Categories
мэдээ нийгэм

Гурван удаагийн ял шийтгэлтэй гэмт хэрэгтэн оргожээ

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд өчигдөр оргожээ. Сэжигтэн С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, гурван удаагийн ял шийтгэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байжээ. Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран орон даяар эхлүүлээд байна.

Тухайн этгээд албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэж оргон зайлсан гэх албан бус мэдээлэл ч байна. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана гэлээ.

Эргэн сануулахад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гарсан. Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж олж тогтоосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *