтэй илэн далангүй ярилцаад эхэлдэг. Бид яагаад гэр бүлдээ ярилцаж болдоггүй юм бэ. Таван ам бүлтэй айл байлаа гэхэд яагаад тавуулаа сууж байгаад ярилцаж болдоггүй юм бэ. Өнөөдөр юу юу болов гээд асуучихдаггүй. Тойрч суугаад хоолоо идчихдэг айл ховор болсон. Ажил ихтэй. Нөгөөдөх нь оройтож ирээд өөрт нь үлдээсэн хоолыг халааж идчихээд юу ч ярихгүй унтчихдаг. Ийм амьдралаа болиоч ээ гэдгийг хэлье.

-Хүн инээмсэглэхгүй удвал ямар сөрөг өөрчлөлтүүд гарах вэ?

-Сэтгэл гутралд орно. Ганцаараа байхыг илүүд үзнэ. Сэтгэл гутралд ороход маш олон сөрөг шинж илэрдэг. Нойргүйднэ, архи дарсанд орно. Би хэнд ч хэрэггүй амьтан мэтээр өөрийгөө бодож эхэлнэ. Энэ бол анхны шинж тэмдгүүд.

-Инээдэггүй, байнга хөмсөг зангидсан ууртай царайтай хүмүүс байдаг. Тэд юу бодвол инээх вэ?

-Хайртай, дотны хүнээ бодоход л хүний нүүрэнд инээмсэглэл тодордог. Ээж хүн хүүхдээ бодоход инээмсэглэдэг. Эмэгтэй, эрэгтэй хүн хайртай хүнээ бодоход инээмсэглэдэг. Хөгжилтэй үеүдээ дурсахаар инээхгүй ч гэсэн аяндаа хүний нүүрэнд инээмсэглэл тодордог. Уур бухимдалтай үедээ энэ аргыг ашиглавал тухайн хүний сэтгэл тайвшралд өртөөд ярзайтлаа инээхгүй ч инээмсэглэл тодруулж байдаг. Та хэрвээ инээж чадахгүй байгаа бол хайртай хүнээ, хүүхдээ найман удаа тэвэр гэдэг.

-Өдөрт үү. Нэг дор уу?

-Өдөрт. Найман удаа тэвэрч чадахгүй бол хайртай хүмүүс зүгээр л гарынхаа аль нэг хэсгээр шүргэлцэх төдийд л хайрын гормон ялгараад аяндаа хайрлах сэтгэл төрөөд инээмсэглэдэг. Тиймээс хайртай дотны хүнтэйгээ гар барихад, зүгээр биед нь хүрэхэд л сэтгэл тайвширч, инээмсэглэл тодордог. Ярихгүй ч гэсэн ингэж хүрэлцэхэд тийм эерэг өөрчлөлт явагддаг. Тиймээс ДЭМБ-аас “Өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах боломжгүй бол тэвэр” гэж байгаа юм. Зүгээр л тэднийгээ тэвэр.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *