Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтыг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс эхлээд сар бүр олон нийтэд мэдээлэл хийж байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сар бүр “ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ” хэвлэлийн бага хурал хийн, салбарынхаа бодлого үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, бодит байдлаар мэдээлж байгаа билээ. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр уул уурхайн салбарын 2017 оны эхний 11 сарын мэдээллийг олон нийтэд мэдээллээ.
I.Уул уурхайн салбарын мэдээлэл
I.1. Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж
2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Үүнээс:
– Алт 44.9тэрбум төгрөг,
– Нүүрс 507.8тэрбум төгрөг,
– Цайр 61.6тэрбум төгрөг,
– Зэс 732.9тэрбум төгрөг,
– Төмөр 11.6 тэрбум төгрөг,
– Жонш 10.2тэрбум төгрөг,
– Бусад 47.1тэрбум төгрөг,
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулхад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн байна.
I.2.Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл
2017 оны эхний 10 сарын байдлаар 40 сая тн нүүрс, 1 сая.тн зэсийн баяжмал, 17.4 тн алт, 4.7 мян.тн молибдений баяжмал, 6.7 сая тн төмрийн хүдэр, 3 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,69 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.
I.3. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
2017 оны эхний 10 сарын байдлаар улсын нийт экспортын 78.8хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзлэж байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум америк доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 2017 оны төсвийн орлогын болон хөрөнгийн зардалтай холбоотой гүйцэтгэлийн мэдээг хуулийн хугацаанд шилэн дансанд байршуулан ил тод байдлыг ханган ажиллаж байна.
2017 онд улсын төсөвт 293.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2017 оны 10-р сарын 31-ны байдлаар 215.0 тэрбум төгрөг төвлөрүүлж гүйцэтгэл 73,3%-тай байна.
УУХҮСайдын багцад 2018 онд нийт 26.4 тэрбум төгрөгийн зардлын төсөв батлагдсан ба төсвийн орлогын хувьд 291.8 тэрбум төгрөгийн орлоготой байхаар батлагдсан байна.
2. Яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл
Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дөрвөн бүсийн чуулга уулзалтуудыг зохион байгуулсанй билээ. Өмнө нь Төвийн бүсийн чуулга уулзалтыг Орхон аймгийн Эрдэнэт хотод, Зүүн бүсийн чуулганыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус зохион байгуулсан.
Говийн бүсийн чуулга уулзалтыг энэ сарын 11,12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулж, тус уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар болон УУХҮЯ, Сангийн яам, ЗТХЯ, ЭХЯ БОАЖЯ, АМГТГ-ын төлөөлөлүүд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын хамт стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор үүссэнхүндрэлтэй асуудал болон хилийн боомт, Оюу толгой, Таван толгойн үйл ажиллагаатай биечлэн танилцсан.
Баруун бүсийн чуулга уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулсан. Чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮ-ийн яамны болон Ашигт малтмал газрын тосны газрын төлөөлөл, УИХ-ын гишүүн А.Ундраа, Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон.
Монгол Улсынхаа дөрвөн бүсэд зохион байгуулсан чуулганаа нэгтгэж “Тогтвортой хөгжилд уул уурхай” сэдэвт бодлогын нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Засгийн газар, яам, агентлаг, гадаад улсын Элчин сайдууд, аймаг, орон нутаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл зэрэг 200 орчим зочид төлөөлөгчид оролцлоо.
-Дэлхийн нийтээрээ 2030 он хүртэлх улс орныхоо тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж байна. Улс орны хамгийн том хөшүүрэг болсон салбар бол уул уурхай. Монгол Улс цаашид уул уурхайн салбараа зөв хөгжүүлэхийн тулд засаглалын оновчтой байдал, салбар хоорондын уялдаа хамааралтай байж төрийн ажил цаашид явах ёстой. Уул уурхайн салбарыг зөвхөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны бодлогын хүрээнд бус цаашид нийгэм хамгааллын чиглэлээр тухайлбал тэнд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг яаж зохицуулах вэ, түүнчлэн эрүүл мэндийн салбарыг татан оролцуулах зэргээр олон салбарын уялдаа холбоог хангах талаар санал солилцсон.
2.1. Бодлогын хэрэгжилт цаашид авах арга хэмжээ
1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:
Монгол улсын хэмжээнд 2017 онд 8.1 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон экспортолж, “2017 оны төсвийн тухай” хуулиар борлуулалтын орлогоос улсын төсөвт 191,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэгтэй болно.
2017 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар нийт 7.14 сая баррель /968 мянган тонн/ газрын тос олборлон 7.06 сая баррель /960 мянган тонн/, газрын тосыг экспортолж, улсын төсөвт 178.7 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн экспорт 85.3 %, төсвийн орлого 93.1 %-ийн гүйцэтгэлтэй байна.
Тус яамны зүгээс “2017 оны төсвийн тухай” хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа ба энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7.7 сая баррель газрын тос олборлон экспортолж, улсын төсвийн төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байгаа болно.
2. Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:
Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын сантай хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Автобензин, дизелийн түлшнийонцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны 07, 10 дугаар саруудад үе шаттайгаар сэргээхээр тохиролцсон.
Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох 90 хүртэл октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30,000 төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 50,000 төгрөгөөр, дизель түлшийн онцгой албан татварыг тонн тутамд 100,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тогтоож, энэхүү тогтоолыг 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан болно.
Энэ оны 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 38 хоног /104062.04 тонн/-ийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 78 /18800.12 тн/, Аи-92 болон Аи-95 автобензин 49 /48152.91 тонн/, дизелийн түлш 25 /35397.72 тонн/, ТС-1 онгоцны түлш 20 хоног /1711.31 тн/-ийн нөөцтэй байна.
3. Газрын тос боловсрүулах уйлдвэрийн төслийн хурээнд
Сайд Д.Сумъяабазар БНЭУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон 1 тэрбум ам.долларын зээлийн шугамаар бүтээн байгуулагдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын хүрээнд БНЭУ-аас хүрэлцэн ирсэн бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзан газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар санал солилцов.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Экспорт-Импорт банкны ахлах менежер Надем Панжетан нь тус банкны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, тус зээлийн шугам нь хэрхэн хэрэгжих болон санхүүжилтын хуваарийн талаар сургалт семинар явуулсан. Инженерс Индиа Лимитэд компанийн маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал У.Махешвари нь төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын явц, хэрэгжилтийг танилцуулав.
БНЭУ-ын төлөөлөгчид болон МУ-аас тус төслийг хэрэгжүүлэгч “Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-ийн хамтарсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд очиж үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй газар дээр ажиллав.
4. Алт цэвэршүүлэх ундэсний уйлдвэр байгуулах төслийн хүрээнд
Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны “Хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай” А/62 А/98 тоот тушаалаар байгуулагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийн судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан.
Сүүлийн жилүүдэд алтны салбарын хууль эрх зүй, татварын орчин сайжирснаар алтны тушаалт тогтвортой өсч байна. 2012 онд алтны олборлолт 5.9 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 20 тонн болж өсөхөөр байна. Мөн Алт-2 хөтөлбөрийн 4.1.4-т “алтны олборлолтын хэмжээг жилд 2-3 тонноор нэмэгдүүлж, улмаар 2020 онд 25 тонн-д хүргэх”, Монголбанк, УУХҮЯ-ны хамтран боловсруулсан “Монгол Улсад алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах боломжийн тухай” судалгааны тайланд дурдсанаар нийт олборлолтын таамаглалыг 2021 онд 28.4тонн-д хүрэх, урт хугацаанд буюу 2025 онд 47.5 тонн-д (Оюутолгойн ил болон далд уурхайн алтны агуулгыг оруулсан) хүрэх таамаглалыг гаргасан байна. Дээрх судалгаануудад үндэслэн Ажлын хэсгээс Монгол Улсад шинээр байгуулагдах алт цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадлыг ЗОтн байхаар төлөвлөж, үйлдвэр байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзсэн бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргалаа.
Хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийн судалгаанд үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулаад байна.
5. Бусад
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 23-нд салбарын 40 гаруй мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа. Салбарын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
2.2. Бодлого, эрх зүйн хүрээнд
“Нүүрсний тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын 2017.11.29-ны хуралдаанаар хэлэлцүүлээд байна.
2.3. Гадаад хамтын ажиллагаа
“Эрдэс баялгийн салбар ба жендэр” сэдэвт семинарыг Канад Улсын Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Монгол Улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төсөл (СЕСМИМ)-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан.