Индонез Улс энэ сарын 9-ний өдрөөр авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, ирээдүйн зорилтоо тодорхойлох баярын өдөрлөг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд тус улсын Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүс оролцсон байна.
Ерөнхийлөгч Жокови Видодо тус улсын хууль сахиулах байгууллагууд энэ онд авлигатай тэмцэх чиглэлд амжилттай ажилласан гэж дүгнэв. Засгийн газрын мэдээллээс үзэхэд тус улсын хууль сахиулах байгууллагууд 2016-2017 онд 3.55 их наяд энэтхэг рупи буюу 5.5 сая ам долларыг авлигын хэргээр гадагш гарахаас урьдчилан сэргийлж чадсан аж.
Ерөнхийлөгч Жокови мөн тус улс авлигатай тэмцэх салбарт хамгийн амжилттай ажиллаж буй орнуудын нэг бөгөөд 2004 оноос хойш 12 мужийн захирагч, 64 хотын захирагчийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан нь үүний баталгаа юм гэжээ. Түүнчлэн тэрээр өнөөг хүртэл олон тооны өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдон шалгагдсаар байгаа нь цаашид авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатайг харуулж байна гэж нэмж хэлэв.