Categories
мэдээ цаг-үе

Их сургуулиа бүгд улаан дипломтой төгссөн гавьяатуудын нэг анги

Ардын жүжигчин А.Нэргүй, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин, гавьяат жүжигчин Ш.Даваахүү, Түмэн эх чуулгын дуучин, гавьяат жүжигчин Ц.Үенч, Соёл урлагийн их сургуулийн багш, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Д.Цовоо, Дархан-Уул айм­гийн “Залуучууд” театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Н.Ариунтуяа болон соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал агсныг нэг ангийнхан гэдгийг мэдэх хүн ховор биз ээ. Тэд 2005-аас 2007 оны хооронд СУИС-ийн ардын дууны ангийг эчнээгээр суралцан төгсчээ. “Та нар чинь бүгд улаан дипломтой төгссөн гэсэн. Мундаг юм аа” гэвэл гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Анх Боловсролын их сургууль буюу хуучнаар Багшийн дээд сургуулийн дэргэд дуурийн дуулаачаар л сургадаг байлаа шүү дээ. Харин 1980-аад оны дунд үеэс Н.Норовбанзад агсны санаачилгаар уртын дуулаач бэлддэг болсон. Үүнээс нилээд хэдэн жилийн дараа эстрадын дуучны ангийг шинээр нээсэн. Саяхныг болтол СУИС энэ гурваас өөр төрлөөр дуучин бэлтгэдэггүй байлаа. Тэгтэл цагийн эрхээр уртын богино дууны анги нээх шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Ингэхийн тулд мэдээж багшлах боловсон хүчин хэрэгтэй учраас биднийг сургахаар болсон. Энэ тал дээр СУИС-ийн захирлаар ажиллаж байсан А.Дашпэлжээ болон Ч.Цэнд, Тогтох болон гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нарын багш санаачилгатай ажиллан, биднийг СУИС-д сургах санал тавьсан. Нөгөө талаас бид чинь хар залуугаасаа, зарим нь бүр хүүхэд ахуй цагаасаа өдийг хүртэл урлагт хүчин зүтгэж, өөрсдийн нэр алдраа түмэнд цуурайтуулсан эрхмүүд. Өөрөөр хэлбэл одоогийнх шиг системтэй, дэс дараалсан сургалтаар бус унаган авьяас, хичээл зүтгэлээрээ л нэр алдарт хүрцгээсэн. Тухайн үед суралцъя, хоолойн цараагаа тэлье гэсэн ч дуурийн дуулаачаас өөр анги байсангүй. Харин өнөөдөр биднийг “Багш аа” хэмээн хүндлэх залуус олон болж. Тэд биднээс туслалцаа, дэмжлэг хүсэхийн хэрээр практик туршлагыг онолын мэдлэгтэй хослуулан эзэмших шаардлага зүй ёсоор гарч ирсэн учраас бид 2005 онд СУИС-ийн ардын дууны ангид элсэн орсон. Бид онолоор үзээд байгаа хичээлээ амьдрал дээр буюу практикт аль хэдийн мэддэг болчихсон байсан учраас суралцахад үнэхээр дөхөмтэй байсан” гэсэн юм. Харин Соёл урлагийн их сургуульд 2011 оны намраас ардын богино дууны ангид анхны оюутнаа элсүүлсэн бөгөөд ирэх жил төгсөх аж. Өдгөө төрөлх сургуульдаа ардын дуучин бэлтгэхээр Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг нар багшилж байгаа юм.

Тэд намар, хавартаа сар гаруй хичээллээд, бусад үед нь бие даах даалгавар авдаг байжээ. Бүгд гэрийн эзэгтэйгээс гадна ажлынхаа хажуугаар суралцаж байсан хэдий ч бүгд хичээлээ тасалдаггүй идэвхтэй оюутан байсан тухайгаа дурссан. СУИС-ийн багш, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг “Бүтэн дөрөв таван жилийн турш биш, жилдээ хоёр сар гаруйхны хугацаанд хамт сурдаг байсан хэдий ч хичээл орох сар гаруйн хугацаанд өглөөний ургах нарнаар сургууль руугаа ороод, нар жаргасан хойно л гардаг байлаа. Хааяа ангийнхны маань хэн нэг нь аялан тоглолт, элдэв арга хэмжээнд урилгаар оролцохоороо хичээлээс чөлөө авна. Чөлөөтэй байх хугацаанд бид хичээлийнх нь дэвтрийг авч үлдээд, семинарыг нь нөхөөд бичээд өгчихнө. Нэг ангийнхны хувьд энэ бол асуудал биш” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохицгоов. Гавьяат жүжигчин А.Нэргүй “Өглөөний ургах нарнаар сургууль руугаа ороод, хичээлээ давтсаар бүрэнхий болсон хойно гардаг байлаа гэсэн чинь нэг хошин явдал санаанд орчихлоо” гэвэл бусад нь “Ярья л даа” гэсээр түүн рүү анхаарлаа хандууллаа. “Үенч эгч хаа газар нөхөртэйгөө явдаг байж билээ. Ямар сайндаа сургууль дээр хүргэж ирээд, хичээл тарахаас өмнө буцаж ирээд ангийн хаалганы дэргэд хүлээчихнэ. “Хичээл нь тарах дөхсөн үү” гэж буй аятай үе үе хаалганы завсраар харна. Тэгэхээр нь бид нар “Найз залуу чинь ирчихээд хүлээгээд байна. Болзооныхоо цагийг арай эрт хэлчихсэн юм уу. Тэгээд ч сургууль дээрээ дууддаг нь яаж байгаа юм” гэхээр хаалганы гадна зогсох нөхөртөө “Тарах болоогүй байна аа. Ингээд хаалга онголзуулаад хичээл хийх гэж байгаа түмэн амьтны анхаарлыг сарниулаад байдаг юм ш дээ. Хүлээж бай” гээд захирангуй аясаар хэлснээ бидэнд болохоор “Бид хоёр чинь хар залуугаасаа Булган аймгийн соёлын ордонд бүжиглэж байлаа. Хотод ирээд ч Балданцэрэнтэйгээ Түмэн эх чуулгад ажиллаж байна. Хаана л явна, хамт. Хэн хэн маань гэрийнхээ хажуугийн дэлгүүр орохдоо хүртэл болж өгвөл хамт гарчих санаатай. Бие биедээ аргагүй ээнэгшин дасч дээ. Хөөрхий гадаа зогсоогоороо хүлээгээд хөл нь ядарч байгаа даа” гэж шивнэнэ.

Соёлын тэргүүний ажилтан Д.Цовоо “Бас нэгэн хөгтэй явдал санаанд орчихлоо. Г.Ганцэцэг багш маань хичээл дээрээ Аргалд явсан ээж дуунд задаргаа хийлгүүлсэн дээ. Энэ дуун дээр жишээ авч гармон заасан ш дээ. “Энэ дууны энэ хэсгээс өргөлт авч, энэ хэсэгт нь намсаж, тэнд нь хэсэгхэн таслал аваад дуулсан учраас дууны мөн чанар жинхэнэ утгаар илэрч, хүний сэтгэлд хүрч байгаа юм” гээд хичээлээ зааж байтал бид нар бүгд уйлчихаж билээ. Эхийгээ алдсан нь гашуудан, ээж нь амьд сэрүүн байгаа нь санагалзсан хэрэг. Багш “Өө, уйлчихаж байгаа юм уу. Өөр дуун дээр задаргаа хийдэг байж дээ. Би тэнхим орчихоод ирье” гээд гараад явчихсан. Багшийг гараад явсны дараа бид нар юун хичээл хийх. Бүгд ээж нарынхаа тухай сэтгэлээ уудалцгааж билээ” гэв. Гавьяат жүжигчин Ш.Даваахүү “Манай ангид чинь долоон бүсгүй ганц залуу сурч байсан. Ганц залуу болох соёлын тэргүүний ажилтан Б.Батжаргал агсныгаа хар сарнай гэж хочилно. Хар сарнай маш ховор ургадаг юм байна л даа. Тэгэхээр нь долоон дэлбээн дундах ганц хар сарнай гэдэг байсансан. Тэгээд ч өөрөө хар костюм, пиджакнаас салдаггүй байсан даа, хөөрхий” гэвэл бусад нь үг дуугүй толгой дохиод газар ширтэн хэсэг дуугүй суув.

Ангийн 30 гаруй хүүхдийн тэн хагасаас илүү нь үргэлж хангалтгүй дүн авдаг хүндхэн шалгалт дээр хүртэл шалгалтын асуултын дагуу өөрснөө тойрч сууж байгаад харилцан ярилцаж, мэтгэлцчихдэг байж. Шалгалт авахаар орж ирсэн багш нь “Ярилцахаа болиод, шалгалтынхаа цаасан дээр өөр өөрийнхөө мэддэгээ бич” гэхийн оронд тэдний мэтгэлцэхийг харсаар шалгалтын цагаа бардаг байж. Шалгалтын цаг дуусахад багш нь “Ойлгомжтой” гээд бүгдэд нь 100 оноо тавьчихаад гараад явчихдаг байж. Ийм юм чинь бүгд улаан дипломтой төгсөхөөс ч яах билээ гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. “Олон жил урлагт хүчин зүтгэсэн туршлагаас гадна хичээлээ бүгд, жигдхэн сайн давтдаг байсан учраас шалгалтаа амжилттай өгдөг байсан. Хичээл ордог байсан бүх багш нар “Бүх оюутнууд та нар шиг байдаг бол мөн сайхан аа” гэдэгсэн” хэмээн тэд өөр хоорондоо ярилцав.

Эдний ангийнхнаас гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа, Л.Чулуунчимэг, Ш.Даваахүү, Ц.Үенч нар өөрсдийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо түмэн олондоо өргөн барьжээ. Тоглолтоо хийж буй хэн нэг нь бусдадаа урилгаа өөрийн гараар өгдөг уламжлал энэ ангийнханд аль хэдийн тогтжээ. Тоглолтын дараа тайз засалт, урлагийн үзүүлбэрүүдтэй холбоотой санал, шүүмжлэл, магтаалаа нэгэндээ харамгүй хайрладаг аж. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Тоглолтоо хийхдээ ангийнхнаас минь хэн нэгнээс нь магтаал, шүүмжлэлийн үгийг сонсохгүй бол ямар нэгэн зүйл дутуу юм шиг санагддаг болчихсон байна лээ. Тэгэхээр ангийнхан минь амьдрал, уран бүтээлийн минь салшгүй нэгэн цул хэсэг болсон хэрэг” гэв.

Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг хоёр л СУИС-д багшилж байгаа хэдий ч урлагт 30 гаруй жил тасралтгүй зүтгэж яваа эдний ангийнхны хэнбугайг ч “Багш аа” хэмээн хүндэтгэн, авгайлах хүмүүс олон. Гавьяат жүжигчин Б.Сийлэгмаа “Шохой барьж, самбрын өмнө тэр бүр зогсдоггүй хэдий ч биднээс тусламж дэмжлэг авахыг хүссэн залуу уран бүтээлч, оюутнуудад харамгүй зааж зөвлөдөг. Тэд маань биднийг багш аа хэмээн авгайлж, хүндэтгэдэг юм. Сурсан эрдэм, чаддаг мэддэгээ бусадтай хуваалцах чинь нэгэн бодлын буян юм шүү дээ” гэсэн юм.

“Урлагт зүтгэж буй олны танил, гавьяа шагналтай ийм олон эрхэм нэг ангид сурч байсан тохиолдол их ховор байх аа” гэвэл “Урлагийн хүн болох хүнд авьяас хамгийн чухал. Би урлагт дуртай, дуучин болно гээд зүтгээлд байтал авьяасгүй бол яах ч аргагүй. Ийм хүн урлагийн сургуульд сурвал цаг, мөнгөө дэмий үрсэн хэрэг болно. Хамгийн гол нь авъяасыг багш заадаггүй, байгалиасаа буюу төрмөл юм байхгүй юу. Байгалиас заяагаагүй авьяасыг өөртөө суулгана гэдэг хэцүү. Бид чинь урлагт дор хаяж 20 жил зүтгэсэн улс. Бүр 40 гаруй жил буюу жаахан охин байхаасаа тэтгэвэрт гартлаа зүтгэсэн нь ч бий. Бодвол бидэнд бага ч болов авьяас заяасан юм байлгүй дээ” хэмээцгээв.

М.Ууган-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *