Монгол Улс 2018 оны эхний найман сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 8 дугаар сард экспорт 554.6 сая америк долларт, импорт 536.3 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 27.4 (4.7хувь) сая америк доллараар буурч, импорт 118.8 (28.5 хувь) сая америк доллараар өссөн байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 195.6 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 62.3 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 229.2 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 204.7 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 157.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.
Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.4 хувийг эзэлж байгаа бол импортын 66.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.