Categories
мэдээ нийгэм

Гүүрэн гарцны шав тавих ёслол боллоо

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм. “Шав тавих ёслол боллоо. Ёслолд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Вэй Рэн, Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вей, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Ц.Байгалмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь зургаан хэсгээс бүрдэх юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017–2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төсөл нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ

  • Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр дөрвөн эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
  • Гүүрийн хоёр талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжийг өргөтгөж шинэчлэх барих.
  • Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах хоёр эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
  • Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух нэг эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
  • Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах нэг эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар төлөвлөж байна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *