Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Америкийн тэрбумтан Илон Маск төрөлт буурснаар хүн төрөлхтөн мөхөх эрсдэлтэй тухай сүүлийн үед ярих болсон юм.
Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тэр өнөөдөр хүмүүс хангалттай олон хүүхэдгүй байгаа нь ирээдүйд соёл иргэншил мөхөх шалтгаан болно хэмээн анхааруулж байв.
Хэдхэн хоногийн өмнө Маск төрөлтийн хэмжээ нь сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа Япон улсын ирээдүйд санаа зовж буйгаа илэрхийлсэн юм.
Тэгвэл энэ долоо хоногийн эхээр болсон All-In Summit хаалттай чуулганд оролцохдоо Маск энэ санаагаа дахин илэрхийлжээ.
“Зарим хүмүүс цөөн хүүхэдтэй байх нь байгаль орчинд ээлтэй гэж бодож байна. Энэ бол шал дэмий зүйл. Байгаль орчинд юу ч тохиолдохгүй. Хүн төрөлхтөн одоогийнхоосоо хоёр дахин өссөн ч хямрал үүсэхгүй” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.
Маск цааш нь ярихдаа “Ядаж тоогоо бууруулахгүй байя. Огцом өсгөдөггүй юмаа гэхэд бүгдээрээ насанд хүрэгчдийн живх зүүгээд соёл иргэншлийн төгсгөлийг хүлээх хэмжээнд хүртлээ цөөрөхгүй байцгаая” гэжээ.
Гэхдээ тэр ярьсан зүйлээ батлах ямар нэг тоо баримтыг хэлээгүй байна.
Хөгжиж буй улс орнуудын айл өрхүүд нэгээр цөөн хүүхэдтэй байвал агаар мандалд жил бүр нэмэгддэг хүлэмжийн хийн хэмжээ 58.6 тонноор буурна гэсэн тооцоог Шведийн эрдэмтэд 2017 онд танилцуулж байсан юм.
Гэхдээ өөр хэсэг судлаачид цөөн хүүхэдтэй байхын оронд хүмүүс байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сонговол илүү үр дүнтэй гэж дүгнэж байжээ.
Хэдийгээр өндөр хөгжилтэй, том эдийн засагтай орнуудад төрөлт буурч, хүн амын хөгшрөлт нэмэгдэж байгаа ч дэлхийн нийт хүн амын тоо өсөх хандлагатай байгаа.
НҮБ-ын тооцоолсноор 2019 онд дэлхийн хүн ам 7.7 тэрбум байсан бол 2050 онд 9.7 тэрбумд хүрэхээр байна.
Одоо 50 настай Илон Маскийн хувьд гурван удаа гэрлэж байсан, нийт долоон хүүхэдтэй гэсэн мэдээлэл байдаг юм.
Эх сурвалж: Business Insider