Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт хөгжлийн бодлого нь гурван зорилт, есөн бүлэг, 27 шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсыг 2018-2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн суурь баримт бичиг юм.
Тус хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу боловсруулж 2015 онд баталсан. Засгийн газрын зорилго нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгон, өрсөлдөх чадвараа эрс дээшлүүлж, цаашдын үсрэнгүй хөгжлийн суурийг бэлтгэж үүнийгээ шударга ёс, сахилга хариуцлагатай, төрийн тогтолцоогоо бэхжүүлж, улмаар хуримтлагдсан нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж, иргэдээ ажлын байраар бүрэн хангаж, амьдралын түвшинг нь эрс сайжруулахад чиглэхийг онцолсон.
Тодруулбал, Тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн шинэчлэл, Хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах засаглалын шинэчлэл, Иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын шинэчлэл бол Монголын эрчимт хөгжлийн гурван тулгуур гэдгийг томъёолсон.
Нэгдмэл төлөвлөлт бол Гурван тулгуурт бодлогын суурь юм. Хөгжлийн 162 бодлого, хөтөлбөр, баримт бичгийг шүүж, цэгцэлж нэгтгэсэн гэдгээрээ үнэ цэнэтэй, бодитой төлөвлөгөө болж буйг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Эдийн засгийн чуулганы үеэр онцолсон.
Гурван тулгуурт бодлогын хүрээнд хүнсний экспорт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц гэсэн салбарыг хөгжүүлж, тогтвортой өсөлтийг бий болгох, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх юм байна.
Стратегийн ордуудаа ашиглаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар орлогоо эрс нэмэгдүүлж, Ирээдүйн өв сан, Баялгийн сангуудад хуримтлал үүсгэн, бий болсон хөрөнгөөс хөдөө аж. ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг салбарт эн тэргүүнд хөрөнгө оруулахаа Засгийн газраас мэдэгдээд байгаа юм.
Мөн Засаглалын шинэчлэлийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлт, Хуулийн засаглалын шинэчлэл, Төрийн албаны шинэчлэл хийхийг зорьж байна. Харин иргэдээ чинээлэг болгох нийгмийн бодлогын шинэчлэлийн хүрээнд Нийгмийн бодлогын шинэчлэлээр баялаг бүтээгчдийг дэмжих багц хууль, Монгол хүний хөгжлийн хөтөлбөр, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх аж. Засгийн газар энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлээ сонсож, хамтарч ажиллах юм байна. Улмаар Хөгжлийн бодлого, татвар, нийгмийн даатгал, авилга, хүнд суртал, тэгш бус харилцааг зохицуулах зорилготой Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулаад байгаа юм. Тиймээс ажилгүйдэл, ядуурлыг бууруулах салбар дундын үндэсний хөтөлбөр удахгүй хэрэгжиж эхлэх нь ээ.