ЭМЯ, ЭМХТ-өөс зарласан Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эмч нар “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт, сэргийлэлт” сэдэвт уралдаант сарын аян зарласан юм.
Энэ хүрээнд эмч, эм зүйч нар “Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдвээр мэтгэлцлээ.
Мэтгэлцээнд 40 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.
Уг аян дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл өрнөх ба оролцогчид хүн амын дунд нянгийн халдвар өргөн тархаад зогсохгүй, улмаар өвчин архагшихын гол шалтгаан болж байгааг иргэдэд танин мэдүүлэх сургалт болон бусад ажлыг зохион байгуулах юм.
Уг аянаар эмч, эмнэлгийн ажилчдад антибиотикийн нянгийн тэсвэрлэл үүсэхээс сэргийлж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, үйлчлүүлэгчдийг эмийн зохистой хэрэглээ, ялангуяа нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээнд сургах, мэдээлэл өгөх зорилготой гэнэ.
Мэтгэлцээнд оролцогчид олон эмэнд тэсвэртэй нян үүсэх шалтгаан, түүнээс сэргийлэх, антибиотик эмчилгээний сонголт зэрэг мэдлэг сорьсон асуултад хариулсан юм.
Монголд төдийгүй дэлхий нийтэд олон эмэнд тэсвэртэй нянгийн асуудал нь хүний амь насанд хүрэх болтлоо аюултай түвшинд хүрсэн учраас иргэдийн эмийн зөв хэрэглээ, эрүүл мэндийн боловсрол, хариуцлагыг нэмэгдүүлэх талаар ажиллах шаардлага тулгарч байгаа юм.