“Мандал даатгал”-ын эрсдэлийн шинжээчид олон улсын эдийн засгийн эрсдэл, Монголд үзүүлэх нөлөөллийнх нь талаар ээлжит тайлангаа гаргажээ.
Монголын эрсдэлийн тайлангийн хувьд гурав дахь удаагаа бэлтгэн гаргаж байгаа нь энэ юм. Шинжээчид энэ оныг “АНУ-ын хувьд эдийн засгийн хувьд өсөлт ахисан, Европын тухайд өсөлт удааширсан, Хятадын хувьд эдийн засаг өсөлт бууралттай жил болж байна” гэж дүгнэжээ. Энэ утгаараа олон улсын макро эдийн засгийн Монголд үзүүлэх нөлөө сөрөг байгаа аж.
Монголын эдийн засгийг тэд дотоод эдийн засгийн хувьд ханшийн өндөр өсөлттэй, өрийн дарамттай, уламжлалт бус мөнгөний бодлогоос үүссэн инфляцийн өсөлттэй, мөнгөний урсгалын тэнцвэр алдагдсан, эдийн засгийн өсөлт саарсан, банк санхүүгийн системд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нүүрлэж болзошгүй гэж оношилжээ. Үүнээс гадна ханшийн өндөр хэлбэлзлийн улмаас хувийн хэвшил, иргэдийн валютын ханшаас хүлээх алдагдал ноцтой хэмжээнд тулж бизнесийн ашиг, орлогыг хамах болсноор хүнд нөхцөл байдал дунд байна гэсэн анхааруулгыг онцолжээ. Хамгийн гүнзгийгээр хямарсан гэгддэг 2009 оны сүүлээр ажилгүйдлийн түвшин арав гаруй хувьд хүрч байж. Харин энэ оны наймдугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 6.1 хувьд хүрч буурчээ. Уг үзүүлэлтийг “Мандал даатгал”-ын шинжээчид эрс сайжирсан үзүүлэлт гэж тодотгожээ. Ажилгүйдлийн түвшин тав орчим хувьд хүрсэн үед хөдөлмөрийн зах зээл хэвийн түвшинд орлоо гэж үзнэ хэмээн Монгол банкнаас мэдэгдэж байгаа. Харин шинжээчдийн хувьд хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал хэвийн түвшиндээ хүрэх хараахан болоогүй хэмээн үзэж байгаа аж.
Их гүрнүүдийн хоорондын зөрчил дэлхийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлж байгаа ч Монголд шинэ боломж өгнө гэж “Мандал”-ынхан тайландаа онцолжээ.
Эрсдлийн тайланд “Украины хямрал ОХУ-ыг барууны орнуудаас зайгаа барихад хүргэж Хятадтай ойртох шалтгаан боллоо. Харин Монголын хувьд дунд нь оршиж байгаа боломжоо аль ч талдаа ашигтай байдлаар эргүүлж чадвал эдийн засаг маань дан ганц түүхий эдийн үнээс хараат бус болох боломжтой” гэсэн өгүүлбэрүүд дурайж байна. Гэвч нөгөө талд Орос, Хятадаас улам хүчтэй хамааралтай болох эрсдэл ч байгааг үгүйсгэсэнгүй. Шинжээчид эрх баригчдад “Хоёр их гүрний эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ улсаа хэрхэн амжилттай хөгжүүлэх вэ гэсэн асуултанд нэн даруй хариулж, урт хугацааны бодлого боловсруулан төлөвлөгөө гаргах зайлшгүй шаардлага үүсч байна” гэсэн зөвлөгөө өгчээ.
Америкийн хувьд энэ жил хөдөлмөрийн зах зээл сэргэсэн, санхүүгийн зах зээл сайжирсан үе байж. Ирэх онд улам сайжрах төлөв ажиглагдаж байгаа гэнэ. АНУ хямралын дараагаас эдийн засгаа эрчимжүүлэх мөнгөний хүчтэй тэлэх бодлогыг явуулж ирсэн аж. “Мандал”-ын шинжээчид олон улсын эрсдлийн тайландаа Америкийн хэрэгжүүлж буй бодлогын талаар “2007 оны сүүлээс 2009 оны эхэн хүртэл мөнгөний бодлогын хүүг 5.25 хувиас 0.25 хувь болтол эрчимтэй бууруулж тэлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүллээ. Энэ нь Засгийн газрын өрийн хэрэгслийг худалдан авч хөрөнгө оруулалт хийн хүүг бага түвшинд барих замаар нийт эдийн засагт хийгдэх хөрөнгө оруулалтыг өдөөх зорилготой юм. Уг хөтөлбөрийг 2008 оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж өдгөө гурав дахь үеийн хөтөлбөр нь хэрэгжиж байна. Гурав дахь хөтөлбөр нь 2012 оны есдүгээр сараас эхлэн сар бүр 40 тэрбум ам.долларын моргэйжээр баталгаажсан үнэт цаас худалдан авснаар эхэлсэн юм. Удсан ч үгүй арванхоёрдугаар сараас сар бүр 85 тэрбум ам.доллараар худалдан авалт хийх шийдвэр гарчээ. Ийнхүү нэмэгдүүлж байгаа нь эдийн засаг дорвитой сэргэхгүй байсантай холбоотой. Хоёр жилийн дараанаас 85 тэрбумыг бууруулж өнөөгийн байдлаар 15 тэрбум болголоо. Уг хөтөлбөрийг оны эцэст зогсоохоор төлөвлөж байна. Ийнхүү бууруулж байгаа нь эдийн засаг сэргэж байгааг илтгэх юм. Харин төв банк нь бодлогын хүүг эргэн өсгөхөө харзнах болсноо мэдэгдсэн. Энэ нь эдийн засаг сэргэж байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгааг илтгэлээ” хэмээн онцолжээ.
Америкийн нөхцөл сайжирч байгаа ч хоёр хөл дээрээ бат зогсох хэмжээнд хүрээгүй байгаа гэж дүгнэсэн шинжээчид Европын байдалд сайн дүн тавьсангүй. Шинжээчид тайландаа “Украин, ОХУ-ын асуудал Европ, АНУ, ОХУ-ыг хамарсан өргөн цар хүрээтэй их гүрнүүдийн хоорондох асуудал болж хувирлаа. ОХУ ба АНУ, Европын холбооны бие биедээ сөргүүлэн тавьсан эдийн засгийн хоригууд нь дөнгөж өндийж байсан Европын эдийн засагт хүндхэн цохилт болж ирлээ. 2015 онд ч нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна. Үйлдвэрлэлийн индекс өсч байсан ч буурч эхэллээ. Уг нь 2013 оны турш үйлдвэрлэлийн индекс 48 нэгжээс 54.2 нэг хүртэл өссөн нь эдийн засаг илт сэргэж байгааг илэрхийлж байсан. Гэвч 2014 он гарсаар Украины маргаан дэгдэж, цар хүрээ нь их гүрнүүдийн түвшинд хүрч эдийн засгийн бодит хоригууд тавьсан нь Европ, АНУ, ОХУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засагт итгэх итгэл буурч Европын эдийн засаг эргээд агших эрсдэлтэй боллоо. Ажилгүйдэл дорвитой буурахгүй байгаа нь гол эрсдэл хэвээр байна” хэмээн дүгнэжээ.
Ажилгүйдэл өндөр түвшнээсээ буухгүй, Засгийн газрын өрийн хэмжээ багасахгүй байгаагаас гадна Украины хямрал хүндэрсэн нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлийг дагуулж байгаа аж. Европын холбоо, ОУВС-гаас Европын энэ оны эдийн засгийн өсөлтийг 1-1.2 хувь гэж таамаглаад байгаа юм.
Урд хөршийн хувьд энэ онд эдийн засаг нь сайн байгаагүй гэнэ. Үүний шалтгааныг шинжээчид “Хятад Улс дотоодын хэрэглээгээ нэмэгдүүлэх чиглэлд хот суурин газруудыг байгуулах, байгалийн бохирдлыг бууруулахын тулд зарим нэг үйлдвэрлэл, нөөцийн хэрэглээг бууруулах, санхүүгийн систем дэх тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгаа либеральчлах гэх зэрэг хүнд даалгавруудыг хийж эхлээд байгаа юм” гэж тайлбарлажээ. Системийн хэмжээний ийм томоохон өөрчлөлтүүдээ богино хугацаанд сөрөг нөлөө багатай хийхгүй бол эдийн засгийн өсөлт нь саарах эрсдэл урд хөршид бий аж. Өсөлт нь саарвал түүхий эдийн уналтаар дамжиж Монголын эдийн засагт ч хүнд цохилт ирэх эрсдэлтэй гэнэ. Хятадын эдийн засаг саяхныг хүртэл мэдэгдэхүйц муудаагүй байсан ч ирэх жилүүдэд таагүй хэвээр үргэлжлэх төлөв ажиглагдсаар байгаа юм байна.
Нийт экспортынх нь 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, гадагш нь зарж валют болгодог эрдсийнхээ 90 гаруй хувийг зөвхөн Хятадад худалдаалдаг монголчуудын хувьд анхаарах нэг зүйл байгаа аж. Нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, молибден, боловсруулаагүй нефтийн салбарт Хятадтай урт хугацааны эдийн засгийн харилцаа үүсгэх шаардлагатай гэж шинжээчид зөвлөж байна.
Ц.БААСАНСҮРЭН