Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдааны тов гарчээ. Найм дахь удаагийн уралдааныг ирэх долдугаар сарын 20, 21нд Хүй долоон худагт зохион байгуулахаар тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэсэн аж. Өмнөх уралдаануудыг ганцхан өдөрт багтаан хийдэг байсан. Тэгвэл энэ жил хоёр өдөр хийнэ. Учир нь, зөвхөн шигшмэл хурдан морьдыг шалгаруулахаас гадна “Монгол туургатны наадам” хэмээн өргөн хүрээнд зохион байгуулахаар болсонтой холбоотой гэнэ. Ингэхдээ морьтны соёлын наадмыг ММСУХ -ны сумын салбар холбоод долдугаар сарын 5-7-нд сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач бугуйлчаа шалгаруулах, “Адуучин” тэмцээн, морьтны жагсаалаа зохион байгуулж тэндээсээ сайхан хос морьтноо тодруулна.
Мөн сайхан айраг, суран хэрэглэлийнхээ үзэсгэлэнг гаргана. Улмаар сумаас шалгарсан нэг адуучин аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцох эрх авах юм. Харин сумаас шалгарсан гурван сайхан хос морьтон, нэг суран хэрэглэл үйлдвэрлэгчид “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-д шууд оролцох урилга гардах ажээ. Тэгвэл долдугаар сарын 15-17-нд аймгууд соёлын наадмаа хийж, аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн болон сумдаас шалгарсан сайхан хос морьтнуудынхаа жагсаалаар баяраа чимж морьтны соёлын бусад арга хэмжээг зохион байгуулах аж. Аймгаас шалгарсан нэг адуучин “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-ын шигшээ тэмцээнд оролцоно, энэ нь зуны дэлгэр цагт Монголын газарт нутагт аялж буй дотоод, гадаадын жуулчид монголчуудын олон жилийн түүхтэй морьтны их соёлыг аль ч сум, аймагт очиход үзэж, таньж мэдэх таатай боломж бүрдэх гэнэ. Товчхондоо үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Их хурд-8” уралдаан том хувь нэмэр оруулах юм байна. Энэ жилээс “Их хурд”-аар зөвхөн морь уралдахыг харахгүй монгол адууны соёлыг гайхуулах томоохон хэмжээний наадам хийхээр болсныг зохион байгуулагчид онцоллоо.