Categories
мэдээ улс-төр

Ил тодын хуулийг хэлэлцэх явцад хэн юу гэж хэлэв?

Нийгэмд хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлах үүднээс ээлжит бус чуулган зарласан билээ. Ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Уг хууль батлагдсанаар манай улсын эдийн засагт ач холбогдолтой болохыг улс төрийн хүрээнийнхэн онцолж буй. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн хэн нь юу гэж хэлсэнийг хүргэж байна.

Л.Цог: Энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Бүр хүчиндээд шийдье гэвэл улстөрчдийн хэргийг салгах хэрэгтэй. Яагаад УИХ хэлэлцэхгүй гэж буцаасан юмыг дахин, дахин оруулж ирээд байгаа юм бэ?

Д.Дорлигжав: Түрүүчийн орж ирсэн төсөл ямар шалтгаанаар буцаагдсаныг мэдэхгүй. Эдийн засаг, бизнесийн орчинг сайжруулж бодлого боловсруулж, УИХ-д оруулж ир гэж УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу л оруулж ирж байна.

А.Бакей: Энэ хууль батлагдлаа гэхэд үйлчлэх үү. Сайн дураараа нуусан мөнгөө гаргаж өгөх гээд байна л даа. Сайн дурын үндсэн дээр өөрийгөө илчлэх хуулийн үндэслэл байна уу. Мөн орлогоо нуусан хувь хүн, хуулийн этгээд хэр байдаг юм. Энэ хуулийг батлагдсанаар хичнээн хүн орлогоо ил болгох вэ гэсэн судалгаа байна уу?

Д.Дорлигжав: Энэ хууль батлагдвал энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжжэд явах байх. Урьд нь үзүүлсэн татварын хугацаа богино, зарим хүмүүс мэдээгүй өнгөрсөн гэсэн шүүмжлэл гарсан учраас хугацааг нь урт тавих санал гарсан.

Б.Ариунсан: Ил тодын хуулийг баталъя гээд байгаа нь цаанаа учиртай. Эдийн засгийн хямралын хэдэн том компани Монголын хямралыг авч гарахын тулд нуруугаа авахуултал зүтгэж байна. Бүх юмыг тэг балансаас эхлүүлээд өртэйг нь нурууг нь амраагаад, далд байгааг нь хөшүүрэгдээд мөнгөө гаргах боломж олгоё гэсэн зорилготойгоор энэ хуулийг оруулж байна. Энэ хуулийг батлаад өгвөл нэлээд том үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар ийм хэмжээний орлого далд эдийн засгаас татварын бааз руу орж ирнэ гэсэн тооцоо алга.

37-40 хувийн далд эдийн засаг байна гэж судалгаагаар гарсан. Ил болсон үед ямар тоо гарахыг нь тайлагнаж болно. Өмнөх өршөөлийн үеэр аж ахуйн нэгж, иргэн нийлээд 40-өөд мянган хуулийн этгээд тайлангаа цэгцлээд, улсын хэмжээнд 4 их наядын хөрөнгийг ил болгосон.

С.Одонтуяа: Эдийн засгийн хямралын үед чухал үр дүнтэй гэсэн учраас энэ хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Иргэд маань татвар төлдөг соёл, боловсролд сургахад НӨАТ-ын хууль чухал гэж хаврын чуулганаар баталсан. Татвар төлөгчдийг 3 ангилж болно. Татвар хэзээ ч төлдөггүй нэг хэсэг байна. Хоёр дахь нь бүх орлогоо ил тод мэдээлдэг. Гэхдээ татвараа төлж чаддаггүй. Гуравдахь нь татвараа шударга төлдөг. Бид нарт статистик тоо тараасан бол илүү хэрэгтэй байлаа. Шударгаар төлж байгаа хэсэгт ямар нэгэн урамшууллын заалт байна уу. Татвараа нуусан хүмүүсийг энэ хуулиар зуун хувь өршөөх юм уу, эсвэл тодорхой хэсэгт өршөөл үзүүлэх юм уу. Манайд бол татварын асуудал хүнд байдаг. Бид жингийн туухай дээр тавиад үзэхээр жирийн иргэдийн амьжиргаанд нөлөөлөх үү, нийгэмд ямар үр дүн авчрах вэ?

Д.Дорлигжав: Зөвхөн хөрөнгөө сайн дураараа мэдүүлж ирсэн хүмүүс хамрагдана. Өршөөлийн хуулиар зарим нэг зохицуулалт хийгдэнэ.

Ж.Батзандан: Эдийн засгийн өршөөлийн тухай хуульд хоёр асуудал байна. Эрүүгийн өршөөлийн хуулийг Өршөөлийн хууль нэртэйгээр гаргах гэж байна. Гэтэл энэ хуулийг харахаар яг л нөгөө Эрүүгийн өршөөлийн хуулиас ялгарах юм алга. Өршөөнө уучилна гэдэг муу зүйл биш. Ялангуяа жирийн иргэд, бизнес эрхлэгчийг өршөөж, уучлах нь сайн хэрэг. Харин улстөрчдийг, төрөөс мөнгө идсэн хүмүүсийг өршөөж, уучилж болохгүй. Энэ хуульд төрийн албаны дарга нарыг төсвөөс хумсалсныг нь уучилж болохгүй гээд зааж болохгүй юу?

Д.Дорлигжав: Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд албан тушаалын хэрэг байхгүй. Өршөөлийн хуулийг ярих үед хэлэлцэх асуудал байна.

Ө.Энхтүвшин: Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг нууцална. Нотлох баримт болгохыг хориглоно гэсэн байна. Өршөөж болно, яагаад нууцлах гэж. Энэ хүн ийм хөрөнгөө ил болголоо гэж нийтэд мэдээлэхэд яагаад буруу гэж. Хувь хүн, хуулийн этгээдтэй холбоотой асуудлыг гаргаж торгоно гэсэн байна. Үүний ард ямар их айдас байна. Ингэх хэрэг байна уу. Өршөөсөн юм бол энэ, энэ хүмүүсийг өршөөлөө гээд мэдээллээ ил тод болгох ёстой бус уу. Хоёрт, Ариунсан дарга хэлээд байна. Компаниуд хүнд байдалд орсон гэнэ. Компаниуд юунаас болоод хүнд байдалд орсон гэдгээ Засгийн газар судалж үзсэн юм уу. Хуулийн орчин хуучин хэвээр байвал ахиад л хөрөнгө нуух асуудал үүснэ. Гуравдугаарт нь, 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө орлого өршөөл үзүүлснээр орж ирсэн гэдгийг яаж нотлох юм бэ?

Д.Дорлигжав: Мэдээллийг нууцалж байгаа нь Хүний хөрөнгийг гаргаж авахуулчихаад дараа нь нөгөөхөөр нь дарамтлаад байж болохгүй гэсэн санаа.

Б.Ариунсан: Ил болгосон хөрөнгийн тайланг тусгай авч байсан. Тэр тусгайлсан тайлан дээр ил болгож бүртгэгдсэн хөрөнгө нь 4.5 их наяд. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Татварынхаа орчинг шинэ болгоод ажиллая гээд НӨАТ-ын хуулийг гаргасан. Татварын ерөнхий хуулиа Ил тод байдлын хуультай хамтруулбал цаашдаа шив шинэ орчин бүрдэх юм. Хөрөнгөө ил болгосон тохиолдолд яах ч үгүй гээд баталгаа гаргаж өгөхгүй бол бизнесийнхэнд хөрөнгөө ил болгочихсоны дараа нь яах ч юм билээ гэсэн эмзэглэл байсан. Тиймээс мэдээллийг нууцлахаар заалт оруулсан.

Ө.Энхтүвшин: Ил тод байдлыг дэмжих хууль гэж хэлчихээд дотроо нууна гэсэн заалт оруулдаг нь ямар учиртай юм бэ. Өршөөл үзүүлэхээс илүү Засгийн газрын холбоотой асуудал байна шүү дээ. Ажлаа хийлгэчихээд төр мөнгө өгөхгүй хэдэн жил болдог. Энэ нь компаниудад том дарамт болдог шүү дээ.

Д.Дорлигжав: Хүний ил болгосон хөрөнгийг зарлаад байж болохгүй. Тэр хүн түүнийгээ яриад, бусад журмаар мэдээлэл гарахыг хориглохгүй. Өршөөчихөөд энэ хүн ийм хөрөнгө нуужээ гэдгийг дараа нь зарлахгүй гэсэн үг.

С.Дэмбэрэл: Гадаад хүчин нөхцөл хязгаарлагдмал байгаа нөхцөлд дотоод хүчин зүйлээ ашиглаж эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй. Нөгөө талаас буруу авир төрхийн эрсдэл үүсдэг. Үүнийг хоёр байдлаар шийдэж болж байна. Энэ хуулийг гарснаас хойш дахиж 10 жилийн хугацаанд хөрөнгөө нуухгүй байхыг хуульчлах ёстой. Гаалийн хуулиудыг бас давхар оруулж ирэхгүй бол тэнд эдийн засгийн харилцааг зохицуулсан олон заалт байдаг. Гаалиар бараагаа дутуу, буруу мэдүүлж орж ирдэг. Тэр бусармаг үйлдлээ тогтмол давтдаг аж ахуйн нэгж байна. Энд ганц жишээ дурдахад 105 мянган аж ахуйн нэгжийн 49 хувийг эзэлж буй бөөний худалдаа эрхэлдэг хүмүүс татварт тун бага оролцоотой байна. Татвараа шударгаар төлсөн, нууснаа ил болгосон хүмүүсийг бодсон заалт оруулж ирэх ёстой. Дээр нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлнэ гэсэн байна. Нэг удаагийн өршөөл бол тэр чигээрээ өршөөгөөд явах ёстой. Энэ хуулийн төслийг Төсвийн , Эдийн засгийн, Хууль зүйн байнгын хороогоор маш сайн хэлэлцэх ёстой.

Д.Дорлигжав: Хувь хүний эрх ашиг байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлэх ёстой. Үндсэн хуулийн цэц энэ асуудлаар дүгнэлт гаргасан. Сөрөг үр дагавар гаргахгүйн тулд дараагийн 10 жилийн хугацаанд ийм өршөөл байхгүй гэдэг саналыг дэмжиж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *