Монгол Улсын гурван сая дахь иргэн болон хорвоод мэндэлсэн Х.Монголжин охины аав, ээж, эмээ, өвөө нар баяр хөөрөөр дүүрэн байна. “Амьд явахад алтан аяганаас ус ууна гэгчээр энэ насандаа ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй зүйл үздэг байжээ” хэмээн хоорондоо ярилцаж байна лээ. Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин “Ах нь ингэжбаярлаж байснаа санахгүй юм. Хүүгийн минь охин Монголын гурван сая дахь иргэн болсон гэдгийг дуулаад лмагнай хагартлаа баярласан. Миний үр удмын хүүхэд гурван сая дахь иргэн болж, монгол түмэнд баяр хөөр авчирч байна гэж бодохоор их сайхан байна” гэх. ХаринХ.Монголжин охины ээж Г.Аззаяагийн аав Р.Ганбат “Зүүдлээд ч байгаа юм шиг санагдаад байх юм. Хэлэх үг ч олдохгүй болтлоо баярлаж сууна. Хүмүүн заяаг олж төрнө гэдэг чинь зүүний үзүүр дээр арвай буудай асгахад нэг нь тогтож үлдэхтэй ижил байдаг юм гэсэн. Миний охиноос гарсан энэ жаахан охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болж, бүр ийм жаахнаараа түмний танил боллоо шүү дээ. Энэ насандаа ийм сайхан баярт үйл явдалтай нүүр тулна гэж бодож явсангүй” хэмээн ярьж байна лээ.
Өдөржин орж, гарч байсан зочид хэдийнэ явцгаажээ. Э.Хатанболдын гэрт аав Д.Энхтүвшин, Г.Аззаяагийн аав Р.Ганбат бид үлдэв.Төд удалгүй хоёр аав нь гэр гэр рүүгээ явсан юм. Ингээд гадны зочин миний бие, гэрийн эзэн Э.Хатанболд, Г.Аззаяа, Х.Монголжин бид гэрт үлдэв. Э.Хатанболд галаа сэргээж зуухандаа нүүрс хийх, гэр орноо цэвэрлэж, хог шороо цэвэрлэх, хүүхдийнхээ даавууг угаах гээд мундахгүй олон ажлын ард гарахаар ажилдаа орлоо.
Өглөө ирэхэд улаан даавуун дээл өмсөж, бүрх малгай тавиадгэрийнхээ хойморт суучихсан телевизийн сэтгүүлчдэд ярилцлага өгөөд сууж байсан Э.Хатанболд биеийн тамирын хар өмд, цагаан футболка өмсчихсөн зогсох аж.
Тэгснээ “Ахаа дүү нь хогоо шүүрдэх гэж байна. Та Азаа, охин хоёрын орны урд очоод суучих. Дүү нь хурдхан шиг хогоо шүүрдчихээд сууя” гэж хэлээд инээв. Хивс рүүгээ ус цацаад нарийн ширхэгтэй шүүрээр шүүрдэж гарлаа. Хурдан хурдан хөдлөөд л хогоо шүүрдэж байснаа”Шороо бужигнаж байна уу” гэж эхнэрээсээ асуух юм. Азаа өөдөөс нь инээгээд “Манай Хатнаа гэрийн ажилд их сайн. Гэртээ байхдаа хамаг ажлаа өөрөө л хийчихдэг юм. Гэхдээ ажилдаа явахаараа хэд хоногоор явчихдаг. Жирэмсэн болсон гэдгийг дуулаад л”Амарч бай. Найз нь бүгдийг нь хийнэ” гээд надаар ажил хийлгэхгүй санаатай” гэж ярив.Тэд дөрвөн ханатай гэрт тохилог гэгч нь амьдардаг юм байна. Гэрийн эд зүйлс бүгдэмх цэгцтэй. Мөн найз, нөхөд, зочдоос ирсэн чихмэл тоглоом, цэцэг зэргийг эгнүүлээд тавьчихжээ. Э.Хатанболдыг хогоо шүүрдээд дууссаны дараа бид анх хэрхэн танилцаж байсан талаар яриагаа эхэллээ.
Э.Хатанболд, Г.Аззаяа нар өөд өөдөөс хараад инээд алдах ажээ. Бүрнүүр нь улайгаад ичээд байгаа бололтой хэсэг сууцгаав. Тэгснээ Э.Хатанболд “2011 онд найзуудтайгаа аймгийн төвд уулзсан юм. Тэгсэн нэг найз мааньнайз охиноо дуудсан юм. Гурван охин хүрээд ирсэн. Тэгээд л анх танилцаж байлаа. Азааг анх хараад ямар хөөрхөн охин бэ гэж бодсон. Хоорондоо танилцаад удаагүй байтал Азаа яваад өгсөн. Тэгэхээр нь утсыг нь олж аваад мессэж бичсэн. Хариу ирэхгүй хэд хоносон. Тэгж байгаад мессэж бичилцдэг болоод дараа нь уулзаад, үерхэж эхэлсэн. Тэгээд л тусдаа гарсан юм” гэв. Харин Г.Аззаяа “Өндөр биетэй, нүүрэмгий бололтой залуу санагдсан. Мессэж бичээд байхаар нь тоглоод байна гэж бодоод итгээгүй” гэлээ. Э.Хатанболд хүнд даацын машинаар “Таван толгой транс” компанийн нүүрсийг Ганц модны боомт руу зөөдөг байсан гэнэ. Ажил нь эхлэхээр хэдэн сараар явчихдаг болохоор тэд ойр ойрхон уулзаж чаддаггүй байжээ. Харин хоёр жилийн өмнөөс нүүрсний тээвэрт явах нь цөөрч Э.Хатанболдынх гэдэг айл шинээр нэмэгджээ. Э.Хатанболд өвөөгийнхөө тусдаа гарахдаа барьж байсан дөрвөн ханатай гэрийг хадмынхаа хашаанд барьж, айл гэр болсон байна. Хоёр талын аавууд нийлж байгаад гэрт ньтавилга авч өгөн бэсрэг найр хийсэн гэнэ. Ингэж л Э.Хатанболд, Г.Аззаяа нар Монгол Улсынхаа өрхийн тоог нэгээр нэмж гал голомтоо бадрааж байжээ. Тэд бусдын гарыг харалгүй, өөрсдийнхөө хүч бололцоогоор амьдралаа босгож яваа залуу хосууд. Уул уурхай тэр тусмаа нүүрсний салбар зогсолтод орсонтой холбоотойгоор Э.Хатанболд ажилгүй болсон байна. Гэхдээ түрээсээр авч, үнийнх нь талыг төлөөд байгаа машинаар ачаа тээвэрт явж амьдралаа болгодог байна. Харин Г.Аззаяа дэлгүүрт худалдагч хийх зэргээр олон ажил хийсэн байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэн болон мэндэлсэн Х.Монголжин охины аав Э.Хатанболд Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх. Удам гарвалын талаар Э.Хатанболдоос асуусан боловч “Аав энэ талаар сайн мэдэх байх” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ингээд бид Э.Хатанболдын аав Д.Энхтүвшингийн гэр рүү явлаа. Хоёр гудамжны хойд талын дунд хэсэгт байх цэлгэр хашаанд Д.Энхтүвшингийнх амьдардаг аж. Д.Энхтүвшингийн аавыг Дарамшир гэдэг аж. Хоёр дайнд оролцоод ирсэн ахмад дайчин байсан гэнэ. Э.Хатанболдын удам судрыг хөөж үзэх юм бол Ханхонгор сумын хурдан адуут М.Дарамшир гэх хүний үр удам юм байна. Д.Энхтүвшин ахын хэлж буйгаар тэднийх нэг хэсэгаймгийн наадмын хурдан морины түрүү, аман хүзүү, айргийг алдахгүй авдаг байсан гэнэ. Ханхонгор сумын Мандах бригад, Гурван сайхан уулын дунд сайхны өвөр бэлд нутагладаг малчин удмын хүмүүс юм байна. Дарамшир гэх олон хүрэн тэмээтэй, хэдэн азарга адуутай айл Ханхонгор суманд аж төрдөг байжээ. Мэргэн гэх эмэгтэйгээс гарсан гурван хүүхдийн нэг нь Э.Хатанболдын өвөө болох М.Дарамшир юм байна. Д.Энхтүвшин “Аав, ээждээ эрхэлж өссөн хүн дээ, би. Манайханхэдэн үеэрээХанхонгор суманд мал маллаж ажтөрсөн хүмүүс. Манайх их олон адуутай айл байлаа. Аавын хоёр дүүЦэвэгмидхорол, Намжилдорж гээд сумандаа төдийгүй аймагтаа зартай уяачид байсан. Аймгийн наадамд их л олон морь айрагдуулсан хүн байгаа юм. Аав минь их төлөв даруу хүн байсан. Бидэнд барагтай бол үг хэлэхгүй. Хүүхэд байхдаадайнд явсан талаар нь их асууж сурагладаг байсан. Дайнд явсан талаараа ерөөсөө ярихгүй. Харин хамт явсан хүмүүс “Танай аав бусдаасаа түрүүлээд л дайсны цэргүүдийн бүслэлт рүү давшаад орчихдог байсан. Их зоригтой хүн” гэж ярьдаг байлаа. Манай аав юунд ч их шийдэмгий ханддаг байсан” гэлээ. Э.Хатанболдын эмээгийн ах нь Пүрэв гэж хүн байсан гэнэ. Удмынхаа боловсролтой, даргын албан тушаал хашиж явсан нэгэн гэнэ. Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн даргаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэртээ суужээ.
ЖОЛООЧ, ТЭМЭЭЧИН, АГЕНТ, ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ӨВӨӨ Д.ЭНХТҮВШИН
Харин Э.Хатанболдын аав Д.Энхтүвшин Ханхонгор суманд дунд сургуулиа төгсөөд мал маллаж байгаад Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хил дээр гурван жил алба хаасан нэгэн. Шивээхүрэнгийн боомтын Цайлангийн заставт цэргийн албанд гурван жилийг өнгөрөөжээ. Цэргийн албанд машин барьж сураад халагдсан гэнэ. Цэргээс халагдаад хоёр жил гаруй аймгийн төвд Зил130 машинбарьжээ. Үүнийхээ дараа хөдөө гарч, нэгдлийн тэмээ маллаж эхэлсэн байна. Тэгсэн бригадын дарга нь нэг өдөр дуудаж “Бригадын агент хий” гээд Агентийн албан тушаал дээр тавьсан байна. Мөн Өмнөговь аймагт анх удаа жуулчны бааз байгуулагдахад хөтөчөөр ажиллаж байсан гэнэ. Гадаадын жуулчдад тэмээ унуулж говийн үзэсгэлэнт газраар явдаг байжээ. 1986 онд нутгийн бүсгүй Н.Энхтуяатай айл гэр болсон байна. Э.Хатанболдын ээж Н.Энхтуяа гурван хүүхдийг нь гаргаж өгөөд хүнд өвчний улмаас 2002 ондбурхан болжээ. Өнчин гурван хүүхдээхүний зэрэгт хүргэх гэж Д.Энхтүвшин их зүтгэсэн гэдгийг ойр тойрны хүмүүс хэлж байна лээ. Хүүхдүүд нь ээжийгээ санаж бэтгэрээд, өвчин ороож зовоож байсан гээд амьдралын хүнд замыг туулан гарсан байна.
“ЭЭЖЭЭ, ХҮҮ НЬ НЭГ ОХИН ДАГУУЛААД ОЧЛОО ШҮҮ”
Ханиа бурханы оронд үдээд нэг хэсэг ганцаараа явсан Д.ЭнхтүвшинМандал-Овоо сумын уугуул Ё.Дарьсүрэн гэх бүсгүйтэй ханилан суусан байна. Тэд бие биенийхээ байхгүйг нөхөн сайхан аж төрж байна. Аавгүй байсан хүүхдүүд аавтай болж, ээжгүй болсон хүүхдүүд ээжтэй болжээ. Энэ талаар Ё.Дарьсүрэн эгч “Хэдэн хүүхдүүдээ хүний зэрэгт хүргэх гэж их хичээсэн дээ. Бидэнд их сайхан чанар байдаг. Их амархан эв зүйгээ ололцоод хүүхдүүдийнхээ ээж нь болсон. Тэд Э.Шинэхүү, Э.Хатанболд нар намайг төрүүлсэн хүүхдүүдээс минь дутахгүй л хайрлаж байна. Би ч энэ хэдэн хүүхдээөрцнөөсөө унасан юм шиг л хайрлаж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж,эрийн цээндхүргэсэн юм шүү” гэв. Х.Монголжин охин Д.Энхтүвшин ахын тав дахь ач юм байна. Гэрийнхэн нь Э.Хатанболдын талаар “Өөрт нь ямар ч хэцүү ажил байсан даалгаад л өгчих юм бол яс хийдэг зантай” гэж хэлж байна лээ. Д.Энхтүвшин ах “Таван толгой транс” компанийн нүүрснийачаа тээвэрт жолоочоортаван жил гаруй ажиллаад гарсан байна. Түрээсээр 40 метрийн урттай хүнд даацын машинаар ачаа зөөх ажилд явж амьдралаа болгодог байна. Э.Хатанболдын дүү Э.Батсүрэн хотод дэлгүүрт худалдагч хийж байгаа аж. Харин хоёр эрэгтэй дүү болох Э.Хатансайхан, Э.Хатанбүүвэй нар дунд сургуульд сурч байна лээ. Бага дүү Э.Хатанбүүвэй нь ширээний теннисээр аймагтаа гурван удаа түрүүлсэн байна. Өнгөрсөн жил улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож 200 гаруй хүүхдээс зургаад орсон гэнэ. Энэ жил даагаа нэхэж түрүүлэх бодолтой байгаа гэсэн.
Тэд Э.Хатанболдыг анх эхнэрээ гэртээ авчирсан талаарх хөгжилтэй түүхийг ярив. Гэрийнхэндээ өмнө нь нэг хүүхэдтэй үерхэж байгаа гэдгээ хэлж байсан гэнэ. Ээж Ё.Дарьсүрэнгийн бие нь өвдөөд хэвтчихсэн өдөр гэнэт ээж рүүгээ утсаар залгаад “Ээжээ, хүү ньнэг охин дагуулаад очлоо шүү” гэж ярьсан байна. Гэрээ ч олигтой цэвэрлэж чадаагүй байхад бэр болох Г.Аззаяаг дагуулаад ороод иржээ. Гэрийнхэн нь шинэхэн бэрээ хараад сандралдаж хоол, цай хийх, чихэр, боов дэлгүүрээс худалдаж авах гэж сандарч гүйлдэн хөгжилтэйгөөр анх танилцаж байжээ. Э.Хатанболдын дөрвөн ханатай гэрийн талаар Д.Энхтүвшин “Манай аав, ээж анх энэ гэрт гал голомтоо бадрааж байлаа. Би, миний том хүү ч энэ гэрт тусдаа гарсан. Их ээлтэй сайхан гэршүү” гэж байна лээ.
Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охины аавын талынханийм удам судартай, энгүүн сайхан амьдралтай айл байна лээ.
Үргэлжлэл бий
Э.ХҮРЭЛБААТАР