Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамт олон Их газрын чулуун ууланд аялах ердийн хөсөг болон явган аяллын маршрутын макет гаргажээ.
Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын нутагт орших Их газрын чулуу уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг. Газарзүйн онцлогийг хамгаалахаар 2003 онд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ.
Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог Их газрын чулуу нь хойш урагшаа чиглэлтэй 20 км орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтдог. Ерлөг уул 1706 метр хамгийн өндөр цэг юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстаас бүрдэх бөгөөд тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.
Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг. Тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд бий.
Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг. Энэ агуй руу 2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт нь тулна.
Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр. Агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ.
Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энд ном судар их байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Норовбанзад гуайд зориулсан дурсгалын хөшөө бий.
Агуй байрлаж буй хадан цохионууд нь харгана, шаваг, буйлс зэрэг сөөг ургамал оролцсон хялгана-агьт ургамалтай. Эдгээр агуй нь үзэж сонирхоход газрын бартаа бага, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой аж.