Хонконгт нөхцөл байдал өдрөөс өдөрт доройтсоор байна. Лхагва гаригт өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн гарч, 64 хүн бэртсэний хоёрынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж. Тухайлбал, хотын засаг захиргааны нэгэн ажилтан тэмцэгчдийн шидсэн зүйлд оногдож эмнэлэгт хүргэгджээ. Мөн 15 настай хүүхэд мөргөлдөөний үеэр шидэгдсэн зүйлд толгойгоо цохиулж, гавлын яс нь бяцарсан талаар мэдээлжээ.
Хонконгийн Цуен Ван өртөөний ойролцоо 30 орчим насны залуу өндрөөс унаж, амиа алдсан байсныг цагдаа нар олсон байна. Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой өчигдөр Хонконгийн хэд хэдэн их сургуулиуд гадаад оюутнуудаа нутаг буцаах шийдвэр гаргажээ. Тодруулбал, Данийн Техникийн Их сургууль өөрийн 36 гадаад оюутанд нутаг буцахыг зөвлөсөн байна. Тэгвэл Норвеги улсын гадаад хэргийн яам Хонконгт сурч буй оюутнууддаа аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.
Өнгөрсөн мягмар гаригт цагдаа нар Хонконг дахь Хятад Их сургуулийн (Chinese University of Hong Kong) байранд нэвтэрч, тэмцэгч оюутнуудтай мөргөлдөөн үүсгэсэн аж. Өчигдөр тус сургуулийн хотхоныг оюутнууд хориглолт болгон ашиглаж байгаа талаар орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Тухайлбал, их сургуулийн лабораторийг шатамхай бөмбөг үйлдвэрлэх газар болгож байх магадлалтай гэв. Мөргөлдөөний үеэр тэмцэгчдийн зүгээс 400 орчим шатамхай бөмбөг шидсэн бол цагдаа нар 1500 гаруй удаа нулимс асгаруулагч хий цацаж, 1300 орчим резинэн сумаар бууджээ.
Өнгөрсөн даваа гаригт Хонконгт эсэргүүцлийн давалгаа газар авах болсон. Хэв журам сахиулагчид жагсаалыг тараах үүднээс тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулах хий, резинэн сум ашиглажээ. Жагсагчид метроны гол шугамуудыг хаасан тул хүмүүс ажилдаа явах боломжгүй болсон аж. Ардчиллын төлөөх тэмцэгчид тэмцлийн аргаа өөрчилжээ. Тэд ажил хэрэгч, завгүй хотын томоохон авто замуудын хөдөлгөөнийг хааж, гудамж талбайд хаалт босгосон байна. Мөн аюулгүй байдлын үүднээс эх газрын оюутнууд онцгой бүсийг орхин гарч буй талаар мэдээлэв.
Үүнээс гадна ирэх амралтын өдрүүдэд Хонконгт хөл хорио тогтоох тухай мэдээлжээ. БНХАУ-ын Төрийн мэдээллийн “Global Times” агентлаг өчигдөр онцлохдоо Хонконг дахь их сургуулийн хотхоныг “Зэвсгийн үйлдвэр” болгон ашигладаг байсан байж болзошгүй гэсэн байна.
Оюутнууд гол төлөв орой үдэш, амралтын өдрүүдээр зохион байгуулалттай жагсаал хийж байсан билээ. Гэвч энэ долоо хоногт ажлын өдрүүдэд хаа сайгүй үймээн дэгдэх болсон байна. Жагсагчид нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, хотын хэмжээнд ажил хаялт зарлахад хүргэв. Түүнчлэн 11 их, дээд сургууль хаалгаа барьсан бол Хонконг дахь банкны 250 гаруй салбар үйл ажиллагаагаа зогсоосон талаар бид урьд нь мэдээлсэн. HSBC, Standard Chartered Bank, Bank of China зэрэг 18 томоохон банкны таван салбар тутмын нэг нь хаагдсан байна.
Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс 80 хүний бүрэлдэхүүнтэй тусгай багийг харуул хамгаалалтад гаргаад буй. Тэдгээр хүмүүс үймээн, бослого зэрэгт хэрхэн хариу үйлдэл хийх талаарх бэлтгэлээ хорих газруудад хангасан аж.