Өнгөрсөн сарын дундуур буюу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Дөвөнтийн нурууны “Сайрын худаг” гэх газарт “Монголболгаргео” ХХК-ийн нөхөн сэргээлт хийсэн уурхайн талбайд гар аргаар алт олборлож байсан /нинжа/ иргэд 5 м гүнтэй нүхэнд гурван иргэн нурангид дарагдаж амиа алдсан хэрэг гарсан байна.
Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын аврах бүлэг, Цагдаагийн газрын томилгоот бүрэлдэхүүн 22:40 цагт ослын газарт хүрэлцэн очиж, газар орны нөхцөл байдал, аврах ажиллагааг явуулах боломж зэргийг судлан үзэж эрэн хайх, аврах ажиллагаа явуулан, өглөөний 05:55 цагт цогцсуудыг гаргаж, цагдаагийн байгууллага болон ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Уурхайн осолд иргэн “М” 39 настай, иргэн “Г” 31 настай, иргэн “А” 35 настай иргэд осолдсон ба Баян-Овоо, Галуут сумын иргэд болохыг тогтоосон байна. Тус аймагт 2015 он гарсаар уул уурхайн 2 тохиолдол гарч, нийт 4 хүн осолдож амь насаа алдаад байгаа аж.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас, уул уурхайн компаниудын хуучин ашиглаж байсан цооног, карьер, нөхөн сэргээлт хийсэн талбай, мөн нуранга үүсэх аюул үүссэн болон ашиглахыг хориглосон талбайд ямар нэгэн хамгаалалтгүй орж гар аргаар алт олборлох, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ ажиллахгүй байхыг анхааруулжээ.