Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарсан билээ. Уг захирамжийн хүрээнд энэ сарын 6,7,8-ны өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан юм.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг дахин санал хураалтанд идэвхтэй оролцуулах зорилгоор 7-ны буюу сонгуулийн өдөр томоохон зах худалдааны төвүүдийг амраах шийдвэрийг гаргасан байна.
Дашрамд мэдээлэхэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Нарантуул, Өгөөмөр, Да Хүрээ, Амгалан, Сандэй зэрэг нийт 20 томоохон зах, худалдааны төвүүд амрахаар болсон бол 2016 оны эцсийн байдлаар нийт 399 архи согтууруулах ундаа борлуулах тусгай зөвшөөрөлтэй ресторан, бар, кафе иргэдэд үйлчилж байгаа аж.
Уг захирамжийн үйлчлэх хугацаа энэ сарын 6-ны 00.00 цагаас 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл үргэжлэх юм. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг захирамжийн хэрэгжилтэнд анхаарч ерөнхийлөгчийн дахин санал хураалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна. хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.