Одоогоос хориод жилийн өмнө миний бие “Аугаа үндэстэн” хэмээх сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга хэмээх албанд томилогдон орохуй дор Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын сэтгүүлчийн гурав билүү дөрөвдүгээр курсийн Л.Мөнхзул, С.Эрдэнэбаяр, Б.Лхамсүрэн зэрэг залуус аль хэдийнэ сэтгүүлч болох зам мөрөө энэ сониноор эхэлчихсэн байлаа. Эдгээр залуусыг ил цагаан магтах гэсэн хэрэг биш л дээ, Д.Цэмбэл, До.Цэнджав зэрэг манай монгол хэл зүй, сэтгүүл зүй, уран зохиол яруу найргийн томоохон нөхдийн гарын шавь байсан нь бичсэн жижигхэн сурвалжлага, нийтлэл, ярилцлага зэргээс нь ажиглагдаж байв.
Эдний дотор Дорнод аймгаас ирсэн Дамдинсүрэнгийн Дамдинжав гэх бор хүү байлаа. Ганц хуушуур авч идэхээсээ илүүтэй бохийг илүү хүсэмжлэх тэрээр чихнийхээ ард наасан бохио аваад зажилж байснаа гаргаж ирээд хуруугаараа нухна, сунгана, хэдэн хэсэг тасдаад дахин нийлүүлж зажилна. Энэ үйлдлийг хэдэн арав дахин хийнэ. Хажуугаас нь хараад тэсвэр алдаж, наад бохио хая, юмаа бичээч гэвээс ил цагаан инээж л суудагсан тэр. Түүний бичлэг маш өвөрмөц сэтгэлгээний гүн цартай, үгийн онч сайтай байдагсан. “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн судар номын ботид хүмүүсийн бүдэгхэн дүрийг маш сайнаар дүрслэн бичдэг байв. Ер нь хүний тухай, хувь хүний мөн чанарыг хөндлөнгийн сэтгүүлч хүний нүдээр бичих чадварыг До.Цэнджав багш нь сайтар суулгаж өгсөн юм билээ л дээ.
Д.Дамдинжав сонинд ирээд удаагүй байтал нэг өдөр “Би номоо гаргах гэж байгаа, та номыг минь шүүж, өмнөтгөл бичиж өгнө үү” гэдэг байгаа. Пээ та минь миний үед оюутан байхдаа юун ном гаргах, багшийгаа бараадаж явсаар төгсөж ажлын баттай мөртэй болоод л сая өөрийн юмаа нухдагсан. Гэтэл… гэж бодсоор номны эхийг авч билээ. Бэсрэгхэн шүлгийн номын гарчигнаас нь л Дамдинжавын хэтийн үзэл бодол харагдаж байсан.
“БУСДЫН СҮМ ДЭХ МИНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ” номондоо:
…Дандаа надад баяр баясгалан болдог шалтгаа би одоо харааж байна
Даанч энэ шалтаг надаас урваж өгөхгүй хачиг шиг наалдана
Дарвих цагийн минь нөхөр-эрх чөлөө чи
Даруй надаас урваж, гуних шалтаг минь болооч
Дасал болсон нөхдийнхөө нармайг нээмээр байна
Дарс хундагалуулж, тохойг минь бүү түшүүл, тэднээр…
гээд халуухан онгодтой ширүүхэн хурц шүлгүүд нь хаа холын Орос орны Есенин, эсвэл Блок зэрэг алдартангуудын шүлэг мэт санагдуулж байлаа.
“Аугаа үндэстэн” сонин долоо хоногт нэг удаа А2-ийн найман нүүрээр гардаг чамгүй захиалагчтай “УламжлалШинэчлэлХөгжил буюу Өнгөрснөөс өвлөж, Өнөөдрийг бүтээж, Ирээдүйг дагуулна” гэсэн нэлээд ангич намч уриатай, дугаар бүрээрээ нийгмийн нэгэн томоохон сэдвийг хөндөн олон талаас нь сурвалжлага, нийтлэл, ярилцлага зэргээр бичдэг байлаа. Харамсалтай нь эрхлэгч маань гадаадад амьдрах болсноор сонин хаагдсан юмдаг.
Тун удалгүй “Нийгмийн толь” хэмээх шинэхэн сонинд Д.Дамдинжав улс төр нийгмийн сэдвээр УИХ-ын гишүүд болоод намаар дамжин төрд шургалсан хэсэг бусаг нөхдийн тухай баримтат нийтлэл бичиж эхэлсэн нь олны анхаарлыг татаад зогсохгүй элдэв дарамт шахалтад орж билээ. Хэдийгээр тус сонин ард түмний нэрийн өмнөөс төрийг хянагч, чөлөөтэй шүүмжлэх эрх чөлөөний индэр, олон ургалч үзэл бодлын талбар байсан ч сурсан мэргэжил, шударга зан хоёртоо үнэнч Д.Дамдинжавыг редакцын хаалгыг хааж гарахад тогтоож чадаагүй юм.
2007 оны өвлийн нэгэн өдөр өнөөх Дамдинжав маань, “Би өнгөт сэтгүүл гаргахаар хөөцөлдөж байна, та надтай хамтарч ажлаач” гэдэг юм байна. Хариуд нь би, “За даа, муусайн сэтгүүлүүд долоо хоног, гуч хоног, гурван сараар ч гарч л байна. Хэрэггүй юм биш үү гэвээс, УБ хэвлэх үйлдвэртэй яриад гэрээгээ хийчихсэн,”ЭНЭ таны сонголт” нэртэй, өдөр тутмын өнгөт сэтгүүл, үнэ нь 500 төгрөг, би сэтгүүлийнхээ төлөвлөгөө, график, зардал, хэтийн зорилт зэргийг дэлгэрэнгүй бичээд сумо-гийн их аварга Батбаяр ахтай уулзсан чинь Монголд сэтгүүл зүйн шинэлэг санаа гаргаж байгаа юм байна, ах нь дэмжиж санхүүгээр тусална гэсэн гэлээ.
Удаа ч үгүй Их аварга хэлсэндээ хүрч шинэхэн байрныхаа хэдэн том өрөө, сүүлийн үеийн компьютер, ширээ сандал гээд л бүх зүйлээр тусалсан юмдаг. Ингээд л “ЭНЭ” таны сонголт нэртэй Монголын анхны өдөр тутмын өнгөт сэтгүүлийг хорь гаруй үе тэнгийн залуухан сэтгүүлчдийн хамтаар Дамдинжав гаргаж эхэлсэн дээ.
Том том квор зурагтай, 62 нүүр бүхий дөрвөн өнгөт А4ийн 5000 ширхэг сэтгүүлийг хэвлэж, өглөө бүр бэлэн болгох нь “УБ принт” хэвлэх үйлдвэрт түвэгтэй байсан ч үүргээ цагт нь биелүүлдэг байлаа. Бас болоогүй ээ, “Өдрийн сонин”, “Зууны Мэдээ”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын сонины томоохон нийтлэл, сурвалжлага, мэдээ мэдээллийг багцалсан А3-ийн найман нүүр “ЭНЭ СОНИН” хэмээх сэтгүүлийн хавсралт сонин гаргасан нь Монголдоо анхны мэдээллийн нэг цэгийн үйлчилгээний эхийг тавьсан юм шүү дээ.
Дашрамд хэлэхэд, хотын хэмжээнд захиалагч нарыг бүсчлэн хувааж сэтгүүл, сонин түгээлтийн шуурхай хэсэг байгуулж хориод түгээгч оюутан залууст дугуй авч өгсөн юм даг. Ингэснээр сэтгүүлийг өглөөний есөн цагаас өмнө уншигчийн гарт хүргэж чаддаг байлаа.
Д.Дамдинжав ингэж хэвлэл мэдээллийн салбарт шинэлэг шинэ зүйлийг гаргаж ирснээр бядан явагч нөхдийн дургүйг хүргэдэг байлаа. Нэгэн шөнө редакцын бүх өрөөнд хулгай орж толгой компьютерийн хард диск болоод мөнгө төгрөг гээд элдэв зүйлийг нь аваад талийжээ. Баянголын цагдаагийнхан хэдэн өдөр ажил хэрэг болгосон ч олигтой юм болсонгүй өнгөрлөө. Хулгай хар мөртэй гэж настангууд ярьдаг даа, атаа жөтөө гэнэн цагаахан хэнийг ч хорлодог л юм билээ.
Намрын нэгэн жихүүхэн өглөө редакцын хэдэн залуус уйтайхан гунигтайхан угтлаа, манай ажлын хоёр том өрөө тэр чигтээ галд шатжээ. Баянголын галын алба, цагдаа гээд нэлээд олон нөхдүүд ирж тал бүрээс нь шинжээд эзэн холбогдогчийг тогтоож чадаагүй л юм даа. Эл байдлыг үзээд их аварга Батбаяр: “Пээ бурхан минь бүхэл бүтэн байшин (13 давхар) шатаагүй нь яамай даа, Дамдинжав минь бүтэн юм байвал аваад гар даа” гэхэд нь нүд харанхуйлаад…
Дундаа дамждаг хоёр том өрөөнд байсан том жижиг олон тооны ширээ, сандал мөн тооны компьютер шүүгээ элдэв аж ахуйн хэрэглэл, баримт бичиг, хорь гаруй сэтгүүлчийн хувцас хунар, баримт навтарга, үзэг харандаа бүгд хөө тортог, үнс хярвас. Эцэст нь цагдаагийн дүгнэлтээр дотроосоо гал гарчээ гэсэн юм даа.
Би мэтийн юмс сэтгэл санаагаар унаж нэг хэсэгтээ нар харалгүй гэлдэрч явахад, толгой хорогдох орон гэргүй Дамдинжав маань өнөөх л гэгээн цагаан инээмсэглэсээр “Би маш сонин санаа оллоо, тантай л хамтарч хийнэ гэсээр манайд ирдэг юм байна. Би ч айсан, бас залхсан л даа, Гэхдээ л яриаг нь сонсоод өөрийн эрхгүй хамтарч “Панз Юндэн”-г хийсэн дээ.
“Панз Юндэн” гэдэг сонин содон нэртэй телевизийн худалдааны нэвтрүүлэг нь үзэгч гэрээсээ хүссэн бараагаа дундын ченжийн нэмэгдэл үнэгүйгээр суурь үнийг буулгаж авах боломжийг олгох зорилттой байв.
Эхлээд ТВ9тэй хамтарч хийх гэсэн боловч телевизийн нөхөд сайтар ойлгож чадаагүй юм. С-1 телевизийн “Унагалдай”тай уулзаж ярилцлаа. Тэрээр дуртай нь аргагүй зөвшөөрч эфирийн цаг тасалж болохгүй, улс төртэй зууралдахгүй зөвхөн наад сонирхолтой нэвтрүүлгээ хий гэж урам өгсөнсөн. Баярласан гэж юүхэв.
Ингээд телевизээр бараа бүтээгдэхүүнээ үнэ хямдруулан хурдан борлуулах сонирхолтой хувь хүн, компанийн эрэлд Дамдинжав бид хоёр нэлээд өдрийг зарцуулж чамгүй бараатай боллоо. Бидэнд хамгийн түрүүнд GIM компани итгэж бараагаа өгснийг мартдаггүй юм. АПУ ус ундаа, СУМАН ГҮН хүнсний кампани хэвийн боов, “Үндсэн хүнс” компани амтлаг хар талх, хувцас хунар, хөргөгч зурагт, гэр ахуйн хэрэгсэл гээд л тасралтгүй бараатай болсон л доо. Үүний хажуугаар телевизээр дуудлага худалдааг хийх аятайхан яриа хөөрөөтэй, царайлаг хөтлөгч олохын тулд аминдаа сонгон шалгаруулалт хийсэн ухаантай. Соёл урлагийн их сургуулийн төгсөх ангийн Даваа,… нарыг шилж авлаа. Бидний нэвтрүүлэг олны анхааралд түргэн хүрч С1 телевизийнхэнд ч ачаалал ихэсч билээ. Бидний ажил нэмэгдэж хамтарч ажиллах нөхөд, бараа таваар ирдэг боллоо.
Ингэж Монголд анх удаа ТВээр үнэ унагах дуудлага худалдааг Д.Дамдинжав сэтгүүлч л хийж чадсан юм даа. Олон ч телевиз бидний санааг хуулсаан хуулсан. Бүүр хамтарч ажилъя гээд гуйж явсан Э.Магнайбаяр гэгч (Сонгинохайрхан дүүрэгт намаас сольдог) нөхөр өөр телевизэд бидний санааг мөнгөөр худалдчихсан байж билээ. Өнөөдөр Монголын бүх телевиз өмд гуталнаас эхлээд зарж болох бүхнийг үнэ хөөрөгдөн зардаг болжээ. Үүнийгээ ТВтохиролцоо гэж нэрлэсэн нь хачирхалтай.
Д.Дамдинжав ингэж үнэ “унагасан” сонирхолтой нэвтрүүлэг хийж явахдаа, “Зүрхний хэл” хэмээх яруу найргийн 12 хэвлэлийн хуудас бүхий номоо гаргаж амжлаа. Хэн нэгэн цол гуншинтай эрхэмсэг гуайгаар өмнөтгөл, эсвэл мялаалгын үг бичүүлээгүй өөрөө оршилдоо “Миний өчүүхэн төсөөллөөр бол яруу найраг бидний өдөр тутамдаа хэрэглэж байдаг хэлээр өгүүлэгддэггүй. Бидний мэдэх цагаан толгойн үсэг, үг,өгүүлбэр зүйн холбоосоор яруу найргийг илэрхийлдэг л болохоос бүтээдэггүй. Яруу найраг бол өөр хэл зүй.Яруу найрагчдыг мөхөс би тэр хэлний гайхамшигт орчуулагчид гэж боддог юм. Түүнийг мэдрэмжийн хэл, сэтгэлийн хэл, эсвэл зүрхний хэл ч хэмээн нэрлэж болох юм аа…”гэж бичжээ.
“ЧАМДАА ЗОРИУЛЪЯ” шүлэгтээ:
Үүлсээр хучиж, сүүдрээр өлгийдье, би чамайг
Үгүйг чинь орчлон гэрэл мэт санагалздаг.
Үндсээр бөхөлж, өвс мэт ургуулъя, би чамайг
Үнэр чинь борооны дараах шиг тал дүүрэн ханхлаг.
Үлгэр зохиож, шүлэг хэлж өгье, би чамд
Хүмүүс зүрхний хэлийг сураад
Хорвоод хайрын цэцэгс тариг ээ гэж тээр хол аниргүйн алсад одсон хэн нэгэнд зориулсан “зүрхний хэл”ээр бичсэн олон сайхан шүлэг байж байх юм.
Монголд 1980аад оны сүүлчээр Варьете-чуулгад Лонжид, Баяр зэрэг урлагийн их авьяастнууд анх удаа кабаре хэмээх дуут бүжгийн цэнгээнийг тайзнаа тавьж байсан бол мань Дамдинжав 2013 онд УБ паласд шөнийн дуубүжгийн кабаре цэнгээнийг бас зохион байгуулж чадсан юм даа. УБ паласын бага танхимд анхны тоглолтыг хийхэд 500 гаруй үзэгч дуут бүжиг үзэнгээ шар айраг шимж, зууш амталж гурван цаг тухлан суусныг санаж байна.
Кабаредуут бүжиг тавихдаа мэргэжлийн бүжигчин, дуучин сонголгүй, хотын их дээд сургуулийн охидоос зүс царай, бие бялдарын тэгш хэмийг харгалзан авч бүжгийн багшаар бүжиг хэмнэлийг заалгасныг мартдаггүй юм. Дуу шуугиантай эхэлсэн кабаре хэмээх шөнийн дуут бүжгийн тоглолтыг Баянголын цагдаагийн нөхөд эхнээс нь таашаагаагүй, оройн тоглолт бүрт бөөн цагдаа ирж “аюулгүй байдлыг” сахин хамгаалж даруй тараахыг шаарддаг байлаа.
“Гүйх нохойд шээх нохой саад” гэдэг шиг шинэлэг зүйл хийх гэсэн Д.Дамдинжавын их хүсэл бүхэн хяслантай байсныг санахад түүнийг улам хурцалж өдөөж байжээ гэж боддог юм даа. Утга зохиол, сэтгүүл зүйн сайн багш нарын гараас гарсан түүнийг хэд хэдэн сонин сэтгүүлийн газар ажиллахыг урьсан ч аль нэгэн нам, эсвэл баян нөхрийн хараат сонин сэтгүүлийн тогоо өнгийж суухыг хүссэнгүй нэгэн хэсэгтээ чимээгүй суусан юмдаг.
Чимээ аниргүй нам суусан нь учиртай байж. Тэр сэтгүүл зүйн нэлээд хүнд жанр ПАМФЛЕТ төрлөөр цуврал ном бүтээжээ. Памфлет гэдэг нь баримт түшсэн шүүмжлэл, ёгтлол, зүйрлэл ихтэй голдуу улстөрчдийн хөрөг нийтлэл багтдаг бичигчээс ихээхэн эр зориг, тэсвэр, судалгаа шаарддаг уншигч олны анхаарлыг онцгой татдаг сэтгүүл зүйн нэгэн төрөл юм л даа.
Зохиолч Д.Дамдинжав нь памфлет төрлөөр “ГОЛ ТОГЛОГЧ” нэртэй хоёр боть номыг гаргасан нь олны анхаарлыг онцгой татаж байна.
Жишээ нь: …”Улстөрч гэдэг ихэнх тохиолдолд улс орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаг хүнийг хэлдэг. Тэгвэл Сү. Батболдын хувьд тэгж хэлэхэд эндүүрэл болж мэднэ, эсвэл хэт дэгстэж мэднэ. Учир нь өнгөрсөн хугацаанд уг хүн маань улсын ажлыг өөд нь татсан гэхээсээ илүүтэй хувийн бизнесийг өөд нь татсан гэж хэлэгддэг…” гэж УИХын гишүүн Сү. Батболдын тухай “Хүйтэн цуст капиталист” гэж бичжээ.
“Манай үеийн мангас” нийтлэлдээ: …”Улстөрчийн хувьд хэдийнэ “үхдэл” болчихлоо доо гэж бодтол эргээд л босоод ирэв. Тэр толгойг нь тасдсан ч дахиад л толгой ургаж ирээд байдаг мангас аятай л аашилж байна. Н.Энхбаяр бол аюул занал, “хадны мангаа”… хэмээн бичсэн бол, … “Ц.Элбэгдоржийн үгэнд итгэх хэрэггүй шиг нөхөр, эсвэл дайсанд нь үнэмших хэрэггүй. Тэр нэг өдөр нөхрөө зүхэж, дайснаа магтаж мэднэ. Э.Бат-Үүлийг С.Зоригийн аллагад холбогдуулан шалгаж байх үеэр “Би БатҮүлийг Улсын баатар болтол нь дэмжсэн” гэх хуншгүй үгийг унагаж зогссон удаатай”… хэмээн Монгол Улсын хэмжээний улстөрчдийг бодит үйл явдлыг гаргалгаатай бичсэн байдаг.
Шулуухан хэлэхэд, зохиогчийн амь насанд халгайтай памфлет төрлөөр Монголдоо анхлан бичиж байгаа Д.Дамдинжавын бүтээлийг сэтгүүл зүй, уран зохиол, ном зүйн талаас нь шүүмж судлал бичих хэн нэг нь үгүйлэгдэж байна.
Наран мандах Дорнодын Гурванзагал сумаас өндийсөн ийм нэгэн залуу өнөөдөр Монголын шинэ үеийн яруу найрагч, зохиолчдын гал голомтод дөл нэмж хүч түрэн орж ирлээ. Түүний уран бүтээлийн эцэс төгсгөлгүй жим өргөн байгаасай гэж ерөөе.
Сэтгүүлч Мунаагийн БАТМӨНХ