Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл”-ийн энэ оны төлөвлөгөөнд тусгасны дагуу Хан-Уул дүүрэг дэх АПУ-гийн уулзварт дуут дохио байршуулж ирэх сард хүлээлгэн өгөхөөр болжээ. Мөн энэ ондоо багтааж Сүхбаатар дүүрэг дэх Улсын их дэлгүүр, Цэцэрлэгт хүрээлэн болон Хан-Уул дүүрэг дэх Хараагүйчүүдийн үйлдвэрийн орчим явган хүний гарцанд дуут дохио суурилуулахаар ажиллаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн тээврийн буудал, зогсоолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, агаарын тээврээр үйлчлүүлэхэд хөнгөлөлт үзүүлэх, жилд нэг удаа хот хооронд үнэгүй зорчих зэрэг бодлогын асуудлыг тусган үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлжээ.
Тус дэд зөвлөлөөс өнгөрсөн онд тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгайлан тоноглосон бага оврын автобусыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгч байсан. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан “Дөрвөн бэрх хөгжил” сантай хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар тусгай дунд сургууль болон 186 дугаар тусгай цэцэрлэгийн гаднах орчинд үнэлгээ хийж, хүүхдүүдийн ая тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлээд байгаа юм.
Мөн төмөр замын үйлчилгээний чиглэлээр зорчигчийн 482-р вагоныг МNS 5876:2012 стандартыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрчлөн тоноглосноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргэнцэртэйгээ төмөр замаар хүндрэлгүй аялуулах боломжийг бүрдүүлснээр 2160 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ая тухтай тээвэрлэдэг болоод байна.