Categories
мэдээ спорт

Гүрж, Турк, Беларусийн чөлөөт бөхийн АШТ боллоо

Чөлөөт бөхөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн Гүрж, Азербайжан, Беларусь улс өнгөрсөн болон энэ долоо хоногт УАШТ-ээ хийлээ. Гүржийн АШТ нэгдүгээр сарын 10-13-нд нийслэл Тбилисид, Туркийн АШТ Чорум хотод 12-14-нд, Беларусийн АШТ Лида 13-15-нд тус тус боллоо.

Гүржийн аваргад олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Владимир Хинчегашвили, ДАШТ-ий алт, хүрэл медальт Зураб Якобишвили нарын шилдгүүд зодоглоогүй. 92 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Давид Марсагишвили шигшээ барилдаанд Иракли Мцитурид бүдэрснийг эс тооцвол “архаг”-ууд жиндээ торолгүй түрүүлцгээв. 74, 79 кг-ын жинд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга ах дүү Автандил болон Ника Кенчадзе нар улсын аварга болцгоосон. Түүнчлэн ах дүү Ломтадзе нар “давхар” цохилт хийх боломжтой байсан ч дүү Лаша Ломтадзе 57 кг-ын финалд Отар Гогавад дийлджээ. Туркийн аваргад “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурав, Европын таван удаагийн аварга Таха Акгуль жиндээ тасархай түрүүлсэн. 86 кг-ын жинд өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга Фатих Эрдин хагас шигшээд гол өрсөлдөгч олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Селим Яшарыг илүүрхсэн ч шигшээд 2016 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай Осман Гокенд ялагдав. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Сонер Демирташ, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Сулейман Атли нарын шилдгүүд энэ удаа УАШТ-ээ өнжжээ.
Беларусийн аваргын 57, 61 кг-д якут легионерууд болох Владислав Андреев, Андрей Бекренов нар аваргалсан. Якут эрчүүд доод гурван жинд түрүүлэх боломжтой байсан бөгөөд 65 кг-ын шигшээ барилдаанд Ньургун Скрябин Георгий Колиевт 3:6-гаар ялагджээ.

БЕЛАРУСИЙН АВАРГУУД:
57 кг: Владислав Андреев, 61 кг: Андрей Бекренов, 65 кг: Георгий Колиев, 70 кг: Александр Павлюченко, 74 кг: Азамат Нуриков, 79 кг: Владислав Елисеев, 86 кг: Роман Читадзе, 92 кг: Гаджи Раджабов, 97 кг: Александр Гуштын, 125 кг: Виталий Песняк

ТУРКИЙН АВАРГУУД:
57 кг: Ахмет Думан, 61 кг: Режеп Топал, 65 кг: Мехмет Эмин Огут, 70 кг: Мустафа Кайя, 74 кг: Якуп Гор, 79 кг: Мухаммед Котаноглу, 86 кг: Осман Гокен, 92 кг: Ибрахим Болукбаши, 97 кг: Фатих Яшарли, 125 кг: Таха Ахгуль

ГҮРЖИЙН АВАРГУУД
57 кг: Отар Гогава, 61 кг: Бека Ломтадзе, 65 кг: Эдеми Болквадзе, 70 кг: Мирза Схулухия, 74 кг: Автандил Кенчадзе, 79 кг: Ника Кенчадзе, 86 кг: Сандро Аминашвили, 92 кг: Иракли Мцитури, 97 кг: Элизбар Одикадзе, 125 кг: Гено Петриашвили

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *