Categories
мэдээ цаг-үе

Гурван тохой урттай цох хорхой буюу Грегор Замза

Еврей гаралтай Германы алдарт зохиолч Франц Кафка (1883-1924)-гийн “Хувирал” туужийг энэ удаагийн дугаартаа онцоллоо. Эл тууж нь 1912 онд бичигдэж дууссан ч, 1915 онд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон аж. Өдгөө нэгэн зууны ард гарчихсан ч үе үеийн уншигчдын анхаарлыг татдаг чансаатай бүтээл гэдгийг судлаач эрдэмтэд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, Кафкагийн бүтээлүүдийг сонгодогт тооцох болжээ.

“Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавьж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр”. Зохиол ингэж эхэлдэг. Грегор Замза бол айлын ганц хүү. Эцгийнх нь эрхэлж байсан ажил дампуурсан тул пүүсийн өрөө барагдуулахын тулд нойр хоолыг умартан ажлын мал болтлоо зүтгэх болжээ. Ээж нь багтраа өвчтэй, аав нь дампуурлын шокноосоо гарч чадахгүй байгаа, харин охин дүү нь балчир гэсэн шалтгаанаар Замза л гэр бүлээ тэжээн тэтгэнэ. Шавьж болон хувирахынхаа өмнөх шөнө л тэр доншуур худалдаачны томилолтоосоо гэртээ буцаж ирсэн хэрэг. Гэвч тэрээр өглөө эрт галт тэргэнд сууж дараагийн ажлаа амжуулах ёстой байлаа. Аав, ээж, дүү нар нь ч ажилтайг нь мэдэж байсан тул ажлаасаа хоцорч буйг нь ээлжлэн анхааруулж байн байн өрөөнийх нь хаалгыг тогшино. Харин Грегор Замза гурван тохой урт, өргөөшөө палбигар, гурван хос хөлтэй шавж (цох хорхой) болчихсон орноосоо босч чадахгүй дээш харсан чигтээ хөлнүүдээ сарвалзуулан хэвтэж байв. Ажлаа алдаж буйгаа мэдэж, санаа нь зовсоор боловч яаж ч чадахгүй байлаа. Эцэст нь пүүсийнх нь ахлах ажилтан гэрт нь ирж, ажлаа тасалж буйг нь эцэг эхэд нь сануулж, өрөөнийхөө хаалгыг тайлахгүй бол ажлаас халж, өрөө нэхэмжилнэ гэдгээ ч мэдэгдэнэ. Гэр бүлийнхээ төлөө айж сандарсан Грегор хаалганд зоолттой байсан түлхүүрээ хүчирхэг эрүүгээрээ зууж байгаад түлхүүрдэж дөнгөв. Гэтэл түүнийг харсан эх нь муужран унаж, ахлах нь айсандаа ум хумгүй зугтав. Энэ хүртэл тэрээр өөрийгөө зүүдэлж байж ч мэднэ хэмээн найдаж байсан билээ.

Энэ бүхний эцэст түүний өрөө шорон болон хувирлаа. Гэсэн ч Грегор гэр бүлийнхээ нэг гишүүн, тэднийхээ төлөө санаа тавих үүрэгтэй хүн хэмээн өөртөө хариуцлага үүрүүлсээр байлаа. Тэр бүү хэл хийл хөгжим эвлэгхэн тоглочихдог охин дүүгээ өндөр төлбөртэй хөгжмийн сургуульд явуулах тухай ч төлөвлөчихсөн, энэ сайхан мэдээгээ зул сарын баяраар гэр бүлдээ дуулгана гэж бодож байсан юм.

Магадгүй тэрээр гэр бүлийнхээ хамаг асуудлыг ганц өөрийнхөө нуруун дээр үүрч, эцэг, эх, дүү нар нь шимэгч хорхой мэт хамаг бүхнийг нь сорж байсан болохоор л тэдэнтэйгээ адилхан ямар нэгэн шавьж болон хувирчихсан нь энэ бололтой.

Грегор Замза гадагш гарвал хүн айлгаж ичээх тул өрөөндөө бүгж суухаас өөр аргагүй болов. Гэтэл дүүгийнх нь зөөн хооллож буй хоол тэжээл нь шавьжны биед нийцэхгүй маш ихээр өлсөх аж. Харин гэр бүлийнхэн нь өөр өөрсдийнхөө тав тухыг хангахаас биш, шавьж болсон Грегорыг анхаарахгүй байхыг хичээнэ. Энэ хугацаанд эцэг, дүү хоёр нь ажил хийх болжээ. Мөн зарим сул өрөөгөө бусдад түрээслэх болсон аж. Гэвч түрүүслэгчид Грегорыг байгааг ч мэдэхгүй аж төрнө.

Нэгэн үдэш дүүгийнхээ хөгжимдөхийг сонсоод сэтгэл нь хөдөлж өрөөнөөсөө гарснаар хамаг хэрэг дэгдэв. Гурван тохой урт цох хорхой харсан түрээслэгчид нь төлбөрөө төлөхгүйгээр үл барам, сэтгэл санааны нөхөн төлбөр хүртэл нэхэмжилнэ хэмээн мэдэгдэв. Өмнө нь ийм нэгэн асуудлаас болж эцэг нь Грегор руу алим нүүлгэн өрөө рүү нь хөөж оруулах үед нэг алим нуруунд нь зоогдож үлдсэн билээ. Тэрхүү шарх нь өдгөө улам хүндэрч, алим нь ч бүр ялзарч мууджээ. Грегор арай хийн өрөөндөө орсны дараа хаалгыг нь гаднаас бат бөх гэгч цоожилж байхыг мэдэрч эцсийн удаа гэр бүлийнхнийхээ тухай бодов. Грегор тэр шөнөдөө нас барлаа.

Харин маргааш нь нэгэн гай түйтгэрээс ангижирсандаа баярласан замзагийнхан салхинд гарахаар трамбайд сууж явлаа. Эцэг, эх нь охиныхоо үзэсгэлэн төгөлдөр болж буйг анзаарч, охиноо сайн нөхөрт гаргах цаг нь болсон тухай чимээгүйхэн харцаараа хэлэлцэх ажээ.

Г.Лхагвадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *