Одоогоос арван жилийн өмнө Мексикээс эхэлсэн Fuckup Nights эвентийг өдгөө дэлхийн 90 гаруй орны 300 гаруй хотод сар бүр зохион байгуулдаг. Залуус шар айраг ууж хөгжилдөнгөө амжилтад хүрсэн эрхмүүдийн бүтэлгүйтэл, бүтэлгүйтлээс олсон сургамжийг нь сонсож нэгэн оройг өнгөрүүлдэг энэ сонирхолтой эвентийг Улаанбаатарт 2018 оноос хийж эхэлсэн юм. Fuckup Nights Ulaanbaatar-ын тавдугаар сарын уулзалтад оролцогчдоос “Михачи” компанийн захирал И.Томоког онцолж байна. Түүний залуустай хуваалцсан бүтэлгүйтлийн түүхийг уншигчдадаа хүргэе. Сонирхуулж хэлэхэд, энэ сард Монгол, Хонконг, Макао, Малайз, Сингапур, Токиогийн залуус оролцсон Fuckup Аsia-г Сингапурт зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Михачи” компанийн захирал И.Томоко:
-Би Японы хувийн их сургуульд сурах үедээ Монголын түүх судалдаг багшийн шавь байлаа. Багш маань “Монголд очиж хэл сурч, архивт суухгүйгээр энэ улсын түүхийг ойлгохгүй. Төгсөхөөсөө өмнө нэг жил яваад ир” гэхээр нь 1999 оны намар Улаанбаатарт ирсэн юм. Нэг сонирхолтой зүйл хэлэхэд, намайг анх ирдэг жил Сансарын колонкийн хавьцаа үхэр бэлчиж, төв талбайд морин тэрэг явах нь хэвийн үзэгдэл байсан шүү (инээв). Ирсний дараах эхний хэдэн сар бүх юм шив шинэ. Хөгжилтэй, сонирхолтой өдрүүд өнгөрөв өө. Хэл ойлголцохгүй хэрнээ ангийнхантайгаа диско клуб орно. Би ганцаараа фанта ууж, нөгөөдүүл маань шар айраг захиалаад бүжиглэцгээнэ. Гарахын алдад зөөгч нь надаас тооцоо нэхэхээр нь гайхасхийж байгаад өгдөг боллоо. Найзуудтайгаа дискодох гоё учраас юм бодохгүй төлбөрийг нь даасаар хэдэн сар боллоо. Нэг удаагийн дискодолтын үеэр ариун цэврийн өрөө ортол нэг охин жигтэйхэн муухай хардаг юм. Найрсгаар инээх ёстой гэсэн соёл суучихсан хүн чинь яг тэр дадлаараа инээчихлээ. Гэтэл өнөө охин “Үхсэндээ инээдэг юм” гэж загнадаг байгаа. Анхны хүчтэй шок тэр байсан.
Дараагийн том шок гэвэл монгол хоол. Тэрэлж явав аа, нэг өдөр. Тэр үед Тэрэлжийн зам ямар хэцүү байсныг та нар санаж байгаа байх. Налайх хүртэл дөрвөлжин хавтангууд эгнүүлчихсэн, Налайхаас цаашаа шороон замтай. Тийм хэцүү зам туулаад очтол чулуутай, сонин хоол угтаж байна гээд бод доо (инээв). Чулуутай хоол гэдэг нь хорхог. Над шиг бараг л веган маягаар хооллож амьдарсан хүнд Монголд өнгөрүүлсэн эхний зургаан сарын хооллолт маш хүнд байсан. Амт нь таалагдсан хэр нь л гэдэс ходоод байнга өвдөөстэй. Тэгж байтал өвөл боллоо, байнгын гэдэсний хямралаас болж жингээ алдчихсан нөхөр автобусны буудал орох гэж их юм болно. Тэрхэн зуурт осгочих гээд. Би маш тод санадаг юм, тэр жилийн өвөл их хүйтэн байсныг. Одоо эргээд санах нь ээ тухайн үед монгол хоол идэх гэж өөрийгөө тэгтлээ хүчлэх хэрэггүй байж гэж боддог. Монгол хүн шиг, найзууд шигээ болмоор санагдаад л өөрийгөө хүчлээд байсан шиг байгаа юм (инээв).
Дараагийн шокоо таксинд суугаад мэдэрсэн. Таксины жолооч нар хориодхон настай жаахан охин, тэгээд бүр гадаад хүн суухаар тэгдэг байсан уу элдэв юм шалгаана. Хаанаас ирсэн, хэдэн настай, найз залуутай юу гэх мэт хувийн чанартай өчнөөн асуулт асууна. Утасны дугаар хүртэл асууж цочооно. Эхэндээ сонирхолтой, хэд гурван үг сураад хэрэгтэй ч юм шиг санагддаг байсан ч сүүлдээ олон юм асуудаг жолооч таарах вий гэж айж, стресстдэг боллоо. Нэг өдөр ангийн охидтойгоо таксинд суусан чинь яг ижилхэн зайнд надаас их төлбөр авдгийг нь олоод мэдчихлээ. Тэрүүхэндээ стресстэж гайхаад өнгөрсөн л дөө.
Тэр үед буюу 1999 онд 250 мянган төгрөгийн цалин авдаг хүмүүс супер баянд тооцогддог байлаа. Аав, ээж над руу сард мянган доллар явуулна. Монгол төгрөгт хөрвүүлбэл лав найман зуун мянга орчим байсан санагддаг. Тэгэхээр би чинь суперын супер баян оюутан болж таарч байгаа юм. Манай найзууд өөрсдөө санаачилж хоол идье, бааранд оръё гэчихээд даалгаад байсны цаад учир энэ л дээ. Тэгэхээс аргагүй учраас даалгаад явсан хэрэг. Харин ч тэд над руу “Томоко яагаад том хараад байна аа” гэж гайхаж хардаг байсан байх (инээв). Тухайн үед найзуудад маань ресторан орж хооллох, бааранд орж дискодох мөнгө байгаагүй учраас даалгаж байж л дээ. Түүнээс биш “Мөнгөө хэмнээд Томоког сэгсэрчихье” гэсэн бодол хэнд нь ч байгаагүй.
Гурав дахь шок номноос болсон. Нэг удаа манай ангийн хүүхэд Японоос зорьж авчирсан зузаанаас зузаан “Монгол, япон толь бичиг”-ийг маань ганцхан өдөр хараад өгье гээд авдаг юм. Буцааж өгдөггүй дээ. Яагаад өгөхгүй байгаа юм бол гэж гайхаад өнгөрлөө. Надаас авсан толь бичигээ буцааж өгөхгүй байсан нь бас л цаанаа шалтгаантай. Учир нь тэр үед тэр мэт толь бичиг, элдэв ном сурах бичиг нүдний гэм байсан юм. Сурах бичиг, янз бүрийн ном авчихаад өгдөггүй байсныг нь одоо бол маш сайн ойлгодог. “Номны хулгай бол хулгай биш” гээд цайруулчихдаг байсан үе шүү дээ (инээв).
За тэгж явсаар анхны цагаан сартайгаа золгов оо. Бууз, ууц иднэ гэж сонсоод л айчихсан. Айлаар зочлохгүй гээд шийдчихээд байтал япон хэлний ангийн нэг найз маань “Манайд заавал ирээрэй” гэж байна. Яах ч аргагүй болоод очлоо. Бууз идэхгүй гэсэн чинь өнөө охин “Томоко энийг чамд л зориулж бэлдсэн, идэхгүй бол муухай” гээд японоор загнаж эхэлдэг байгаа. Яг тэр үед таксины, рестораны гээд хамаг гомдол дэлбэрч нулимс цийлэгнүүлээд гараад алхчихлаа. Уг нь найз маань хамаатан садан, гэрийнхэндээ япон хэл сурснаа гайхуулах гэж намайг дуудсан юм билээ л дээ. Ингээд бодохоор хөөрхөн байгаа биз (инээмсэглэв). Би гэдэг хүн тэр үед юун тэгж ухаарах, бөөн гомдол уйлаан болж байгаа юм. Гэртээ ирээд долоо хоног уйллаа. Яагаад монголчууд намайг дарамтлаад байдаг юм бэ, яагаад намайг ойлгодоггүй юм бэ, яагаад би дандаа даах ёстой гэж, яагаад авсан юмыг буцааж өгдөггүй юм бэ, яагаад мах идүүлэх гээд шахдаг юм бэ, яагаад ийм хүйтэн юм бэ, та нар ер нь яах гээд байгаа юм гээд л уйлаад байлаа (инээв). Хүн бүр соёлын шоконд ордог, мэдээж бас хүн бүрт соёлын ялгааг хүлээн зөвшөөрч ойлгох момент ирдэг. Миний хувьд соёлын ялгааг хүлээн зөвшөөрөх моментын эхлэл найзындаа очиж буузаар шахуулсан тэр өдөр байсан.
За тэгээд гэрээсээ гарахгүй долоо хонолоо. Долоо хоногийн дараа Цолмон багш маань утасдаж гэртээ урилаа. Түүхч хүн л дээ миний багш. Орсон чинь европ хоол, хөнгөн салат, кофе бэлдчихсэн, зөөлөн дуугаар “Томоко гайгүй юу” гэж байна. Тийм сайхан орчныг мэдрээд бас л уйлчихсан. “Яагаад би багшийгаа ийм сайн хүн гэдгийг анзаараагүй юм бэ, найзуудынхаа амьдралыг ойлгохгүй юунд гомдоллоод явсан юм бэ” гэж бодоод уйлж уйлж тайвширснаа мартдаггүй. Өмнө нь “Томоко ба Монгол” гэсэн ялгаа заагийг дотроо үүсгэчихээд стресстээд явснаа тэр өдөр олж харсан юм. Бүх монголчууд миний эсрэг дайрсан зүйл огт байхгүй, тэд бүгд тусдаа өөр өөр оршихуй гэдгийг олж харсан өдөр байсан учраас тэр агшин амьдралын минь том эргэлт болсон. Мэдээж монголчуудад нийтлэг зан бий, гэхдээ сайн хүмүүс олон гэдгийг олж хараагүй явснаа гайхсан. Ингэж л миний нүд нээгдсэн. Өөрийгөө ойлгуулах алхам хийгээгүйгээ олж харсан. “Чи энэ номыг аваад явж болно, гэхдээ долоо хоногийн дараа яг өгөөрэй” гэж хэлэх байснаа, дуртай дургүй зүйлсээ хэлж ойлгуулах байснаа ухаарсан. Хамгийн сайхан нь тэр өдрөөс хойш миний амьдрал цэцэглэсэн.