Categories
мэдээ нийгэм

Илүүдэл жинтэй хүүхдийн тоо арав дахин нэмэгджээ

Image result for Илүүдэл жинтэй хүүхэдДэлхий дахинд илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо сүүлийн 40 жилийн хугацаанд 10 дахин нэмэгдсэнийг “Ланцет” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайлан харууллаа.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, дэлхий дахинд хэт тарган 124 сая хүүхэд байна. Их Британид л гэхэд 5-18 насны 10 хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна.

Мэргэжилтнүүд хэлэхдээ “Илүүдэл жинтэй хүүхдүүд олширч байна гэдэг нь илүүдэл жинтэй бөгөөд таргалалтаас улбаатай янз бүрийн өвчтэй насанд хүрэгчдийн тоо олширно гэсэн үг” гэжээ.

“Ланцет” сэтгүүлийнхэн “Илүүдэл жинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан илүүдэл жинтэй хүмүүсийн талаар судалгаа хийсэн байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудын нэг болоод буй хэт таргалалттай тэмцэх арга замуудыг олох зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний энэ өдөр “Илүүдэл жинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.

Илүүдэл жинтэй холбоотой өвчин эмгэгээ эмчлүүлэхийн тулд дэлхий нийт 2025 оноос жил бүр 920 тэрбум фунт стерлингээс багагүй мөнгө зарцуулдаг болохоор байгааг энэ судалгаагаар мөн тогтоожээ.

Судлаачдын үзэж буйгаар, хямд үнэтэй бөгөөд олдоцтой түргэн хоолыг, тухайлбал хачиртай талх болон хийжүүлсэн ундаа зэргийг бараг өдөр тутам идэж уух болсон нь илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо олшироход хүргэж буй гол хүчин зүйлсийн нэг аж.

Зүүн Азид илүүдэл жинтэй өсвөр насны хүүхдүүдийн хамгийн тоо их нэмэгдсэн байна. Ялангуяа, Хятад болон Энэтхэгт сүүлийн хэдэн жилийн хугацаанд ийм хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ.

Дэлхий нийтэд энэ “эрчээрээ” хэт таргалалттай хүмүүсийн тоо нэмэгдсээр байвал тун удахгүй илүүдэл жинтэй хүмүүсийн тоо хэвийн болон туранхай хүмүүсийн тооноос давж болзошгүй гэж судлаачид анхааруулсан байна. Илүүдэл жинтэй тэмцэхийн тулд нүүрс ус ихтэй хоол хүнснээс аль болох татгалзаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг ДЭМБ мөн уриалжээ.

Илүүдэл жинтэй тэмцэх хүчин чармайлтын хүрээнд одоогоор ердөө 20 улс орон л чихэрлэг ундаанд татвар ногдуулаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *