МҮХАҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран Нийслэлийн 379 жилийн ойг угтан “Их хотын хямдрал-Бизнес фестиваль 2018” арга хэмжээг төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын оролцоотой ААН-үүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, Нийслэлийн иргэдэд хямдралтай, урамшуулалт худалдаа, үйлчилгээгээр бэлэг барихаар өнөөдөр буюу бямба гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь 2000 оноос уламжлал болж хоёр жил тутам зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд ААН-үүд МҮХАҮТ-Энх тайвны гүүр-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоо харуулан цуваагаар жагсан Сүхбаатарын талбайд хүрэх юм. Сүхбаатарын талбайд 20 ширхэг 9м2 талбайтай асар, ширээ сандал байрлуулан худалдаа, үйлчилгээ явуулах нөхцлөөр хангаж, оролцогч компани, ААН байгууллагууд урсгал зардал-цахилгааны төлбөр, компаний нэр, асарын гадна, дотор тохижилтыг хариуцаж байна. Нийслэлийн иргэд 80 гаруй ААН, компаниудын бүтээгдэхүүнийг 5-75 хувийн хямдралтай худалдан авах боломжтой. Ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, цүнх зэрэг бүх төрлийн бараа, хүнсний бүтээгдэхүүний хямдралтай худалдаа зөвхөн өнөөдөр тохиож байна.
Үзэсгэлэн худалдаанд:
“Ноос ноолуурын холбоо”
-“Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”
-“Янмал”
-“Чансаа” зэрэг компани, ААН-үүд оролцож байгаа юм.