Нэгдүгээр эмнэлэгт “H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж, хөл хорио тогтоогооод байна гэсэн мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Тэгвэл уг мэдээлэлд УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ албан ёсны тайлбар өглөө. Тэрээр “H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж байгаа тухай ташаа мэдээллийг цахим орчинд зарим хүмүүс тарааж байна. H1N1 вирус 2009 онд анх бүртгэгдэж дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархан хүн амын ихэнхи хувийг өвчлүүлсэн билээ. Тухайн цаг үеэс хойш энэхүү вирус нь жил бүрийн томуугийн эргэлтэд орж хүн амын дунд тархсаар байгаа юм. Энэ нь анх тархаж байсан шигээ нийт хүн амыг өвчлүүлэхгүй, хоруу чанар багассан юм. Хэдий тийм боловч энэ вирус нь хувьсамтгай учир өмнө өвдсөн хүн өвдөж болох ба хөнгөн хүрч болох юм. Харин бага насны хүүхэд, нэн ялангуяа 0-6 сар хүртэл хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг анхаарч, дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, витаминлаг, илчлэг хоол хүнс өгөх, 0-3 хүртэлх насны хүүхдийг сайн хөхүүлэх, амны хаалт маск хэрэглэх, гэр орон байранд чийгтэй цэвэрлэгээ хийх, гадагшаа гарсан бол ам хамар хоолойгоо содын 1%-н уусмалаар зайлах, олон нийтийн газар очихгүй байх, гараа сайтар савандаж угааж хэвшвэл ханиад томуу хүрэхгүй байх боломжтой” гэв.