Английн хатан хаан II Элизабетийн хаан ширээнд заларсны 63 жил, долоон сар, хоёр өдрийн ой өнөөдөр тохиолоо. Ийнхүү Их Британийн хатан хааны титмийг 63 жилийн турш зүүсэн хатан хаан Викториягийн хугацааг шинэчилжээ.
952 оны хоёрдугаар сарын 6-нд Эдинбургийн гүнж Элизабет Александр Мэри Виндзор 25 насандаа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хаан ширээнд заларчээ. Хэдийгээр энэ өдрөөс эхлэн хаан ширээнд заларсан хугацааг тооцдог боловч энэ өдөрт зориулсан албан ёсны арга хэмжээнүүдийн ихэнхийг уламжлал ёсоор зуны саруудад явуулдаг юм.
Өдгөө 89 насыг зооглож буй хатан хаан Элизабет Британийн хамтын нийгэмлэгийн гишүүн 53 орны тэргүүн бөгөөд 16 улсын хувьд бэлгэ тэмдгийн чанартай төрийн тэргүүн нь юм.
Хатан хаан II Элизабет үүрэг зорилгодоо үнэнч байж, үлгэр дууриал болж байсан гэж түүхчид дүгнэдэг байна. «Хатан хаан энэ үүргийг Британийн хаант улс задарч Хамтын нийгэмлэг дөнгөж бүрэлдэн бий болж байх үед эцгээсээ өвлөн авсан. Эцгийг нь нас барсны дараа түүний гүйцэтгэх үүрэг бүрхэг болсон боловч тухайн үед Энэтхэгийн Ерөнхий сайд Жавахарлал Неру залуу хатагтай Элизабетийг Британийн хамтын нийгэмлэгийн тэргүүнээр сонгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн захидал илгээсний дараа Британиас тусгаар тогтнолоо зарлаад байсан бусад улс ч үүнийг зөвшөөрсөн» гэж Британийн хаант засаглал болон Британийн хамтын нийгэмлэгийн түүхийн тухай номын зохиолч Роберт Жобсон ярьжээ.