Categories
гадаад мэдээ

Гүзээлзгэнэд зүү хийсэн этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Австралийн супермаркетуудад зарж байсан гүзээлзгэнэ дотроос зүү илрэх болсон нь тус улсын хөдөө аж ахуйн салбарт хямрал үүсгэсэн. Тэгвэл хэргийн эзэн болох 50 настай эмэгтэйг Австралийн цагдаа ням гарагийн үдээс хойш баривчилжээ. Күинсланд мужид гүзээлзгэнэ худалдан авч идсэн хүний гэдэс өвдөж анх энэ хэрэг илэрсэн бол үүнээс хойш 100 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Сүүлд хөрш Шинэ Зеландад нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Цагдаагийн мэдэгдэлд “нарийвчилсан, өргөн хүрээг хамарсан мөрдлөгийн үр дүнд” 50 настай эмэгтэйг ням гарагийн үдээс хойш баривчилсан гэжээ. Уг хэргийн улмаас Австралийн эрх баригчид мэдээлэл өгсөн хүнд их хэмжээний мөнгөн шагнал амлаж, буруутай этгээдэд оноох ялыг нэмэгдүүлэхээр болж байв. Баривчлагдсан эмэгтэйг өнөөдөр Брисбаны шүүхэд хүргэх гэнэ.

Күинсландын гүзээлзгэнэ тариалагчдын холбооны төлөөлөгч Женифер Роулинг хэргийг илрүүлсэн цагдаа нарт талархал илэрхийлжээ. Гэхдээ түүний үзэж байгаагаар баривчлагдсан эмэгтэй хайрцагтай гүзээлзгэнэд зүү хийсэн 6-7 тохиолдлын эзэн бөгөөд үлдсэн хэсгийг даган дуурайгчид үйлдсэн гэнэ. Тус мужийн фермерүүд бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдээс татаж, зарагдаагүй жимснүүд нь муудсан тул их хэмжээний алдагдал хүлээсэн юм. Ийм хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан этгээдэд оноох шийтгэлийг 10-15 жилийн хорих ял болгох шийдвэрийг Австралийн засгийн газар гаргаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *