Categories
мэдээ улс-төр

Гурван улсыг дэд бүтцээр холбох асуудлыг хэлэлцэв

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар зөвлөлдөх уулзалт 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Чөн Гуопин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар гурван талыг тэргүүлэн оролцов.
Энэхүү Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний анхдугаар уулзалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-нд Душанбе хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын дээд түвшний гурван талт уулзалтаар тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх зорилгоор хийв.
Талууд Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалтыг эхлүүлсэн нь бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэж санал нэгтэй үзэв.

Гурван улсын хооронд улс төрийн аливаа асуудал байхгүйг талууд тэмдэглэж, цаашид гурван тал бие биенийхээ бүрэн эрх, аюулгүй байдал, язгуур эрх ашигтай холбоотой болон анхаарал хандуулдаг томоохон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Цаашид гурван талын худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн болон хүмүүнлэгийн салбарт бодит хамтын ажиллагаа, солилцоог хөгжүүлж, гурван улс хоорондын стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хадгалахын төлөө ажиллахаа талууд онцлон тэмдэглэв.
Талууд гурван улсыг дэд бүтцээр холбох нь гурван талын худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн үзэж, уул уурхай, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өрнүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.
Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д гишүүнээр элсэхийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс дэмжихээ дахин нотлов.


Талууд цаашид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Уг зөвлөлдөх уулзалтын үеэр Ази, номхон далайн бүс нутгийн өнөөгийн байдал, гурван талын болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны үйл явц, харилцан сонирхсон тодорхой асуудлуудаар санал солилцов.
Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2015 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан ОХУ-ын Уфа хотноо болох үеэр зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцов. Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 2 дугаар сард БНХАУ-д зохион байгуулахаар талууд тохиролцов.
– See more at: http://politics.time.mn/content/50662.shtml#sthash…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *