Categories
мэдээ нийгэм

“Их хотын бүсгүйчүүд” чууллаа

Соёлын төв ордонд Их хотын бүсгүйчүүд 2018 арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээ нь НЗДТГ-аас санаачлан Нийслэлийн хэмжээнд анх удаа болж байгаагаараа онцлог юм.

Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов.

Хүндэтгэлийн чуулганыг нээж Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр хэлэхдээ “Өнөөдөр энэ өргөө төдийгүй Улаанбаатар хот “Сарнай“ цэцэгт умбаж, та бүхнийхээ хайр энхрийлэл, халамж, хөдөлмөр зүтгэлээр бахархаж ,билэгшээж, баярлуулахын төлөө залуус яаран байгаа дүр зураг олноо тод харагдаж байна. Ээжээрээ, ханиараа, охид, бүсгүйчүүдээрээ улс орон гоёж, бас тэднийхээ хатан ухаан, зөв сургааль, цэгц бодлогыг ч түшиж, тулж хөгжиж ирсэн билээ. Тийм ч учраас энэ өдөр бол та бүхний эрхээ ч хамгаалах, баяраа ч тэмдэглэх өдөр юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас анх удаа “Их хотын бүсгүйчүүд- 2018” хүндэтгэлийн“ арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэддээ, залуу хойч үедээ сурталчилан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байна” гэлээ.

Энэ талаар Нийслэлийн засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Монголын эмэгтэйчүүд ээжүүд, охидууддаа ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.

Энэхүү арга хэмжээний зорилго нь нэгдүгээрт эмэгтэйчүүдийн эрхийн асуудал өнөөдөр ямар хэмжээнд байгаа вэ? Бидний эрх хэрхэн зөрчигдөж байна вэ. Энд эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж хэрхэн хамтран ажиллаж хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах вэ гэсэн асуудлыг хөндсөн илтгэлүүд явж байна. Хоёрдугаарт нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулсан үе үеийн болон салбар салбарын төлөөлөл болсон найман эмэгтэйг тодруулсан. Бид эрхийнхээ төлөө ярина үүнийхээ хажуугаар баярлана. Цаашдаа энэхүү арга хэмжээг жил бүр хийнэ. Хотын хөгжилд хувь нэмрээ оруулсан салбар салбарын төлөөллүүдийг тодруулна. Соёл урлаг, спорт, эрүүл мэнд, боловсрол, авто тээвэр, хууль сахиулах байгууллага гэх мэт бүх салбаруудаас эмэгтэйчүүдийн төлөөллийг сонгохыг зорьсон.

Өнөөдөр нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн хувь нэмэр маш их бий гэдгийг энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ харуулж байна. Миний тавьсан илтгэл дээр ч байгаа. Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа нийслэлийн иргэдийн 46 хувь нь эмэгтэйчүүд байдаг бол боловсрол эрүүл мэндийн салбарын хөдөлмөр эрхлэгчдийн 84 хувь нь эмэгтэйчүүд байна.

Энэ хоёр салбар нийслэлийн хувьд хамгийн их асуудалтай. Эрүүл мэндийн салбар гэхэд өвчин ханиад томуу гарахад хамгийн их ачаалалтай ажилладаг боловсролын салбарт хүүхдүүдийг сургах хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулдаг. Энэ салбаруудад эмэгтэйчүүд түүчээлэн явж байна” гэв.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шалгарсан юм. Шилдэг эмэгтэйчүүд маань ажлын туршлага, амжилтын түүх, бусдыг манлайлах ур чадвар, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хотын эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн арга хэмжээнд Улаанбаатар чуулгын хамт олон, Хүүхдийн найрал дууны уралдаанд түрүүлсэн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчид уран бүтээлийн дээжсээ өргөн барив.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *