Украины хил дээр ОХУ тактиктийн 100 батальон бүхий 100 мянган цэрэг, офицер бүхий цэргийн хүч нууцаар төвлөрүүлж, энэ хүчний тэн хагас нь хил дээр байлдааны байрлал эзлэн тулалдаанд ороход бэлэн болоод байна гэж АНУ-ын Цэргийн тагнуулын байгууллага сэрэмжлүүлэх мэдээ болгон цацсан. Харин Москва энэ мэдээг хуурамч явуулга хэмээн няцаасан.Тэгвэл бодит байдал ямар байгааг «Свободная пресса» өнгөрсөн лхагва гаригт ДНР буюу Донбассын Бүгд Найрамдах улсын Батлан хамгаалахын сайд асан, олонд Игорь Стрелков нэрээр алдаршсан Игор Гиркинийг урьж ярилцсан байна.
-Та Орос Украины хооронд том дайн зайлшгүй гарна гэсэн байна.
-Тийм ээ, 2014 оноос энэ хоёр улсын хооронд дайн гарч магадгүй болсон бол 2016 оноос бүр зайлшгүй зүйл болсон.
-Яагаад?
-ОХУ 2014-2015 онд цэрэг, улс төр, эдийн засгийн харилцан ашигтай бодлого явуулж Донбасс болон өөрийн улсыг Украинтай найрамдуулах боломж бүрэн байсан.ОХУ энэ боломжийг ашиглаж чадалгүй алдчихсан. Үр дүнд нь Украины Оросын эсрэг үзэлтнүүд болон барууны холбоотнууд нь цаг хожин өөрийн талын төр засгийг Украинд бэхжүүлж, байлдааны бүрэн чадвартай армитай болчихоод байна. Энэ нь Украин ОХУ-ын эсрэг байж гэмээнэ барууны улсуудын дэмжлэг авч оршин тогтнох болсон гэсэн үг. Барууны улсууд өнөөдөр Украиныг чинээнд нь тултал зэвсэглэчихсэн. Энэ нь Украин ДНР болон ЛНР-ийг довтлон бут цохих боломжтой болсон гэсэн үг. Энэ тохиолдолд ОХУ бууж өгөх, эсвэл Украинтай байлдахаас өөр аргагүй гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ .
-Та Донбассын байлдааны мэдээг авч чадаж байгаа юу?
-Би өдөр болгон өөрийн “ВКонтакте” сайт дээр ДНР-т болсон байлдааны бүх үйл явдлын мэдээг нийтэлдэг юм.
-Та Украины Батлан хамгаалах яам өөрийн тагнуулын мэдээнд үндэслэн “Энэ өвөл Донбассын төлөө дайн гарна” гэж мэдэгдсэнийг мэдээж мэдсэн байх. Мөн Киевийн олон нийтийн сүлжээний нэрт төлөөлөгч Арестович 2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Донбассын дайн эхлэнэ гэж бүр нарийн хугацаа заасан. Барууныхан Зул сарын баяр тэмдэглэж байх үеэр үнэхээр дайн эхлэх юм болов уу?
-Кремль төдийгүй ерөөс оросуудад Украинтай хийх дайн огт ашиггүй. Учир нь энэ дайн дэгдвэл барууныхан “Северный поток-2” хийн төслийг шууд хаана гэдгээ мэдэгдчихсэн. Энэ хийн хоолой хаагдвал ОХУ-ын хувьд мөхөл болно гэсэн үг. Энэ төсөлд хэдэн арван тэрбум валють орчихсон. Барууныхан мэдээж “Северный поток-2” хийн төслөөс гадна манай бүх томчуудын гадаад данс бас хөрөнгийг царцаана. Энэ бол зүгээр л сүйрэл болно гэсэн үг.Украинд дайн болсон ямар ч тохиолдолд барууныхан ОХУ-ыг буруутгана. Иймээс өнөөдөр Кремль өнөөдөр ямар ч гарцгүй мухардалд орчихоод байна. Хэрэв Украин өөрөө эхлэж Донбасс руу довтолсон тохиолдолд оросууд туслахаас өөр аргагүй болно. Учир нь Донецк болон Луганск дангаар Украины довтолгоог сайндаа л арав хоног тогтоож чадна. Тэгээд бүх зүйл дуусна. Хэрэв ОХУ-ын цэрэг туслахаар Донбасст орвол барууныхан “Та нар Донбасс бол Украины нутаг. Бид ДНР-ын ч ЛНР-ын алийг нь ч тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн биз дээ. Тэгээд энэ нутагт та нар цэргээ оруулчихлаа.Тэгэхээр ОХУ түрэмгийлэгч мөн байгаа биз дээ” гэнэ.Ингээд оросуудын мөхөл болох бүх хориг арга хэмжээг авч явуулна.Хэрэв Москва “Украины дотоод хэрэг” хэмээн Донбасст туслахгүй бол Донецк ч Луганск ч хэдхэн өдөрт Украинд эзлэгдэнэ.Энэ тохиолдолд Крымыг Украинд нэгтгэх асуудал шууд босож ирнэ. Крымыг алдвал Донбасст болсон явпал Москвад өөрт нь тулж ирнэ гэсэн үг. Иймээс аль ч тохиолдолд Украины дайны асуудал Москвагийн хувьд хоолойд нь тавьсан хутга болчихсон.
-Украины зэвсэгт хүчин үнэхээр ийм хүчирхэг болсон гэж үү?
-Өнөөдөр Украины зэвсэгт хүчин амжилттай довтлох чадвартай болсон төдийгүй хэдхэн өдөрт ДНР болон ЛНР-ын Бүгд найрамдах улсыг мөхөөх чадвартай болсон.
-Та өнөөдөр Донбассын хамгаалалтын бүсийг “цаасан” цэргүүд хамгаалж байгаа гэх гээд байна уу?
-Үгүй л дээ. Өнөөдөр журамт цэргүүд фронтын шугамыг хамгаалж чадаж байна. Гэхдээ Украины довтолгоо эхэлбэл шууд л дуусна. Довтолгооны эхлэл болох их буу, пуужингийн буудлагаар л бүгд баатарлагаар амь үрэгдэнэ гэсэн үг.
-Фронтын зарим хэсэгт ОХУ-ын хил хүрэх зай 30 орчим км байгаа гэж би зөв тооцож байна уу. Энэ зайг украины танкууд ганц өдөрт л туулах байх.
-Юу яасан нэг өдөр? Яг юу болохыг цэргийн хүний хувьд би сайн мэдэж байна.украинчуудад хоёр зам бий. Хэрэв ОХУ довтлохгүй гэдгийг мэдэж байвал Украинчууд Луганск өртөөнөөс Азовын тэнгис орчмын Тельманов суурин хүртэл бүх фронтын дагуу довтолно. Эсвэл оросууд оролцоно гэж үзвэл тодорхой хэсэг газруудаар довтолж түшиц газруудад бэхжин бага багаар цааш ахина. Харин орос цэргүүд туслахаар орж ирвэл Киев дэлхий даяар “Энэ эзлэн түрэмгийлэгчдийг харж байна уу. Оросууд манай тусгаар улсад довтоллоо.Манай Донецкийг бөмбөгдөж байна” гэж хашгирна. Ингээд дэлхий даяар Оросын эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авч эхэлнэ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй. Сирид оросуудын эсрэг байлдааны ажиллагаа идэвхжинэ. Кавказ ч хөдөлгөөнд орно. Талибууд яах нь тодорхой. Бас Беларусь-Польшийн хил гэж нэг “сайхан газар” байна.
-Игорь Всеволодович, та өөрийгөө Украины генералуулын оронд тавьж миний асуултад хариуллаа. Одоо Оросын генералуулын оронд өөрийгөө тавиад үзэхгүй юү. Тэд яах бол?
-Хэрэв Украин довтолбол нэгдүгээрт Оросын армийн нэмэлт хүч ирж амжихгүй.Хоёрдугаарт, Украины арми 2014 оныхоос огт өөр,илүү хүчирхэг, илүү мэргэшсэн, илүү зэвсэглэсэн.Энэ бол миний бодол огт биш, өнөөдөр фронт дээр байлдаж байгаа тэр хүмүүсийн үзэл бодол юм шүү.
-Өнөөдөр Донбассын жирийн иргэд ямар бодолтой байгаа бол. Тэд Украины “чөлөөлөгчид”-ийг хэрхэн угтах бол?
-Өнөөдөр Донбассын ихэнх хүмүүс Москвагийн байр сууринд маш гомдолтой байгаа. Энгийн иргэд Москва болон Путинд бүр хорсдог болсон. Гэвч оросуудыг тусална гэдэгт найдсаар байна. Энэ хугацаанд маш олон хүн Киевийг эсэргүүцэх сонирхолгүй болсон. Хэрэв дайн эхэлбэл Орос руу шууд зугтах олон иргэн байна. Бас украины цэргийн эсрэг ямар нэг үйл ажиллагаанд оролцоогүй энд өөрийн гэр оронтой, жижиг ч гэсэн эдлэн газартай ОХУ руу явахгүй гэсэн бодолтой ч олон хүн байна. Гэхдээ Украин Донбассыг эзэлбэл хэн ч ялгаагүй хэлмэгдэлд өртөх нь тодорхой. Москва Донецк болон Луганскын асуудлаар бууж өглөө гээд юу ч өөрчлөгдөхгүй. Тэртэй тэргүй болох ёстой дайныг түр зуур хойшлуулж улам л хүнд тулалдаан хийх нөхцөл бий болгоно. Иймээс Украины дайн гарцаагүй болно. Бүр тун удахгүй эхэлнэ. Нэгэнт дайн хийх нь гарцаагүйгээс хойш энэ дайнд оросууд бид ялах нь чухал.
Өнөөдөр дэлхий даяар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж инфляци тогтмол өссөөр байна. Инфляцийн ийм өсөлт эцэстээ ажилгүйдлийг хяналтаас гаргаж улс төр, нийгмийн гүн хямрал бий болгодог. Энэхүү дотоодын хямралыг иргэдийн бодлоос холдуулж гадны хямрал болгон дайн хийх гэсэн эсрэг талуудын сонирхол нэгдсэн үед дайн гарцаагүй болдог нь хүн төрөлхтний түүхээр нэгэнт нотлогдсон зүйл гэдгийг санахад илүүдэхгүй.
Г.АМАРСАНАА