Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагч ажлын албанаас Нийслэлийнхээ худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан хямдрал, урамшууллаар иргэддээ бодитой бэлэг барих зорилгоор энэхүү “Их хотын хямдрал” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааг Улаанбаатараар овоглосон “Улаанбаатар” Их дэлгүүрээр эхлүүлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Баярхүү цан цохисноор Их хотын хямдралтай худалдааг эхлүүлж байгааг зарласан юм. Тэрээр хэлэхдээ: “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, хувийн хэвшлийнхэнтэй хамтран Их хотын хямдралтай худалдаа эхлүүлж байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед ард иргэдийн худалдан авах боломжийг нээхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүд борлуулалтаа нэмэгдүүлэхэд их хотын хямдралтай худалдаа бодит үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга гаргасныг Улаанбаатар их дэлгүүрийн хамт олон дэмжин хүлээн авсанд талархаж байна. Их хотын хямдралтай худалдааг олон байгууллагууд давалгаалан хүлээн авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Улаанбаатар их дэлгүүрийн гоо сайхны болон хувцаснууд нь 10-50 хувь хямдарчээ. Энэ хямдрал нь 7 хоног үргэлжлэх юм.Уг хямдралтай худалдааны талаар Улаанбаатар их дэлгүүр дэх “On On” Солонгос брэнд хувцасны салбарын худалдагч Б.Жамзандолгороос тодруулсан юм. Тэрээр“Манай дэлгүүрийн хувцаснууд 30-80 хувь хямдраад байна. Өнгөрсөн жилийн загварууд 70-80 хувь хямдарсан бол энэ жилийн шинэлэг загварын өмд, өвлийн куртик, пальто зэрэг хувцаснууд 30-50 хувиар хямдарсан. Хамгийн хямд бүтээгдэхүүн 29000 мянган төгрөгийн үнэтэй байна” гэв.
Харин Монголын ноос ноолуурын компаниудын нэг Гоёл брэндийн бүтээгдэхүүнүүд хямдрал зарлаагүй байлаа. Учир нь маргаашаас Гоёлын бүх салбар дэлгүүрүүдэд ваучертай худалдаа долоо хоногийн турш үргэлжлэх ажээ. Одоогоор ямар байдлаар ваучертай худалдаа зарлахаа албан ёсоор мэдээлээгүй гэж худалдагч Б.Барсаа хэлсэн юм.
Мөн Францаас гутал оруулж ирдэг Сан Марина дэлгүүр нь 20-50 хувийн хямдрал зарлажээ. Зуны сандал тавин хувь, хавар намрын гутлууд гучин хувь, энэ намрын шинэ загварын гутлууд хорин хувь, цүнхнүүд 30-50 хувь хямдарчээ. Одоогоор өвлийн гутлууд ирээгүй байгаа бөгөөд ирсэн тохиолдолд арван хувь хямдарна гэж худалдагч Л.Үүрийнтуяа хэллээ.
Дашрамд дуулгахад: “Их хотын хямдрал-378” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн удирдлагууд Нийслэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН-ийн удирдлагыг хүлээн авч уулзжээ. Уулзалтанд Алтан тариа, Талх чихэр, Өгөөж чихэр боов ХХК, Сүү, АПУ ХК зэрэг хүнсний үйлдвэрүүд, Арьс ширний холбоо, Дархан нэхий ХК, Буян ХХК, Саммит компьютер технологи ХХК (PC mall сүлжээ дэлгүүр), Некст электроникс (сүлжээ дэлгүүрүүд), Номин тав трейд, Алтан жолоо трейд (Сансар сүлжээ), БОСА, Сонгинохангай ХХК (Миний дэлгүүр сүлжээ) зэрэг сүлжээ дэлгүүрүүд, Арга билэг трейд (10000 нэрийн бараа), Түшиг ХХК (Улаанбаатар их дэлгүүр) зэрэг томоохон худалдааны төв, их дэлгүүрүүд, Сохо тавилгын дэлгүүр, Милая сүлжээ зоогийн газар, Бродвай сүлжээ ресторан, Номадсын сүлжээ ресторан гэх зэрэг хоол үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, Хос шагай, Прапокс, Дипломат Баярмаа үсчин гоо сайхны салон зэрэг нийт 72 ААН-ийн удирдлага оролцжээ.
Уулзалтын үеэр энэ сарын 22-29-ний өдрийг хүртэл долоо хоногийн турш бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тодорхой хямдрал, урамшуулал зарлаж, нийслэлийн иргэддээ бодитой бэлэг барихыг Нийслэлийн Засаг даргаас 72 аж ахуйн нэгжийн удирдлагууд уриалжээ.
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг төлөөлж Саммит компьютер технологи ХХК, Түшиг ХХК, Хос шагай, Нью лайн ХХК, Ногоон сор ХХК-ийн удирдлагууд үг хэлж иргэдийнхээ төлөө нийслэлээс зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Б.ОЮУНЖАРГАЛ