Categories
мэдээ нийгэм

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүллэв

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгууллаа.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг судлан тогтоож, үйл ажиллагааг нь зогсоох, газрыг чөлөөлөх, газрын эрхийг хүчингүй болгох арга хэмжээг авлаа.

Дээрх 40 иргэн, хуулийн этгээдээс 22 нь өмчлөх, 16 нь эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, хоёр иргэн хуулийн этгээдийн нэр дээр газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Зөрчил арилгаж, ил задгай авто худалдаа эрхлэхийг зогсоох тухайн мэдэгдэл хүргүүлснээр долоон иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаагаа зогсоолоо.

Мөн Баянгол дүүргийн Дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК буюу “1000 машины зогсоол”-ын авто худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлсөн.

Мөн шаардлага биелүүлээгүй зургаан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болголоо гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас гаргасан захирамжийн дагуу зориулалтын бус газарт автомашины худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг зохих хууль, журмын дагуу нүүлгэн шилжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад байгаа билээ. Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахлан ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр энэхүү Ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж өнгөрлөө. Хурлын эхэнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнгийн талаар Нийслэлийн Газрын албанаас өгсөн мэдээллийг сонссон бөгөөд төлөвлөгөөний дагуу цаашид авч хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Ил задгай авто машин, болон авто машины тоног төхөөрөмж, тос, тослох материалын худалдаа эрхэлж буй газруудын хөрсний бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 7-9 дахин давсан үзүүлэлттэй байгааг судалгааны байгууллагууд тогтоосноос гадна ойр орчимдоо амьдарч буй иргэддээ маш хортой нөлөө үзүүлж байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар ирсэн билээ. Мөн ил задгай авто машины худалдаа нь төв замуудыг даган байршсан нь Улаанбаатар хотын автомашины түгжрэлийн нэг эх үүсвэр болж байгааг нийслэлийн иргэд мэднэ. Ил задгай авто худалдаа эрхлэгчдийн эзэмшиж, өмчилж буй газар нь авто машины худалдаа эрхлэх зөвшөөрөлгүй буюу орон сууцны, үйлдвэрлэлийн гэх мэт зориулалтаар олгогдсон байсан нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан энэхүү Ажлын хэсгийн шалгалтаар ил болсон юм. Өөрөөр хэлбэл эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж үйл ажиллагаагаа эрхэлж байсан 40 иргэн, аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба дээрх шалтгаануудын улмаас энэхүү Ажлын хэсэг ил задгай автомашины худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг хотоос нүүлгэн шилжүүлэх ажлуудыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийн нэрлэж заншсан 1000 машины зогсоол, АСА циркийн талбайд үйл ажиллагаагаа явуулж байсан ил задгай авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгж, иргэд Газрын албанаас өгсөн мэдэгдлийн дагуу сайн дураараа газраа чөлөөлж байгааг Нийслэлийн Газрын албанаас хуралдааны үеэр мэдээлэлж байсан юм. Баянзүрх дүүргийн 24-р хороо буюу Да хүрээ урд төв зам дагуу байрлах 17 аж ахуйн нэгж, иргэн болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад ил задгай авто зогсоолуудад мэдэгдэх хуудас хүргүүлэн, сонсох ажиллагааг зохион байгуулаад байгаа юм байна. Харин эдгээр иргэд, байгууллагууд хуулийн хугацаанд сайн дураараа газраа чөлөөлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг цуцалж, тухайн газар дээр байгаа автомашинуудыг албадан нүүлгэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч бөгөөд Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *