Хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн Зэрэг сум руу томилолтоор яваад ирлээ. Буцахдаа Өвөрхангай аймгийн Нарийнтээлийн хоолны газарт үдэлж цайлсан юм. Холын газар таньдаг хүнтэйгээ таарах шиг сайхан зүйл үгүй билээ. Өдгөөгөөс жил гаруйн өмнө Нарийнтээл рүү сурвалжлагаар явахдаа танилцсан Мишигээ ах маань нар мишээтэл инээгээд зогсож байх юм. Тэрбээр хуучин янзаараа л явна лаа. Хөл нүцгэн, гартаа модоо бариад шуудайны ёроолд ааруул, хуруудхан хийчихсэн хүүхдүүдэд өгнөө л гэж байна. Түүний тухай жил гаруйн өмнө жижиг бичвэр оруулж байснаа дахин сэргээн хүргэмээр санагдлаа.
Хөдөө гадаа явж байхад сум орондоо
дарга, даамлаасаа илүүтэй танигдсан хүн байдаг даа. Саяхны нэг өдөр Өвөрхангай
аймгийн Нарийнтээл суманд томилолтоор явахдаа тийм нэгэн хүнтэй таарсан юм.
Түүнийг Сангидоржийн Мишигдорж гэдэг. Мишигдорж гуайг нутгийнхан нь “Хүннү
хүн” гэнэ. 70 шахаж яваа энэ буурлыг яагаад “Хүннү хүн” гээд байгаагийн
учрыг нь асуухад “Мань эр насаараа гутал өмсөөгүй хүн байгаа юм”
хэмээн нутгийнхан нь хэлж байлаа. Хааяа нэг хөдөөгүүр явж байхад хот хүрээ орж
үзээгүй ээ гэсэн хүмүүс таардаг. Мишигдорж гуай мөн л тэдний нэг ажээ.
Телевизээр хааяахан нэг нийслэлийнхээ тухай нэвтрүүлэг хардаг бол хот хүрээ
бараадъя гэсэн бодол төлийлөн төрдөггүй гэнэ. Салхи савир үнэртүүлсэн энэ л
буурал замын машин унаанд сууна гэж харин ч нэг үгүй юм аа. Тэгээд л хөл нүцгэн
таваргах дуртай гэж байгаа. Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн
Хайрхандулаан сумд руу бол зүгээр л эртхэн гараад алхчихна. Явах замдаа айлаар
орсон шигээ аажуу тайвуу алхахад маргааш нь сумын төвд хүрчихнэ. Замдаа таарсан
айлаас ааруул, хуруудхан цуглуулж цагаан шуудайгаа дүүртэл нь хийчихээд ирнэ. Цагаан
шуудай үүрсэн, өндөр бор, хөл нүцгэн өвгөнийг хүүхдүүд андахгүй. Дагаад л гүйнэ
дээ. Амин чухал хэрэгтэй мэт сум дамдан явж цуглуулсан ааруулаа хүүхдүүдэд
бүгдийг нь тарааж өгчихөөд одоо л нэг хэрэг бүтлээ дээ гэсэн нар салхинд
гандсан хүрэн дээлхийнхээ нударгаар хөлсөө шуударчихаад инээж суух нь түүний
жаргал гэсэн. Түүний хувьд насаараа ганц бие явсан юм билээ. Өөрийн гэсэн
зулайг нь үнэрлэх үргүй болохоор хүүхдүүдэд ингэж буян үйлддэг юмсан уу даа.
Хаврын дунд сар гаруут памбагар цагаан эсгийн гутлаа эгчийндээ үлдээчихээд
намрын адаг сар хүртэл “гуталгүй” аянаа эхлүүлнэ. Нутаг усных нь
түүнийг мэдлэгтэй гэдэг. Учир нь тэрээр Монголын болон сум орны түүхийг хэнээр
ч заалгахгүй ярьчихна. Зарим нэг нөхөд түүнийг шалгах гэж түүхийн ном барьж
байгаад дундаас нь асуухад шууд хэлээд өгчихдөг байна. Залуу зандан цагтаа
түүнийг бяртай байсан гэлцэнэ. 70 кг-ын тааран шуудайтай гурилыг үүрч аваад
эгчийнх рүүгээ 15 км газар төвөггүй алхсаар хүргээд өгчихдөг байсан тухай
нутгийн буурлууд ам уралдан ярих. Мишигдорж гуайтай яриа дэлгэн суухуйд
“Гутал өмсөнө гэдэг хэцүү. Ядаж л байгаль дэлхийгээсээ холдож буй мэт
санагдана. Түүний оронд хөл нүцгэн өвс, чулуудаас байгалийн дулааныг мэдэрч
явах нь сайхан. Гутал гэдэг эд чинь шивэртэхээс эхлээд зовлон ихтэй золиг байна
лээ дээ” гээд алсын барааг саравчлан суух нь одоо хаашаа явах вэ гэсэн шиг
санагдах ажгуу.
Насаараа хөл нүцгэн явсан болоод ч тэр үү хөлийн тавхай нь ширнээс дутуугүй
болсон байсан. Гэвчиг “гуталгүй”-н буянаар насаараа өвдөж үзээгүй юм
билээ. “Надад хууч өвчин гэж алга. Хамрын ханиад ч хүрч үзээгүй өвөө
нь” хэмээн инээмсэглэн явах. Түүний хувьд архи, тамхийг айхтар цээрлэнэ.
Нарийнтээлийнхэн энэ буурлыг залуу зандан цагаасаа эхлээд өнөөг хүртэл согтуу
бүү хэл үнэртүүлсэн явахтай нь таараагүй гэдэг. Халуун зунаар ноосон малгай,
зузаан цамцны гадуур дээл өмсөн яваа түүнийг танихгүй хүн харвал өвчтэй
солиотой нэгэн гэж ойлгож болох. Гэтэл зуны халуун өдрүүдэд дээлээ зузаалчихвал
сэрүүхэн байдаг юм хэмээн мушилзах өндөр хөх өвгөн Нарийнтээлийнхээ намхан шаргал
толгодынхоо дунд хүүхдүүдэд ааруул, ээзгий тараасан шигээ “гуталгүй”
амьдарч явна.
Э.Энхболд