МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Физикийн 1995-1999 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Эдний ангийнхан төгсөөд 15 жил болж байгаа юм байна. Ангийн уулзалтаар цугласан байхад нь очлоо. Уулзах газраа бүгд яг цагтаа иржээ. Гадаадад болон, хөдөө орон нутагт байдаг хэдээс бусад нь ирсэн байв. Ангийнхан байнга холбоотой байдаг бөгөөд нэгнийхээ зовлон жаргалыг үргэлж хуваалцдаг уламжлалтай.
Нэгдүгээр курст орохдоо 85 хүүхэд элсэн орж байсан ч 20 гаруй хүүхэд төгсч байжээ. Эдний ангид хот, хөдөөнөөс конкурсдэж хуваарь авч ирсэн ч ихэнх нь нэг нэгнийгээ таньдаг байсан гэнэ. Учир нь жил болгоны физик, математикийн олимпиадад аймаг, дүүргээсээ сонгогдон ордог хүүхдүүд байсан аж. Тиймээс ч эдний ангийнханд багш, оюутнууд сайн ханддаг байв. Х.Цоохүү багш нь “Сүүлийн 40 жил сурлагадаа ангиараа сайн ийм анги байгаагүй” гэж хүртэл магтдаг байсан гэнэ.
О.Хуягцогт “Багш нар ангид орж ирээд лекц уншаад гардаг байсан бол манай ангид мэтгэлцэж байгаад гардаг байлаа. Багшийг хичээл заахад заавал яагаад ийм байна гэсэн асуулт тавьж ярилцана. Шинэ залуу багш нар манай ангид хичээл заахдаа уйлаад гардаг байсан шүү. Заах хичээлийг нь өмнөөс нь яриад илүү их мэддэг байсан хэрэг л дээ” хэмээв.
М.Доржпагма “Ангийн даргаа та яаж сонгогдсоноо ярь л даа” гэхэд нь Н.Тэгшбаяр “Сургуульд ороод 14 хоногийн дараа ангийн даргаа сонгох хурал болсон юм. Манай ангийн багш Ганцог, Нарийн бичгийн дарга хоёр нэг нэг хүүхэд санал болгоод сонгоно гэсэн. Тэгсэн физикийн гүнзгийгээс орж ирсэн О.Хуягцогт, Ц.Гантөмөр, Э.Баярбадрах гэсэн залуус гараа өргөлөө. Багш яасан гэсэн чинь “Коммунизм чинь өнгөрсөн шүү дээ. Дарга даргыг сонгохоо больсон. Бид дотроосоо даргаа сонгоно” гэдэг юм байна. Би дотроо “Гүнзгийгээс орж ирсэн нөхдүүд дундаасаа даргаа тавих гэж байгаа юм байна. Нэгийг нь дэмжээд сонгоно доо” гэж бодсон. Гэтэл бид Увсын Н.Тэгшбаярыг нэр дэвшүүлж байна гэсэн. Сонгон шалгаруулалт болохын өмнө надтай хамт нэр дэвшсэн хоёр хүүхэд “Ангийн багш дэмжсэн, Нарийн бичиг дэмжсэн тэдний итгэлийг алдахгүй” гэж үг хэлж байсан юм. Би тэр үед “Нэг анги юм чинь би ангийнхаа хүүхдүүдийн эрх ашгийг хамгаална” гээд л хэлчихсэн. Тухайн үед 85 хүүхэд санал өгч, 69 хүний санал аваад ангийн дарга болж байлаа. Дөрвөн жил ангийнхаа хүүхдүүдтэй хэцүү бүхнийг хамтдаа туулсан даа. Одоо ч гэсэн бид байнга уулздаг. Манай ангийнхан сурлага сайтай, идэвхтэй анги байсан” гэж ярилаа.
Ангийн дарга сонгогдсоны дараа аравдугаар сарын сүүлийн танилцах үдэшлэг болж залуус ангийнхаа танихгүй байсан хүүхдүүдтэйгээ танилцаж байжээ. Түүний дараа арваннэгдүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны баяраар ангийн Д.Наранбаатарын төрсөн өдөр болж, ангийнхан илүү дотноссон гэнэ. Түүнээс хойш жил болгоны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр ангиараа нийлж тэмдэглэдэг уламжлалтай болжээ.
Б.Булган “Тухайн үед бүжиг ховор болдог байлаа. Манай ангийнхан Физикийн тэмцээнд ороод дараа нь МУИС-ийн А зааланд бүжиг зохиосон юм. Тэр үед хөгжим их ховор. Ангийнхаа Ч.Бат-Эрдэнийн гэрээс хөгжим авчраад 200 төгрөгийн хураамжтай бүжиг зохиосон. Хамгаалагч ч олдох биш. Хамгаалалтын албанд Биеийн тамирын сургуулийн хоёр хүүхэд дуудаад зогсоочихсон. Өөрсдөө оюутнуудад тасалбараа тасалж оруулсан юм. Бүжиг дууссаны дараа 50 мянган төгрөг цуглуулсан байсан. Тэр үед ч их мөнгө шүү дээ. Санамсаргүйгээр өөрсдөө ч хөгжилдөөд хуримтлалтай болчихсон хэрэг. Дараа нь ангиараа олсон мөнгөөрөө тэмцээн уралдаан зохиож байсан юм” хэмээн хуучлав.
Ангийн хүүхдүүдийн ихэнх нь хөдөөнөөс ирсэн учир голдуу дотуур байранд байдаг байсан аж. Ангиараа дотуур байранд цуглаж хонон өнжин хичээл хийдэг байжээ.
Ч.Одгэрэл “Хичээл сурлагадаа гайгүй байсан болохоор бусад сургуулийн хүүхдүүд ирж тоо бодуулах нь их. Нэг бодлогыг 270 төгрөгөөр бодно. Тэр үед нэг ширхэг пиво 270 төгрөг байсан. Арван бодлого бодоход арван пивотой болчихно. Оюутнууд юм чинь хөөрхөн л найрладаг байсан юм байна” гэж ярьж байтал Р.Батсүх инээд алдаад “Манай ангийхан чинь толгойдоо бядтай байсан шигээ гарынхаа шуунд бас бядтай шүү. Тэр үед чинь оюутны байр руу гадны хүүхэд оруулахгүй. Манай ангийнхан гурван давхарт байдаг байсан л даа. Үүдэнд жижүүр нь оруулахгүй учраас гурван давхраас хэдэн одъял холбож байгаад л эр, эмгүй цувраад гарчихдаг байсан юм даа” гэж яриад хөхрөлдлөө.
Мэргэнсонор “Хоёрдугаар курсдээ ороод ангийн хөвгүүд бүгд үсээ хусуулаад нэг малгайгаар жигдэрсэн юм. Ангийнхаа нэг хүүхдийн эгчид нь урагшаа явахад нь малгай захисан чинь дандаа ягаан өнгөтэй саравчтай малгай аваад ирсэн. Тэрнээс хойш хаана ч явсан ягаан малгайтай хүүхдүүд явна шүү дээ. Тэгсэн сургуулийн ойролцоо байдаг хүмүүс энүүгээр нэг сонин бүлэг хүмүүс явдаг боллоо гэж ярьж байсан юм билээ” гээд инээлдэв.
Эдний ангийнхан их нийтэч байсны дээр завсарлагаан болгоноор хаалгаа хааж ширээ тавьчихаад барилддаг байжээ. Н.Тэгшбаяр “Их л хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан даа. Дандаа ноцолдоод байж байна. Хаалгаа онгойлгосонгүй гэж багш нар хааяа урладаг байсан” хэмээв.
Физикийн ангийнхан анх удаа ангиараа нийлж компьютерийн сургалтын төв нээж байжээ. Хажууханд нь байх байрны подвальд хүүхдүүдэд компьютер заангаа хичээлээ хийдэг байжээ. Тэдний ангийнхны оюутан цагийн ихэнх хугацаа тэнд өнгөрсөн гэхэд хэлсдэхгүй аж. Ангийн анд Ч.Бат-Эрдэнэ багаасаа компани байгуулсан учир анги дундаа арай эрт мөнгөтэй золгосон юм байна. О.Хуягцогт “Анх машин унаж ирэхэд нь бүгд сууж үзнэ гээд л орчихно. Ангиараа л суугаад явдаг байлаа. Бас анх утас барьж байсан хүүхэд нь юм чинь бүгд л утсаар нь ярина. Тухайн үед нэгж байдаг гэдгийг ч мэддэггүй л байлаа. Бид чинь босс Бат-Эрдэнэ гэдэг байсан юм” гээд инээв.
Ш.Сарангэрэл “Дөрөвдүгээр курсийн намар цуглаад Хүүхдийн паркаар өдөржин явсан юм. Орой нь МҮОНРТ-ийн оюутны намрын дурсамж гээд Б.Гантигмаагийн хөтөлдөг “Ая дууны мэнд” нэтрүүлгийн нэг дуунд ангиараа арын фон болсон юм. Тэр их сайхан дурсгалтай байдаг шүү” гэв.
Төгсөлтийн баяраар мөнгө багатай байсан учраас ресторанд нэг их удалгүй Тэрэлж рүү явж айлаар хоол хийлгэж идэж байснаа ярьж байв. Ч.Бат-Эрдэнэ “Хамаг мөнгөө зугаалгандаа зарчихсан учраас монтажаа авч чадахаа болиод анги дундаа ганцхан монтаж авсан” гэж ярилаа.
Ангийн хүүхдүүд одоо салбар бүртээ үлгэр жишээ болж, амжилттай ажиллаж байгаа юм байна. Ц.Гантөмөр Канадын “McGill University”-д математикийн профессор, Б.Баярбадрах АНУ-ын Лос Алмас хотод Цөмийн судалгааны газар судлаач эрдэмтэн, Д.Наранбаатар “Онон” сангийн захирал, Н.Тэгшбаяр Геологийн төв лабораторийн захирал, О.Хуягцогт Сангийн яаманд Төсвийн зарлагын хэлтсийн дарга, Ч.Содбилэг ШУА-д эрдмийн ажил хийж байгаа. Дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ Шүүхийн шинжилгээний төвд ахлах шинжээч, Р.Чагцал “Далай ван” аудиторын компанид аудитор, Ш.Сарангэрэл Улсын бүртгэлийн байцаагч, Т.Төрбат Дундговь аймгийн стандартчлал хэмжил зүйн хэлтсийн Улсын ахлах байцаагч, Ч.Одгэрэл ИНЕГ-т нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах газрын дэд дарга, н.Мэргэнсонор “Онон” сургуулийн ерөнхий менежер, М.Доржпагма “Ландбриж” компанийн ерөнхий менежер, Р.Батсүх 12 дугаар сургуулийн захирал, Ш.Алтангэрэл “Номин холдинг” компанид инженер, Б.Мөнхбат Хөвсгөл аймгийн Их-Уул сумын арван жилийн сургуулийн сургалтын менежер, ИХТ, К.Долгорсүрэн ШУТИС-д багш, н.Уранчимэг Сүхбаатар аймгийн физикийн багш зэрэг алба хашиж байгаа аж.