Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Их наядаар нь идэхгүй бол ичдэг болж дээ МАН-ынхан DNN.mn

Хүрээний булайг дэлгэвэл далай, далай” гэдэг шиг МАН-ын хулгай луйврыг яриад дуусахгүй болжээ. 60 тэрбумын, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн, Хөгжлийн банкны, Концессын, нүүрсний гээд иргэдийн санаанд ч багтамгүй том том тоо ярьсан хулгай шилээ дарж гарсаар байдаг боллоо. Өмнө нь тэднийг 200, 300 саяар нь идлээ гэхэд л пүү паа болдог байсансан. Тэд эхлээд тэрбумаар нь идэж ууснаа ярьдаг байсан юм. Харин одоо их наядаар нь идэж ууснаа ярьдаг болсон байна. Эрх мэдэлтнүүдийн хулгай саяар ч биш, тэрбумаар ч биш их наядаар тоологддог боллоо. Хамгийн сүүлд нүүрсний хулгай, нүүрсний мафи гэх нэр томьёо олны дунд амны уншлага шиг л болсон. Нүүрсний хулгайгаар нийтдээ 6.5 сая тонн нүүрс алдагдсан гэхээр 20 их наядын хулгай буюу жилийн төсвөө бид сох алдсан гэсэн үг. Нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн идсэн мөнгөн дүн нь гэр хорооллын 50 мянган айлд хүрэх дэд бүтэц тавьчих хэмжээний мөнгө байсан гэх. Нүүрсний хулгайгаар эрх баригчид 20 их наядыг халаасалж, 2500 байсан ам.долларын ханшийг 3500 давуулчихсан хэрэг. Тэд ам.долларын хомсдолд оруулж, ханшийг яаж тэнгэрт тулгачихсан нь олны нүдэн дээр ил тод байна. Нүүрсний гэх бүлэглэл ганц өнөөдөр гараад ирчихсэн юм биш. МАН-ын мөнгөн дээр эрх ашиг нь нэгдсэн, олон жил улсаа тонож идсэн бүлэглэл бий. Монголын хамгийн том хулгай бол нүүрсний хулгай. Учир нь Хөгжлийн банкийг тоносон хулгай хажууд нь задгай мөнгө шиг гэх. Харамсалтай нь, ийм л увайгүй хүмүүсийн гарт улс эх орноо удирдах эрх мэдлийг бид өгчихсөн байна. Монголд хууль хяналтынхан гэж байна уу. Тэд үнэн мөнөөр ажиллаж байна уу гэхэд хэн хүнгүй толгой сэгсрэхээр болсон. Ичих нүүргүй болсон эрх баригчид их наядаас бага идсэн бол түүнийгээ хулгайд тооцохгүй, түүнийгээ хэлэхээсээ ичдэг болж. Тэд их наядаар нь идэхгүй л бол хулгай биш гэж үзэж “ичдэг” болчихжээ.

Угтаа Хөгжлийн банкийг тоносон хэрэг, нүүрсний хулгай дээр хамгийн чанга хашгирч байгаа нь МАН. Ерөнхий сайд нь үүнийг илчлэхгүй бол улс орон нь унаж сөнөхдөө тулсныг ойлгосон биз. Улс оронд нүүрлэсэн хулгайг цэвэрлэх эсэх нь эрх барьж буй намын улс төрөөс шууд хамаарна. Хамгийн гол нь иргэдийн боломжийг хулгайлсан луйварчид бүгд тус намынх. Хариуцлагын сэлэм эргүүлнэ гэж сүржин мэдэгддэг МАН-ынхан өнөө сэлмээ эргүүлэх нь байтугай хуйнаас нь ч цухуйлгасангүй өдийг хүрсэн. Намаасаа хөөгөөд л хулгайчдаасаа хурдан сална гэдэг. Гэтэл МАН хариуцлага тооцсон мэт харагдуулах гэж золигт гаргасан хэдэн хүнээрээ туг тахидаг.

Угаас авлига, албан тушаалын хэргээ хүлээж ял шийтгэлээ авсан, улс төрийн карьер нь аль хэдийнэ дууссан тэднийг намаас хөөлөө гээд МАН-д өнчин ишигний ч гарзгүй. Монголын шүүх өнөөдөр хэн нэгний халаасанд орж жинхэнэ хулгайчидтай хариуцлага тооцох нь бүү хэл харин ч тэднийг хамгаалсаар ирсэн. Үгүй байсан бол өдийд тэд аль хэдийнэ шоронд орчихсон байх байв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ зарласан. Ингэхдээ улстөрчдийг нүүрсний хулгайтай холбоотой болохыг ч нуугаагүй. Ерөнхий сайдын хэлснээр хулгайтай тэмцэнэ гэдэг Монгол Ардын намтай л тэмцэнэ гэсэн үг. Угтаа нүүрсний хулгай, луйвар цэгцэрвэл ДНБ-ий хэмжээ дор хаяж хоёр дахин тэлнэ гэж байгаа. Хэрвээ энэ бүхэн ил болохгүй л юм бол Монголын төр дээрэм, тонуулын үүр уурхай хэвээр үлдэнэ. Олон жил ужгирсан нүүрсний асар том хулгайг хэрхэн шийдэхээс Монголын ирээдүй, эдийн засгийн хөгжил хамаарна. Мөн Л.Оюун-Эрдэнэ гэх залуугийн улс төрийн карьер хамаарна. Тэрбээр хэн хулгай хийснийг ил тод зарлаж улсыг хохиролгүй болговол домогт улстөрч болж түүхэнд үлдэнэ. Тиймээс нүүрсний хулгайд хэн гэдэг албан тушаалтнууд оролцсоныг иргэддээ одоо зарлах хэрэгтэй байна. Иргэд ч үүнийг шаардах хэрэгтэй байна.

“Хулгайч хоёр янз. Жирийн хулгайч чиний мөнгө, цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч чиний ирээдүйг, хүсэл мөрөөдлийг, ажил орлого, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг чинь хулгайлдаг. Ялгаа нь жирийн хулгайч чамайг сонгож хулгайгаа хийдэг бол улс төрийн хулгайчийг чи өөрөө сонгодог. Бүр хачирхалтай нь, жирийн хулгайчийг цагдаа хайж байдаг бол улс төрийн хулгайчийг цагдаа хамгаалж байдаг” гэх орос афоризм байдаг гэх. Аргагүй л маниус шиг хулгайчаа сонгож гаргаж ирээд хаширчихсан хүмүүсийн үг байх.

Бид өнөөдөр улс төрийн хулгайчидтайгаа тэмцэхгүй бол цаашид улс орныг яаж тонож дээрэмдэхийг бодохоос ч аймаар. Бид улс гүрэн байж чадах юм уу даа гэсэн бодол хүн болгонд төрөх болно. Хэрэв ийм бодолтой цөхөрсөн ард түмэнтэй улс болбол тусгаар тогтнол ч хэврэг болж хувирна. Монгол хямрал биш хулгай нүүрлэсэн улс болчихож. Хулгайтай тэмцэж, хуулиа мөрдөж чадвал улс орон хөгжих бүрэн боломжтой.

Ер нь бол энэ хулгайчдаас салах хамгийн хурдан, хамгийн амархан арга бол сонгууль. Хуурах, хулгайлахаас ичдэггүй МАН-ынхнаас хурдан салъя гэвэл сонгуулиар л тэднийг угаар нь үндсээр нь солих юм. Ингэж байж тэднээс сална. Эс бөгөөс эрх баригч МАН ард түмэн улс гүрнээ шулсаар л байна. 2024 оны сонгуульд МАН-аас салах сонгууль болох ёстой. МАН Хөгжлийн банкийг тоносон, нүүрсний хулгай хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцож чадахгүй бол 2024 онд эвгүйтнэ гэдгийг учир мэдэх нэг нь тооцоолж л суугаа. Иргэд сохор, дүлий байхаа больсон. Өнөөдөр яаж ийгээд ч хамаагүй улс төрд үе солих зайлшгүй шаардлага үүсчихлээ. Бид улс орныхоо төлөө сэтгэлтэй, энэ улсыг сэвхийтэл босгоод ирэх чадалтай мэдлэгтэй, шунал багатай, хуулиа дээдэлдэг, урьд өмнө төр засагт байж улс орноо тонож луйвардаж байгаагүй хүмүүсийг сонгох нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *