Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай

Монголд зээлийн хүү өндөр байна гэж байнга ярьдаг. Тиймээс улстөрчид зээлийн хүүг бууруулж, ард түмэндээ туслахаар шийджээ. Хууль санаачилж, буудаггүй хүүг буулгаж авах их ажил өрнүүлж эхлээд байна. Хүн болгонд хүртээмжтэй, хэрэгтэй сэдэв болохоор олны анхааралд өртөж байгаа ч гэж жигтэйхэн. Зээлийн хүүг буулгах ёстой гэдгийг уухайлан дэмжигчдийн хажуугаар, хүчээр буулгах ёсгүй гэсэн эдийн засагчдын үг сулхан сонсдож байна.

Монголын арав гаруй арилжааны банк хэрэглээний, бизнесийн, орон сууцны, сургалтын төлбөрийн гээд нийт 10 шахам зээлийн үйлчилгээг санал болгодог. Хэдий хугацаатай ямар зээл олгох гэж байгаагаас шалтгаалаад хүү нь өөр өөр байх боловч банкуудын зээлийн жилийн хүүгийн доод хэмжээ 17-20, дээд хэмжээ нь 20-24 хувийн хооронд байдаг.

Улстөрчдийн ярьж байгаагаар банкны зээлийн хүүг хууль гаргаж, хүчээр бууруулахгүй бол хэзээ ч буурахгүй. Бид 30 жил харлаа, зээлийн хүү өссөн үү л гэхээс буурахгүй байгаа. Зээлийн өндөр хүүгийн дарамт нь бизнесийн зардал өсгөн ашиг бууруулдаг. Улмаар татвар багасгаж, төсвийн орлогыг хомсдуулах нэг бодит хүчин зүйл болж байна. Баялаг бүтээж хуримтлал бий болгох биш, мөнгөнөөс мөнгө хүүлэх гол хөшүүрэг болж, ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болох боллоо. Эдийн засаг дахь санхүүгийн нөөц хэт цөөнхийн мэдэлд төвлөрөх үйл явц өрнөж, дундаж давхарга өсөж өндийх, хуримтлалын бааз суурь нэмэгдэх боломжийг хааж боогдуулах сөрөг үр дагавар илрээд удаж байна. Тиймээс зээлийн хүүг хуулиар зохицуулж 17-гоос бага хувьтай болгоно гэцгээж байгаа. Ер нь бол жаргаах л юм байх. Зээл авдаг хүмүүст энэ хууль маш сайхан сонсдож байгаа байх. Олсон ашгаа зээлсэн мөнгөний хүүнд өгөхгүй нь гэж баярлаж суугаа тэднийг буруутгах аргагүй юм. Зээлийн хүүг бууруулснаар дараахь сайн нөлөө гарна гэж улстөрчид судалжээ. Үүнд, зээлийн хэт өндөр хүү буурна. Мөнгө хүүлэх үйл ажиллагааг хязгаарлана. Бизнесийн зардал буурч ашиг нэмэгдэнэ. Бизнесийн орчин сайжирна. Төлбөрийн чадвар дээшилж, төсвийн орлого нэмэгдэнэ. Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш, бүтээн байгуулалтад чиглэгдэнэ гэх мэтээр үргэлжилнэ. Үүнийг сонсоход чухам дэмжмээр сайхан санагдаж байгаа юм.

Харин нөгөө талаас эдийн засагчид болон банкныхан арай өөр зүйл ярьж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад зээлийн хүүг хүчээр тогтоох боломжгүй гэж тэд тайлбарлаж байна. Зээлийн хүү өндөр байгаагийн хамгийн гол шалтгаан нь хадгаламжийн хүү аж. Манай банкуудын хадгаламжийн хүү дунджаар 13-14 хувьтай байдаг. Тэгэхээр зээлийг үүнээс дээгүүр байлгах зайлшгүй шаардлагатай. Хадгаламжийн хүүнд гадаад валютын ханш, инфляци шууд нөлөөлдөг. Ам.доллар, юань, рублийн ханш сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа. Инфляци, гадаад валютын үнэ ч хоорондоо шууд хамааралтай гэхээр зээлийн хүү өндөр байх суурь нөхцөл манайд хангалттай байна.

Мөн хадгаламжийн хүү өндөр тогтдог шалтгаан нь засгийн газрын өндөр хүүтэй бонд, банкуудын хадгаламжийн төлөөх өрсөлдөөн. Манай төсөв ихэнхдээ алдагдалтай гардаг. Төсөв алдагдалтай гарсан үед Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргана. Өгөөж өндөртэй бондыг банкууд эрсдэлгүй, хөрвөх чадвартай хөрөнгө гээд худалдаад авчихдаг. Нэгэнт ийм өгөөж өндөртэй бонд худалдаад авчихсан юм чинь нөгөө талдаа өндөр хүүтэй хадгаламж ч амлаж чадахаар болдог. Ийм л тогтолцоо, эдийн засгийн орчин байгаа нөхцөлд зээлийн хүү өндөр байх нь ойлгомжтой. Энэ хүүг банкууд тогтоогоод байгаа юм биш. Зах зээлийнхээ жамаар нь явж байгаа. Хэрэв зээлийн хүүг буулгая гэвэл Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсад эерэг ангилалд оруулж, тогтвортой байлгах ёстой гэж тэд тайлбарлаж байна.

Нээрэн ч сүүлийн жилүүдэд дэлхий өнцөг булан бүрт зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагаас манайх байнга сөрөг үнэлгээ авч байгаа. Учир нь манай улс өндөр эрсдэлтэй, гадаад өр байнга нэмэгддэг , Засгийн газар нь хурдан солигддог, төсөв нь алдагдалтай зэрэг шалтгаанаас үүдэн зээлжих зэрэглэл нь өөдөлдөггүй байна. Тиймээс асуудлын суурь буюу зээлийн хүү өндөр байгаа нь манай улс төр, эдийн засгийн орчин юм.

Зээлийн хүүг хуулиар зохицуулах гэж оролдох нь зээл хумих эрсдэл дагуулна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Юу гэсэн үг вэ гэвэл, банкууд эрсдэлээ тооцож анх зээл авах гэж байгаа болон зээлийн түүх тааруухан хүн, байгууллагад зээл өгөхөө болино. Гэтэл мөнгөний хэрэгцээ бол мөнхийнх. Банк зээл өгөхгүй бол хүмүүс хүү өндөр хувь хүмүүс эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүсэх нь тодорхой. Өнөөдүүл нь ч уухайн тас өгнө биз. Харин эргэн төлөлт алдаг оног, зарим нь бүр төлж чадахгүйдээ хүрэх тохиолдол гарна. Ийм үед мөнгөө алдсан тэр хүмүүс банк шиг таван жил шүүхээр явахгүй. Ёстой арьсыг нь хуулж байгаад ч болов байгаа бүгдийг нь хуу хамж авна. Гэмт хэргийн чанартай ч юм уу, зэрлэг балмад ч гэмээр юм уу ийм сөрөг нөлөөлөл нийгэмд үүснэ гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулаад байгааг анзааралгүй өнгөрч боломгүй.

Зээлийн хүүг бууруулна, бууруулахгүй гэсэн энэ маргааныг харж байхад манай төр засгийн зүгээс мөнгөтэй хүнийг гэмт хэрэгтэн мэтээр үзэх, баалах үзэгдэл хавтгайрах шинжтэй болж байна. Зээл өгч байгаа банкуудыг гэмт хэрэгтэн гэж үзэх нь холгүй байна. Манай арилжааны банкуудад иргэд 13 их наяд төгрөгийн хадгаламжтай бөгөөд үүний 95 хувь нь нийт хадгаламж эзэмшигчдийн тав хүртэлх хувьд ногддог тоо байна. Дэлхийн нийт хөрөнгө мөнгө ч иймэрхүү багцаатай хуваарилагддаг. Үүнийг сонсоод олон хүн “ямар муухай юм бэ” хэмээн гайхан шогширдог. Үнэхээр төрийн албан хаагч хүн мөнгийг тэрбум тэрбумаар нь хадгалсан бол шалгаж, эх сурвалжийг нь тогтоох нь хуулийн байгууллагын үүрэг. Түүнээс биш 30 жил бизнес хийж, унаж босч үндэсний компани болж өргөжсөн бизнесмэнүүдийг тэрбум төгрөгийн хадгаламжгүй байна гэвэл хэтэрхий доромжилсон хэрэг болно.

Ийм л хөрөнгөтөн, бизнесмэнүүдийн мөнгө үгүй бол хүүг нь буулгах гээд байгаа зээл бүү хэл банкны систем нь өөрөө алга болох биз.

Бидний тэмүүлж, зорьж байгаа зах зээлийн нийгэм бол мөнгөний нийгэм. Мөнгө олж, мөн чанарыг нь мэдэж, ашиглаж, зарцуулж, үр шимийг нь хүртэж чадсан хүн сайхан амьдардаг нийгэм. Тиймээс мөнгийг боломж гэж хардаг. Гэтэл бид мөнгөтэй хүнийг ад үзэх сэтгэлгээг нийгэмд суулгаж, мөнгийг хүчээр удирдах гэж байгаа нь хэтэрхий бүдүүлэг, харанхуй байгаагийн тод жишээ биз ээ. Эсвэл сонгууль ойртсон болохоор ард түмэн таалагдах ээлжит попролтын нэг биз. Улстөрчид маань их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай гэх нь холгүй аяглах атлаа өөрсдөө мөнгөний төлөө үхэн хатан өрсөлдөж байна.

Мөнгөтэй тэмцэнэ гэж гарч ирсэн Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро улс орноо ямархуу байдалд хүргэснийг хүн төрөлхтөн харж байна. Николас Мадуро 2013 онд инфляцитай тэмцэнэ гэж гарч ирсэн ч албан тушаалд очсон цагаасаа хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин өсгөжээ. Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн. Одоо инфляци нь гурван сая хувьд хүрээд байна. Мөнгөтэй хүчээр тэмцэх, буруу арга замаар зах зээлд нөлөөлөх нь ийм эрсдэлд хүргэдэг гэдгийг бид харсаар байгаад араас нь алхах нь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *