Categories
гадаад мэдээ

Илон Маск хиймэл дагуулын үйлчилгээгээ цаашид Украинд үнэ төлбөргүй ашиглуулах боломжгүйг мэдэгджээ DNN.mn

Илон Маскийн үүсгэн байгуулсан Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ Оросын эзлэн түрэмгийлэгчидтэй тулалдаж буй Украины зэвсэгт хүчинд чухал дэмжлэг болж байгаа.

Өнгөрсөн хугацаанд Маск нийт 25,000 орчим газрын терминалыг Украинд хандивлажээ.

Саяхан түүнийг Украинд ашиглагдаж буй Starlink-ийн терминалуудын урсгал зардлыг төлүүлэх хүсэлтийг Пентагонд гаргасан тухай CNN агентлаг мэдээлсэн байна.

Энэ мэдээллийг цацагдсаны дараа Маск твиттер хуудсандаа Украинд үзүүлж буй үнэ төлбөргүй үйлчилгээ нь хязгааргүй үргэлжлэх боломжгүй талаар тайлбар бичжээ.

“SpaceX өнгөрсөн хугацааны зардлыг нөхөн төлүүлэх гээгүй. Гэхдээ цаашдаа хязгааргүй ашиглуулах боломжгүй” гэж тэр бичсэн байна.

Мөн Украинд ашиглагдаж буй зарим терминалын дата хэрэглээ дундаж айл өрхийн хэрэглээнээс 100 дахин өндөр байгаа тул ийм асуудал дэвшүүлэх “үндэслэлтэй” гэж Маск тайлбарлажээ.

Украинд үзүүлсэн үйлчилгээний зардал нь одоогоор $80 саяыг даваад байгаа ба оны сүүлээр $100 саяд хүрэхийг тэр бас мэдээлсэн байна.

Гэхдээ CNN-ийн мэдээнд Украинд илгээсэн эхний 20,000 терминалын зардлын 85 хувийг АНУ, Польш зэрэг улсууд төлсөн тухай баримтыг дурдсан юм. Бас урсгал зардлын 30 хувийг тэд төлсөн тухай мэдээлжээ.

Харин Маск үүнээс гадна тээвэрлэлтийн, засвар үйлчилгээний, аюулгүй байдлын, харилцаа холбооны зэрэг бусад нэмэлт зардалд сар бүр бараг $20 сая зарцуулагддаг болохыг тайлбарлан бичсэн байна.

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск сүүлийн үед Украины асуудлаар нэлээд шүүмжлүүлж байгаа.

Тэрбээр хэд хоногийн өмнө Крымийн хойгийг ОХУ-ын бүрэлдэхүүнд үлдээж, шинээр нэгтгэсэн дөрвөн бүс нутагт НҮБ-ын оролцоотой санал хураалт дахин явуулсны дараа Украины бүрэлдэхүүнд үлдээх эсэхийг шийдэх замаар дайныг дуусгах санаа дэвшүүлсэн юм.

Түүний энэ санаа Киевийн эрх баригчдыг хилэгнүүлж, Оросын удирдагчдын талархлыг хүлээж байв.

Уг саналаа дэвшүүлэхээс өмнө Маскийг ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсан гэх мэдээлэл цацагдсан ч тэр өөрөө үүнийг няцааж байжээ.

Бас саяхан Илон Маск цөмийн дайн гарахаас сэргийлэх үүднээс Крымийн хойгт украинчууд Starlink үйлчилгээг ашиглах боломжгүй болгосон тухай мэдээ цацагдаж байв. Энэ нь тэр Крымийн хойгийг ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэгийг харуулсан хэрэг юм.

Эх сурвалж: AFP

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *