Categories
гадаад мэдээ

“Их долоо”-гийн уулзалт боллоо

Украины нөхцөл байдлын улмаас хурцадмал байдал үүссэнтэй холбогдуулан долоогийн бүлгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын бямба гаригт эхэлсэн яаралтай хуралдаан өндөрлөлөө.

Хурлыг одоогийн долоогийн бүлгийг даргалагч Герман улс зарласан юм. Сайд нар Германы Мюнхен хотод нэг цаг хагасын турш хэлэлцээ хийжээ. Гадаад хэргийн сайд нар нөхцөл байдлыг хяналтдаа байлгахын тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж, нэгдмэл байр сууриа хадгалж, ОХУ Украин руу довтолсон тохиолдолд хариу хориг арга хэмжээ авах болон бусад арга хэмжээг авахаар тохиролцсон байна. Энэ хооронд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар ням гарагт утсаар ярина гэж Оросын хэвлэлд мэдэгджээ.

Хоёр улсын удирдагчид 2 дугаар сарын 7-нд Москвад болсон дээд хэмжээний уулзалтын үеэр таван цаг гаруй ярилцаж, дараа нь 2 дугаар сарын 12-нд дахин утсаар ярьсан юм.

Уулзалтын дараа Японы гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса “Их 7”-ийн нөхцөл байдлыг энх тайван, дипломат аргаар зохицуулах байр суурийг дахин нотолж, яриа хэлэлцээ хийх хүсэлтэд нь хариу өгөхийг ОХУ-аас шаардсан. Хэрэв Орос Украин руу довтлох юм бол маш их зардал гарна” гэж сайд нар хэлэлцсэн тухай цахимаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын хүрээнд “Их 7”-ын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд “Украины эсрэг цаашид цэргийн түрэмгийлэл хийх нь Оросын эдийн засагт хүнд, урьд өмнө байгаагүй их хэмжээний хохирол учруулах өргөн хүрээний зорилтод санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авах зэрэг асар их үр дагаварт хүргэнэ” гэж анхааруулжээ.

Мөн мэдэгдэлд, ОХУ Украины эргэн тойронд цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа нь “Хүйтэн дайн дууссанаас хойш Европ тивд байршуулсан хамгийн том цэргийн ажиллагаа” бөгөөд “дэлхийн аюулгүй байдал, олон улсын дэг журамд сорилт болж байна” гэжээ.

ХБНГУ-ын гадаад хэргийн сайд Анналена Баербок бямба гарагийн уулзалтыг зохион байгуулсны дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ыг хурцадмал байдлыг намжааж, “Их 7”-ын дипломат арга замаар шийдвэрлэх уриалгад хариу өгөхийг уриалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *