“Stand up comedy” гэдэг нь ерөөсөө үзэгчдийн өмнө хошин шог, онигоо ярьж хүмүүсийг инээлгэдэг урлаг юм. Stand up гэдэг нь зогсоогоороо номероо үзүүлнэ гэсэн утгатай ч зарим нь суучихсан ярьж байдаг. Энэ урлаг амархан эд биш ээ.
Үзэгчдээ зогсоо зайгүй инээлгэж, “элгийг нь хөшөөнө” гэдэг хэр баргийн хүний хийгээд байдаг ажил биш. Ялангуяа тайзан дээрээс. “Stand up сomedy”-г зарим хүмүүс дуу хөгжимтэй адилтгадаг. Тэр дундаа жазз хөгжимтэй зүйрлэдэг. Тус урлаг баруунд үүсээд, ялангуяа Англид хүчтэй хөгжиж Орос, Америкт тархсан. Сүүлийн үед Азид ихээр хөгжиж байгаа юм. Монгол Улсад “Stand up comedy” 2014 оноос орж ирээд өдгөө асар хурдацтай хөгжиж байна. Ази тивдээ манай улс хөгжлөөрөө хамгийн хурдацтай нь байгаа юм. Тэгвэл бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа “Stand up сomedy”-гийн шинэхэн клуб болох “Comedy Lab”-аас бэлтгэлээ. Тэд Монголын анхны комеди клуб болох UB Comedy-гаас өрх тусгаарлан шинэ клубээ нээгээд хагас жил ч болоогүй байна. Одоогийн байдлаар комедиан Хану буюу ч.Хантүмэн, Б.Гантулга, хар төөгөө буюу Б.Төгөлдөр, Ганга, Амартүвшин, н.Амаржин нарын бүрэлдэхүүнтэй байна. Хүмүүсийг инээлгэж баяр баясал өгдөг буянтай залуус маань Peace Tower-ийн 15 давхарт шинэ байранд оржээ. Биднийг клубийн захирал Д.Амартүвшин угтаж авсан юм. Клубийн шатаар өгсөж байхад улаан хөшгөөр хана таазаа тохижуулсан харагдана. Энэ нь “Stand up comedy”-гийн хуучны хэв загвар аж. Энд үргэлж эерэг энерги ялгарч байдаг учраас цаанаасаа л дотно мэдрэмж угтаж авсныг нуугаад яахав. Залуучууд нь ч нээлттэй, зөв бодолтой юм билээ.
Биднийг хөшигний арын өрөөнд ороход комедиан Амартүшин “Өрөө маань бүрэн тохижиж амжаагүй байгаа шүү” хэмээн учирлаад буйдан дээр суухыг урив. Бид тус клубийн хэтийн төлөв болоод өөр олон сэдвийг хөндөж суув. “Comedy Lab”-ын Лаб гэдэг нь лаборатори гэсэн үгний товчлол юм байна. Тэгэхээр энэ клуб инээдмийн лаборатори байх нь. Тийм ч биз. Клубийн хаалган дээр тус клубийн залуусын цагаан халаттай зураг томоос том өлгөөтэй харагдана. Түүнчлэн “Бид инээдийг найруулна” гэх уриатай. Мөн барны цэс нь д.Менделеевийн үелэх системийг дуурайлган кодолчихсон харагдав.
Te гэдэг нь Tequila, Be нь Beer гэх мэт. Энэ мэт өвөрмөц сэтгэдэг залуус энэ клубт байдаг. Нойлын өрөөнд нь алдарт Мэрилин Монро-гийн зураг өлгөөтэй байх жишээний. Утга нь учир битүүлэг. Тэдний анхны тоглолтын баннер нэлээдгүй шуугиан болж, сошиалаар тэд шуугианы эзэд болсон. Reborn гэх нэртэй нүцгэн зургаа сошиалд тавьж маркетинг хийсэн нь тэдний сэтгэхүй хэр задгай вэ гэдгийг харуулж байгаа юм. Хандалт авч чадсан уу, чадсан. Гол санаагаа 1990-ээд оны Америкийн “Next top model” тэмцээнд оролцогч эмэгтэйчүүдийн зургаас санаа авсан байгаа юм. Биднийг ийн ярилцаж суухад комедиан Б.Гантулга орж ирсэн юм. Олноо Тулгаа гэж танигдсан тэрээр Оюу толгойд цахилгааны инженер хийдэг гэнэ. Үргэлжлүүлэн бид комеди урлагийн талаар хөөрөлдлөө.
КОМЕДИАНЧУУДЫН ХАМГИЙН ТОМ АЙДАС НЬ ХҮМҮҮСИЙГ ИНЭЭЛГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ЯВДАЛ
Комедианчуудыг нэг үгээр зохиолчид гэж хэлж болохоор. Ярих зүйлээ эхлээд цаасан дээр буулгаж, цэгцэлдэг. Тэгээд хошигнолоо төгөлдөржүүлэх ажилдаа ордог байна. Шинэ инээдтэй санаа, хошигнолууд олсон үедээ цаасан дээрээ тэмдэглэнэ. Өмнөх тоглолтын бичлэгээ үзнэ. Бүрэн болсон хошигнолынхоо бичлэгийг нийгмийн сүлжээнд цацаж, тухайн түүхээ дахиж тайзан дээрээс ярьдаггүй аж. Комедианчуудын хамгийн том айдас нь хүмүүсийг инээлгэж чадахгүй байх явдал. Тайзан дээр гараад хошигнол ярихад үзэгчид нь гөлрөөд суучихвал хариу үйлдэл үзүүлэх чадвар хамгийн чухал гэнэ. Ер нь комедиан хүн олон удаа тайзан дээр гарах тусам илүү чадварлаг болдог аж. Дээр дурдсанчлан Stand up Comedy бол хөгжимтэй тун төстэй. Учир нь та поп хөгжим сонсдог байж болно, таны найз улаан рок байж болно. Үүнтэй ижил комедиан бүр өөр, өөрийн төрлийн дуучид, хөгжимчидтэй адилхан өөрсдийн гэсэн өнгө аястай. Тэр нь тухайн комедианы ямар амьдралтай, амьдралынхаа ямар үе мөч дээр явж байгаагаас ч мөн шалтгаалдаг байна. Тийм учраас он жил хувьсах тусам комедианы ярьдаг хошигнолууд дагаад өөрчлөгддөг байна. Гэхдээ нийтдээ тэдний ярьдаг сэдэв насанд хүрээгүй хүмүүст зориулагдаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэд өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа хар бараан асуудлыг хошин маягаар илэрхийлдэг. Гэр бүл, улс төр, нийгмийн аж амьдрал уур уцаар, стресс гээд тэр бүгдийг хөнддөг. Гэхдээ хошноор. Тийм ч учраас хүн бүрийн тембер өөр. Комедиан Н.Амаржин гэхэд морь тайлбарлах урлагийг гаргууд эзэмшсэн. Комедиан Д.Ганга хүмүүсийг эерэг байх тал дээр болон жендерийн эрх тэгш байдлыг хөндөж ярьдаг гэх мэт. Энэ талаар комедиан Д.Ганга “Хүн инээлгэсний дараахь тэр таашаал, алдсаны дараахь тэр сэтгэлийн хямрал давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг. Тайзан дээр гарах нь өөрөө маш их том зориг. Тийм учраас манай залуучуудыг тайзнаас элдвээр хэлдэг хүмүүст хэлэхэд энэ их зоригийг нь бас үнэлэх хэрэгтэй шүү” гэсэн юм. Комедианчууд өөр өөрсдийн ажил төрөл, гэр бүлтэй хүмүүс. Үүнийхээ хажуугаар комедиан хийнэ гэдэг ихээхэн хэмжээний энерги, цаг зав, нерв шаардах нь мэдээж. Тус урлаг манайд өдий хүртэл хөгжихөд их түүхийг үзсэн гэдэг. Тайзнаас хөөгдөх, элдвээр хэлүүлэх, бүр эд зүйлс шидүүлж явсан залуус өдгөө Улаанбаатар хотод хоёр том салбар болон өргөжжээ. Бууж өгөлгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байсан залуус одоо нийгэмд тодорхой байр суурь эзлээд, хэлсэн үг нь олон хүнд хүрдэг болсон байна. Тэд “Мэдээж бидэнд дургүй хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүс байгаа учраас стэнд ап урсгал цаашаа хөгжинө гэж боддог шүү. Ялангуяа бид “доллар” биш тул бүх хүнд таалагдах албагүй гэж боддог” хэмээсэн юм. Тус клубийн Н.Амаржин энэ сарын эхээр хуримаа хийсэн байна. Д.Амартүвшин “Ингээд найз маань өөрөөсөө асар их мөнгө гарган байж нэг хүний мэдэлд очлоо доо” гэж хөхрөөд “Монгол хүн байна даа дутахгүй мөнгө гаргаж, хуримаа хийх хэрэгтэй дээ манай клубийн залуус” гээд нөгөө хэд рүүгээ ёжилсон байдлаар ширтэв. Биднийг ийн хуучилж суухад аль хэдийнэ тоглолт эхлэх цаг болсон байлаа. Өнгөрсөн лхагва гаригт Ladies Laughing буюу эмэгтэйчүүддээ зориулсан комеди үзүүлбэрийг тайзан дээрээс толилуулахаар бэлджээ. Долоо хоног бүр энэ арга хэмжээ болдог гэнэ. Тэд энэ өдрийг зөвхөн эмэгтэй комедианууд тайзан дээр гардаг өдөр байлгахыг зорьж байгаа аж. Гэвч одоохондоо эмэгтэй комедиануудын чадвар нь бүрэн гүйцээгүй, нялхаараа байгаа учраас туршлагатай комедианчидтай хамтран шоугаа хийж байгаа аж. Монголд өдгөө эмэгтэй комедиан бараг л байхгүй шахуу гэнэ. Комеди, хошигнол бүр эрэгтэй хүний өнцгөөс байгаа болохоор нэг хэвийн болоод байгааг Д.Амартүвшин учирласан юм. Тийм учраас Монголын Stand up Comedy-гийн салбарт эмэгтэй хүн ус агаар шиг хэрэгэй байна гэж хэлээд цонх руугаа ширтэн “Комедиан болох хүсэлтэй, хошин шогийн мэдрэмжтэй бүсгүйчүүд минь манай клуб дээр ирж бидэнтэй холбогдоорой” гэж хэлэн санаа алдсан юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Арга ч үгүй биз. Эмэгтэй хүн тайзан дээр гарч ирээд янз бүрийн зүйлс ярихаар хүмүүс шүүмжилнэ гэж айгаад байгаа бололтой” гэлээ.
ХҮМҮҮС ӨӨРИЙНХ НЬ АМЬДРАЛТАЙ ОЙРХОН ЗҮЙЛ ЯРИХ ТУСАМ ИЛҮҮ ИХ ИНЭЭДЭГ
Энэ талбар бол хүмүүс өөрийгөө хөгжүүлж, комедигоо туршиж үзэх, хүмүүсийг инээлгэх, хэн бүхэнд нээлттэй газар юм. Тиймээс энэ клубийнхан шинэ комедиануудыг төрүүлэхээр хайж эхэлсэн. Комедиан болох хүсэлтэй залууст зориулан тэд мягмар гариг бүр “Vergion Mic” шоуг зохион байгуулж эхэлжээ. Тэр өдөр тайзан дээр дан залуу комедианууд гарч комеди хийдэг юм байна. Түүнчлэн нэг сая төгрөгийн төлөө Stand Up Comedy хийдэг залуусыг хооронд нь өрсөлдүүлэх “Нэг саяын инээд” гэх уралдааныг зарлаж байгаа аж. Тус тэмцээн маргаашнаас эхлэх бөгөөд гурван долоо хоног үргэлжлэх аж. 21 залуу оролцохоор болсон бөгөөд оролцож чадаагүй 20 гаруй залуус үлдсэн гэнэ. Эндээс харахад комедиан болох хүсэл эрмэлзэлтэй залуус хэр их байгааг дүгнэж болох байх. “Нэг сая инээд” шоуны дараа тэд дахин таван хүн элсүүлж цусаа сэлбэх хүсэлтэй гэнэ. Энэ мэтээр ярилцаж суухад хөгжим явж, тоглолт эхлэх болжээ. Бид үзэгчдийн суудал руу шилжлээ. Тайзан дээр интро бичлэг явав. Комедиан болгоныг тайзан дээр гарахын өмнө ийнхүү өөрийг нь танилцуулсан бичлэг явдаг юм байна. Тоглолтын заал 200 гаруй хүний суудалтай бөгөөд бараг дүүрсэн харагдана. Сүүл рүүгээ зарим нь баранд орж чадалгүй буцаж байлаа. Нэг оройны шоу дор хаяж хоёр цаг үргэлжилдэг бөгөөд нэг хүнд дунджаар 30 минут ногддог юм байна. Эхний комедиан Д.Амартүвшин байлаа. Тэрээр “Хэт мэдрэмтгий, эмзэг, тоглоом даадаггүй хүмүүст эвгүй сэтгэгдэл төрж магадгүй” хэмээн сануулаад нэг нэгэндээ саад учруулахгүй байхыг хүслээ. Тэрбээр ихэвчлэн улс төр, философийн чиглэлээр ярьдаг. Харин энэ удаа бэлгийн боловсролын талаар ихээхэн хуучлав. Үзэгчид ч сэтгэл хангалуун амаа чилтэл инээнэ. Зарим нь нулимсаа арчингаа амаа даран нөгөө “савж унана” гэдэг л боллоо. Түүний 30 минут нүд ирмэхийн зуур өнгөрсний дараа Б.Төгөлдөр гарч ирсэн юм. Үзэгчидтэйгээ харьцаж, заримыг нь шоглож, үлдсэнийг нь зоригжуулж, сургаал айлдаж буй ангийн багш шиг л дүртэй хөгжөөж байгаад дуусав. Үзэгчид элгээ хөштөл инээж, зарим нь амаа даран хөхөрсөөр нойлын өрөө чиглэнэ. Ийнхүү тоглолтын уур амьсгал халуухан болоод ирэв. Комедианчуудтай зарим нь үг хаялцаж, үлдсэн нь зүгээр л “татаж унатлаа” инээнэ. Анхны эмэгтэй комедиан ч тайзан дээр гараад ирлээ. Гэрэлтүүлэг тодорч туранхай бүсгүй гарч ирэн бүтэлгүй хайрын романсаа ярьж гарав. Тэгэхдээ бүсгүйчүүдэд зөвлөнө. “Болзоонд явахдаа хэт их гоёод хэрэггүй, заримтай нь долоо хоног усанд оролгүй уулзсан ч болно” гэх мэтээр хошигнож, бүсгүйчүүдийн инээдийг барж, эрчүүдийн хамрыг сартайлгаж орхив. “Тайзан дээрх туршлага, амьдралын хөгжилтэй түүхүүдээ ярих нь комедианчуудын хамгийн том чадвар. Хүмүүс өөрийнх нь амьдралтай ойрхон зүйл ярих тусам илүү инээдэг юм” гэж Д.Амартүвшин бидний хажууд ирж зогсоод зөвлөсөн юм. Түүнийг ийнхүү ярихтай зэрэгцэн Б.Гантулга тайзан дээр гарч ирэн өөрийн амьдралын түүхээ ярьж гарав. Тэрээр өөрийг нь комедиан Ханутай андуурдаг талаар хошуугаа цорвойлгон ярихад л хүмүүс нирхийтэл инээлдээд эхлэв. Хурц үг хэллэг, үгийн баялгаа ашиглан баранд цугласан үзэгчдийг байлдан дагуулах шиг болоод л суудалдаа суусан даа. Дараагийн эмэгтэй комедиан бол Зулаа. Царайлаг гэж жигтэйхэн. Өмнөх долоо хоногт нэлээдгүй алдаа гаргаж, хүн инээлгэж чадаагүйгээ нэлээн гэмшингүй хэлэхэд үзэгчид дэмжин алга ташив. Шинэхэн комедиан маань ч зориг орон үзэгчдээ инээлгэж чадсан юм. Цаашдаа мундаг сайн комедиан болоорой хэмээн үзэгчид урам хайрлан түүнийг үдлээ. Энэ мэтчилэн комедианууд үзэгчдээ инээлгэж, хөгжөөн энэ өдрийн тоглолт дууссан юм.
Подвалиас эхэлсэн “Stand up Comedy” өдгөө Монголын хамгийн их үзэгчтэй урлагийн нэг болжээ. Дуртай зүйлээ сонирхлоороо хийж буй залуус өдгөө улам илүү хөгжлийн төлөө зорьж явна. Тэдний дараагийн бай бол гадны улс руу гарч англи хэлээр комеди хийх. Ингэснээр гадны зах зээл нээгдэх бүрэн боломж энэ салбарт байгаа юм. Түүнчлэн тус клубийн Н.Амаржин англи хэл дээр бүрэн хошигнож чаддаг аж. Комедиан залуучууд өөрсдийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ийнхүү амьдарч явна. Тэдний нэг өдрийг сонирхуулахад ийм байна.