Манай Ерөнхий сайд гуяндаа нагаан зүүж гайхуулаад хээр хөдөө улаан хивсэн дээгүүр сүржин алхаад баавартай байлаа даа. Ард түмэн айж биширч, алмайрцгааж, бүдүүн гуяараа оосорлосон гар бууг нь айж нэг, гайхаж нэг харцгааж “Нагаан зүүсэн Ерөнхий сайд минь” гэцгээв ээ. Социализмын үед гар буу бүсэндээ зүүсэн даргыг нагаан зүүсэн дарга гэж сүрдэн ярьцгаадаг байсан юм. Нагаан гэж гар бууны нэг төрөл л дөө, хүрдтэй гар буу юм. Ер нь ч манай Ерөнхий сайд цэргийн голдуу стильтэй, эрээн голдуу өмсгөлтэй, буу голдуу зэвсэгтэй, дээрээс нь дотоодын бидэндээ ширүүнийг хэлэх үү сүүлийн үед эгцэлж харахаас ч айдаг болсоон, ард түмэн нь. Түүний олон нийтэд харагдах байдал, ард бид нь түүнийг хүлээж авах хандлага нь ерөнхийдөө иймэрхүү л нөхцөл байдалтай байлаа.
Саяхнаас “Хятад “Сибирийн хүч” хийн хоолойноос татгалзлаа”, “Хятад Энэтхэгийн хилийн маргааны улмаас Орос улс Энэтхэгийн талд Америктай хамтран С400 пуужин нийлүүлснээс Хятад улс Монголын тал нутгаар дайран өнгөрүүлэх “Сибирийн хүч” хийн хоолойгоо тавихаа больж, цаашлаад Оросоос байгалийн хий авахаас татгалзлаа”, “Хятадын баруун нутгаас байгалийн хийн их хэмжээний нөөц илэрсэн учир тус улс дотоод нөөц бололцоогоо ашиглахаар шийдэж, гаднаас байгалийн хий импортлохоос татгалзаж эхэллээ”, “АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн Монголын нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч” хийн хоолойг зогсоолоо” гэсэн утгатай мэдээллүүд цахим орчинд идэвхтэй тархав. Хэрэв Хятад “Сибирийн хүч”-ээс татгалзвал манай орны баруун талаар дайруулахаар яригдаж байсан хийн хоолойн төсөл өнгөрлөө гэсэн үг л дээ. Тэгэхээр урд хөрш маань манай газар нутаг дээгүүр хийн хоолойгоо тавина гэдэг асуудал дуусчээ гэж дүгнэж болохоор байна.
Тэгтэл хэдхэн хоногийн өмнө МҮОНТВ-ээр “Байгалийн хий дамжуулах хоолой бас дахиад л бүтэх шатандаа орчихлоо”, “Хамтарсан компани байгууллаа”, “Оросын хийн компанийн захиралтай видео уулзалт хийлээ” гэсэн мэдээлэл цацагдав. Уг видео уулзалтад Ерөнхий сайд, Шадар сайд нар хэлмэрчтэйгээ суучихсан, цаанаас нь Оросын хийн компанийн захирал бололтой нэг хүн суучихсан, гарын үсэг зурж байгаа харагдсан. Тэр агшинд манай нөгөө сүрдмээр Ерөнхий сайд маань Оросын шинээр байгуулагдаж байгаа хийн компанийн захирлыг хараад навтасхийгээд л, хоёр гараа атгаж дээш өргөж харуулаад л, муухан инээхчээ аядаад л сүйд болж байгаа харагдсан шүү. Өнөө сүр жавхлан нь ул мөргүй болж, зүгээр л нэг царайчилсан, аргадсан төрхтэй болчихсон. Энэ дүр зургийг зурагтаар хараад манай Засгийн газар ямар жижиг юм бэ, манай Ерөнхий сайд яасан аймхай юм бэ гэсэн бодол төрж байлаа.
Олон улсын дипломат ёсон дахь эрэмбээр бол Ерөнхий сайд гэдэг хүн тэр болгон компанийн захиралтай ингээд уулзаад бөхөлзөөд байдаг бил үү. Иймэрхүү хэмжээний уулзалтад Ерөнхий сайд байтугай, Шадар сайд ч оролцох ёсгүйсэн бил үү. МҮОНТВ-ийн тэр мэдээгээр “Ерөнхий сайдыг заавал байлцуулахыг цаанаасаа хүссэн” гэж дамжуулсан. Үнэндээ яалаа ч гэж хүсэх юм бэ. “Нагаан зүүгээд гүйгээд байна, наад нэг юмаа заавал оролцуул” гэж цаанаасаа загнасан л байх магадлалтай. Түүнээс биш нэг их хүсээд, мөрөөдөөд тэгсэн ч юм байхгүй байх.Хятад хийн хоолойгоо газар нутаг дээгүүр нь өнгөрүүлэхгүй гэсний төлөө ингэж хэт жүжиглэх нь үнэмшилгүй, дээр нь өрөвдмөөр харагдаж байна аа, Ерөнхий сайд аа. Манай дарга нар, ялангуяа Ерөнхий сайдууд Оросын өмнө очихоороо үнхэлцэг нь хагарчих гээд байдаг нь цаагуураа энэ улс орныг гадны орны өмнө дорой харагдуулдаг. Айж байгааг нь харахаар тусгаар улсын Ерөнхий сайд ийм ч байх гэж дээ хэмээн ой гутмаар. Аль эсвэл Путин бүх юманд өөрийг нь дуурайж, хөөрцөглөж давхиад байхаар нь гутаая гэсэн ч юм шиг байна, Хүрэлсүхийг.
Биеийн хэлэмж, биеийн харилцааны хэл(Body language) гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Энэ талаас нь харахад тухайн уулзалтын үеэр цонхийсон Ерөнхий сайд, буудуулсан Ерөнхий сайдуудын сүнсийг харчихсан юм шиг айгаад алингаа алдчихсан байгаа Шадар сайдаа харах нь монголчууд бидний хувьд үнэхээр хэцүү байлаа. Ямар сүртэй, ямар баатарлаг, буу шийдэм агссан, эгцэлж харахын эцэсгүй хүн билээ дээ, манай Ерөнхий сайд. Тэгтэл даргадаа загнуулдаг маниасаа ялгаагүй л амьтан мэтээр МҮОНТВ-ээр гарчихлаа. Гуяндаа нагаан зүүгээд дүүлж явдаг Ерөнхий сайд маань Оросын шинэхэн байгуулагдсан компанийн захирлын өмнө гурав мөргөж тонголзох нь өрөвдөлтэй ч юм даа. Бидний байгаа царай л энэ юм байх даа, эсхүл.
Хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд эдийн засаг болоод олон зүйлээрээ хоёр хөршөөсөө хараат. Тиймээс манай улс аль болох төв байр суурийг баримталсаар ирсэн. Гэтэл ОХУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй улс төрийн сайн, саар асуудлуудтай холбоотой нүүдэл дунд Монгол Улс хавчуулагдаж, Ерөнхий сайд нь иймэрхүү айж, бэргэсэн байдалтайгаар гарч ирж гутаагдсаныг улс төрийн ажиглагч, шинжээчид онцолж, анхаарах ёстой үйлдэл гэж шүүмжилж байна. Хоёр хөршийн хоорондын таатай, таагүй харилцааг нарийн мэдэрч, хаана нь босож, хаана нь дуугаа намсгаж, өндөрсгөж, ямар уулзалтад нь орж суух вэ гэдгээ манай төрийн өндөрлөгүүд мэддэг мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэд хүсвэл манай Ерөнхий сайдыг яаж ч харагдуулж чадах нь байна шүү гэдгийг дээрх үйл явдал харуулав. Хоёр хөршөө сайтар анзаарч, ямар дүр зураг тодорч буйг томоор харж сурвал дахин ийм ой гутам үйл явдал давтагдахгүй.