Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аби /М-15/-тай учраа таарч, түүнийг ошитаоши мэхээр хаяж, башё дуусахаас 1 өдрийн өмнө түрүү бөхөөр тодорлоо.
Энэ цаг үед барилдаж байгаа ганц Их аварга Тэрүнофүжи башёгийн сүүлийн өдрийн барилдаанд Озэки Такакэйшотой барилдана.
Кюүшюү башёгийн хоёр Озэки цолтнууд болох Шодай, Такакэйшо нар энэ өдөр учраа таарч Озэки Такакэйшо цүкидаши мэхээр давж 12 даваа, 2 унаатай байгаа бол Шодай 9 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Сэкиваке Митакэүмитэй барилдаж түүнд хатакикоми мэхээр ойчиж 9 даваа, 5 унаатай амжилттай барилдаж байна.
Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 8 унаатай байгаа бол Кирибаяама 5 даваа, 9 унаатай энэ башёд амжилт тааруухан явна. Мөн Комүсүби Ичиножёо, энэ өдөр Хүкүтофүжи /М-12/-тэй барилдаж, түүнд цүкиотоши мэхээр унаснаар 5 даваа, 9 унаатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/ Ютакаяама /М-13/-тай учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 6 унаатай болж 50 хувийн амжилтаа хийгээд байна.