АНУ-ын Лас Вегас хотноо “Memoriad-2016” World Mental Olympics буюу дэлхийн оюуны олимп болж байгаа билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү олимпийн наадам гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийт 27 орны 167 тамирчин ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага гэсэн 13 төрөлд өрсөлдөж байгаа юм. “Memoriad-2016” оюуны олимпт эх орноо төлөөлөн Монголын Оюун ухааны академийн 14 тамирчин (7-33 нас), багш дасгалжуулагч нарын хамт оролцож байгаа юм.
Тэднээс өчигдөр болсон “Flash Numbers” буюу харааны ой тогтоолтыг шалгасан эхний төрөлд Их мастер С.Цогбадрах олимпийн дээд амжилтыг шинэчилж алтын медалийн болзол хангасан бол ОУ-ын их мастер Э.Пүрэвжав хүрэл медалийн болзол хангалаа.
Энэ төрөлд 2012 онд манай тамирчин Их Мастер С.Цогбадрах 300 цифр тогтоон алдаагүй санаж алтан медаль хүртэн олимпийн дээд амжилтыг эзэмшиж байсан бол өчигдөр 486 цифр болгон дээд амжилтаа шинэчлэн алтан медаль хүртлээ. Ингэснээр Их Мастер С.Цогбадрах оюуны олимпийн хос алтан медальтай монголын анхны тамирчин боллоо.
Хоёр дахь өдрийн байдлаар манай тамирчид 2 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль буюу нийт 8 медалийн болзол хангажээ.