Бельгийн нийслэл Брюссельд Их долоогийн уулзалт өчигдөр эхэллээ. Сүүлийн 17 жилд анх удаа тус бүлгийнхэн чуулж байна. Оросын эрх баригчид Крымыг бүрэлдэхүүндээ нэгтгэх болсноо мэдэгдсэн. Үүний дараа Их наймын гишүүн орнууд Оросыг гишүүнчлэлээсээ хасах тухай шийдвэр гаргаж байсан. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 24-25-ны хооронд Гааг хотноо болсон цөмийн аюулгүй байдлын асуудлаар Их долоо хуралдахдаа ийн шийдсэн. Төлөвлөгөө ёсоор Их наймын уулзалт Сочи хотноо болох байсан ч Крым, Украины асуудлаас үүдэн дээд хэмжээний уулзалтыг Их долоо болгож Брюссельд явуулахаар болсон билээ. Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтад тэргүүлэгч орны төрийн тэргүүнүүд гадаад бодлого, эдийн засаг, худалдаа болон эрчим хүчний аюулгүй байдлын тухай асуудлаар хэлэлцэнэ. Гэвч энэ удаагийн гол асуудал нь Украины хямрал болон тус улс ОХУ-тай харилцах харилцааны тухай хөндөх аж. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Европт хийх айлчлалаа Польшоос эхлүүлсэн. Тэрээр Варшав хотноо Украины Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан П.Порошенкотой уулзсан байна. Талууд Киевт үзүүлэх эдийн засгийн тусламжийн талаар хэлэлцжээ. Б.Обама, П.Порошенко нар Польшид коммунизм нурж унасны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үедээ ийн уулзсан аж. Петр Порошенко ирэх ням гаригт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх билээ. Уг ёслолд 20 гаруй орны Ерөнхийлөгч оролцох бөгөөд энэхүү арга хэмжээнд ОХУ-ын төрийн тэргүүнийг уриагүй байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ долоо хоногт ХБНГУ-ын канцлер А.Меркель, Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон, Францын Ерөнхийлөгч Ф.Олланд нартай уулзах юм. Тэрээр өнөөдөр Парис хотыг зорих бөгөөд дараа нь Нормандид холбоотны цэрэг буусны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Ажиглагчдын онцолж буйгаар энэхүү арга хэмжээний үеэр ганцаардаад буй Орос харилцан буулт хийсэн тохиолдолд буцан Их наймд нэгдэх боломжтой ажээ.