Онцгой байдлын ерөнхий газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулж өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ онд байгалийн онцгой үзэгдэл, ой хээрийн түймэр, галын болон үер усны гэх мэт 4182 дуудлага хүлээн авч, авран хамгаалах ажиллагааг ОБЕГ явуулжээ. Дээр дурдсан шалтгааны улмаас энэ жил 200 гаруй хүн амиа алдаж, 77.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Одоогийн байдлаар өвөлжилтын байдал хэвийн байна. Мөн өнгөрсөн жилүүдийг бодвол харьцангуй дулаан байгаа бөгөөд өвс тэжээлийн нөөцийг сайн бэлтгэсэн гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Ой хээрийн түймрээс улбаалан 585 га талбай түймэрт өртсөн гэв.
ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА ГЭВ
Энэ сарын 28-аас баруун аймгуудын нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна гэлээ. Ялангуяа Завхан аймгийн нутгаар онц хүйтрэх аж. Албаны хүмүүс онцын шаардлагагүй үед хөдөө орон нутгаар зорчихгүй байхыг анхаарууллаа. Арванхоёрдугаар сарын 30-нд төвийн аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байна. Харин энэ сарын 29-нд ихэнхи нутгаар хүйтний эрч чангарна гэв. Энэ үеэр Хүрэн бэлчэрийн хөндий, Дархадын хотгор, Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын сав газраар 41-46 градус хүрэх төлөвтэй байна. Харин Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Онон голын сав нутгаар 36-42 градус хүрч хүйтэрнэ гэлээ. Харин бусад нутгаар 25-30 градус хүрч хүйтэрнэ.
ОБЕГ-аас “Хэдэн жилийн өмнө энэ жилийн нөхцөл байдалтай ижил тохиолдол гарч, долоон хүн амиа алдаж, 70 гаруй хүнийг эрэн хайх ажиллагаа явуулсан. Тиймээс цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор малчид бага насны болон ахмад настнуудыг малд явуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн цасан шуурга шуурч, замын нөхцөл хүндэрч болзошгүй тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл, зам сонгохыг сэрэмжлүүлж байна” гэлээ.
Б.АМАРТҮВШИН