Categories
мэдээ цаг-үе

Гунигтайхан харж учиртайхан инээмсэглэх МОНА ЛИЗА

Францад очих хүсэл ихэнх залуу бүсгүйд байдаг байх. Би тэдний нэг болохоор аялж явахдаа хурдхан шиг Парист очих юмсан гэж мөрөөдсөөр явлаа. Романтик залуучууд, ганган хүүхнүүдийг харахаар Парист ирэв. Бусад хоттой харьцуулахад ёстой нэг түм түжигнэсэн их хөлийн газар уу даа гэх сэтгэгдэл төрж байна. Хотын төвд ирээд юун түрүүнд Луврын музейг үзэхээр боллоо. Тасалбар нь 15 евро гэв. Луврын му­зейн барилгыг 1180-1223 оны хооронд төрийн эрх барьж байсан Филипп Август хааны зарлигаар барьжээ. Хотын нэгдүгээр дүүрэгт, Сена мөрний баруун эрэгт байх ордныг англичууд болон нор­манчуудын довтолгооноос хам­гаалахын тулд өндөр ха­шаагаар хүрээлүүлэн барь­сан түүхтэй. Дотроо тансаг ч гэлээ гаднаас нь харахад хэрэм, цайзтай төс­тэй харагдах хааны ордныг 1564 онд хатан хаан Катерин Медисис засварлажээ. Дай­ныг санагдуулам хүйтэн сэт­гэгдэл төрүүлэх төрхийг нь эмэгтэй хүний сэтгэмжээр бүрэн өөрчлөхийн зэрэгцээ маш том цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Үүний да­раа Европын хамгийн тансаг ордны нэгд тооцогдох болжээ. Хожим есдүгээр Луис хааны үед ордныг өргөжүүлэн хэд хэдэн танхим нэмж барьсан гэдэг. Харин музей болсон нь 1793 оны наймдугаар сарын 10. Өдгөө Луврын музей нийт 210 мянган м2 талбайтай. 60.6 мян­ган м2 талбайд нь өрнийн Европын буюу Грек, Иран, Египет, Ойрх Дорнодын бүс нутгуудын түүхийг өгүүлсэн 35 мянган гайхамшигт уран зураг, баримал, хөшөө, вааран эд­лэл, археологийн олдворууд бий. Хүн төрөлхтөний сод бүтээлийг үзэхээр жилд 10 сая хүн Луврыг зорьдог гэх тооцоо байна.

Тасалбар авахад “Та аль хэсгийг үзэх вэ” гэж асуув. Бүх үзмэрүүдийг нь үзэхэд дор хаяж гурван сар шаардагдах болохоор түүхийн аль хэсгийг сонирхож буйгаа хэлэх хэ­рэгтэй. Олон сод бүтээлээс жинхэнэ Мона Лизаг харах хүсэлтэй ирсэн болохоор зүүн урд жигүүр дэх эртний урлагийн салбар танхимыг чиглэн алхлаа. Хана дагуу гол үзмэрүүдийн нэрийг бичин хаджээ. Мона Лиза хүртэл эртний Францын уран зураг, хө­шөө баримлыг сонирхон урт хон­гилоор алхав. Олон хүн байх ч тэр том барилга дотор тарчихаар аль нэг үзмэрийн өмнө шавдаггүй ажээ. Эртний хаад, хатдын хөрөг зураг, суут сэт­гэгчдийн уран баримал, бид­ний амьдарч буйгаас хэдэн зуун жилийн өмнөх хотуудын ерөнхий төлөв гэхчлэн үзэж харах зүйл ихтэй. Олон зуун жилийн өмнөх түүхийн гэрч болсон урлагийн бүтээлүүд өнөөг хүртэл өнгө, үзэмжээ алдаж гэмтээгүй нь сайхан юм. Ямар ч онгож муудсан, хагарч гэмтсэн үзмэр байхгүй. Өчигдөрхөн шинээр урлаа юу гэмээр харагдах музейн үзмэрүүдийг гайхах, бахархах сэтгэл төрж байлаа. Гоё сай­ханд ч биш, яаж ийм урт ху­гацаанд шинээр нь хадгалж чадсан юм бол гэж бодсоор Мона Лизаг байрлуулсан тан­химд орж ирэв. Энд хаанаас гараад ирэв гэмээр олон хүн шавжээ. Цайвар шаргал өнгийн хананд алдарт Мона Лизаг өлгөсөн байв. Музейн бусад үзмэрүүдийг ямар нэ­гэн байдлаар тусгаарлаагүй хэрнээ ганцхан Мона Лиза­гийн өмнүүр шилэн хаалт хийжээ. Барагцаалбал 80*60 хэмжээтэй хөргийг боронзон өнгийн жаазаар хүрээлсэн байв.

Дэлхийд суу алдар нь түг­сэн энэхүү зургийг англиар Мона Лиза, итали, францаар Жоконда гэдэг. XVI зуунд алдарт зураач Леонардо да Винчигийн зурсан Мона Лизаг “Гунигтайхан харж, учир­тайхан инээмсэглэх бүс­гүй” гэдэг бөгөөд уран зургийн түүхэнд хэдэн зуун жилийн турш хүндтэй байр суурь эзэлж байгаа. Зурж дууссан цагаас нь хойш Мона Лизагийн инээмсэглэл ямар учиртай вэ, зураач хэнийг ингэж зурав гэх мэт түм буман асуулт хөвөрдөг хэдий ч өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй л байна. Тэр бүү хэл Мона Лиза дээр зураач гарын үсгээ зурж, он сараа тавьсангүй. Бүр Луврт байгаа Мона Лиза жинхэнэ мөн үү, хуулбар биш байгаа гэсэн хардлага урлаг судлаачдын дунд бий. Ямартай ч энэхүү бүтээлийн тухай “Байгаль, хөрөг хоёрын зохицолдлого Леонардо да Винчийн бүтээл гэдгийг бүрэн төгс баталж байна.

Пирамид загварын зо­хиомж, хагас хөндлөн суусан байр­лалаас зураачийн авьяас, техникийг илэрхий харж болно” гэж дэлхий даяар дуу нэгтэйгээр баталдаг ажээ. Сонирхолтой нь төгс бүтээ­лийг олон жил судалсан хү­мүүс “Мона Лиза бол жирийн нэг эмэгтэйн зураг. Олон үеэр давхарлан зурсан зу­рагны доор Ленардо да Винчигийн өөрийнх нь хөрөг бий” гэж шуугих болжээ. Үнэхээр зураач Мона Лизаг зурж байхдаа хүн төрөлхтөнд суут бүтээл үлдээж байгаа гэдгээ мэдэрсэн байж болох юм. Түүхэнд “Зураач өөрөө будгаа найруулсан. Найз нөхөд, гэр бүлийнхээ хэнд ч харуулалгүйгээр бү­тээлээ дуусгасан. Хамгийн их итгэж, юугаа ч үл нуудаг байсан туслахаа хүртэл ойртуулалгүйгээр зурсан” хэмээн тэмдэглэгджээ. Тиймээс өнөөг хэр дуурайж зураг хүсэлтэй ямар ч хүн “Мона Лизаг дахин амилуулж чадахгүй байгаа гэж тайл­барладаг юм байна.

Луврт ирсэн хүн бүр энэ­хүү бүтээлийн өмнө зур­гаа авахуулж байв. Зургийг харсан хүмүүс нүд, уруул, үс, арын байгаль гэхчлэн зургийг хэсэгчлэн харж нэг бүрчлэн цоо ширтэх ажээ. Бүр нэг гараараа эрүүгээ тулж зогсоод бодолд автан харах ажээ. Эргэн тойронд нь юу болж байгаа, дэргэд нь хүмүүс ирж зогсож байгааг анзаарч байгаа шинж алга. Тэртээ XVI зуунд, бүсгүйн дэргэд очоод зогссон мэт бодол санаагаараа уусан шингэжээ. Бусдын адил Мона Лизаг ширтэн хэсэг зогсов. Анх харахад энгийн л зураг мэт байснаа аажмаар инээмсэглэж байгаа аятай санагдлаа. Үнэхээр л өөдөөс хараад хөнгөн гунигтай ч юм шиг нүдээрээ нэгийг хэлж, үл мэ­дэг инээмсэглэх уруулаараа нө­гөөг сануулах шиг болов. Удаан хараад байвал амьд мэт мэдрэмж төрүүлэх алдарт Мона Лизатай “уулзах” гэж, нүдийг нь ширтэх гэж, уруулынх нь инээмсэглэлийг олох гэж дэлхийн хүмүүс Луврт ирдэг ажээ.

Музейн ажилтнууд ган­цаараа яваа жуулчдын зургийг авч өгөн тусална. Цааш явсаар эртний Грекийн уран баримал, Наполеон хааны үеийн уран зургийг сонирхлоо. Музейн өөр нэг хэсэгт байх үнэт чулууны цуглуулгыг үзэх хүсэлтэй бай­сан ч аль хэдийнэ гурван цаг өнгөрч хөтөчтэйгээ уулзах болжээ. Үнэт чулууны хэсэгт Энэтхэгээс олдсон “Регент” нэртэй 137 каратын алмааз эрдэнэ байдаг гэсэн. Бас үе үеийн Оросын ихэс дээдсийн гар дамжиж ирсэн “Үхлийн хараал” нэртэй алмааз бий. “Үхлийн хараал” алмааз очсон эзэндээ гай түйтгэр авчирч, үе удмаар нь хүйс тэмтэрдэг бөгөөд 1852 онд Луврын музейд ирсэн юм билээ. Хараалтай алмаазыг сонирхож ширтэх нь бүү хэл зэрвэсхэн хараад өнгөрөх төдийд муу зүйл тохиолддог гэх аман яриа байдаг.

Музейн хана, тааз тэр чигтээ уран зургаар дүүрсэн байв. Хаан, хатдын титэм, ал­­­­дартай жанжнуудын сэлэм, язгууртан авхай нарын үнэт эдлэл гээд түүхийн он жилүүдийг бодитоор дурсах Луврыг орхин явлаа. Гадаа нь өн­гөт арьстангууд Эйфеллийн цам­хаг, Луврын музей зэрэг Франц улсын нэрийн хуудас болсон бүтээн байгуулалтын су­винер худалдах ажээ. Мөн цагаан арьстай хүнийг хамтдаа зур­гаа авахуулъя гэсээр нэг евро нэхэж байлаа.

Эндээс холгүй Наполеон хааны Ялалтын цагаан хаалга бий. Энэхүү хаалгыг 1806 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр нэгдүгээр Наполеон тушаал өгч бариулжээ. Бүтээн байгуулалтын ажил гучин жилийн турш үргэлжилсэн гэдэг. 50 метрийн өндөртэй, 45 метрийн өргөнтэй, дэлхийн хам­­гийнтомхаалгыгНаполеон өөрийн Ялал­тыг тэмдэглэхэд зо­риулж босгожээ. Дайн дуу­сахад цэргүүдээ энэхүү хаал­ганы доогуур жагсан гарахыг тушаасан бөгөөд Франц улс дайнд хэзээ ч ялагдаж болохгүй гэх утгыг илэрхийлж байжээ. Хожим хаалганы зүүн баганын дор дэлхийн нэгдүгээр дайнд амиа алдсан нэр нь үл мэдэгдэх цэргийг оршуулсан гэнэ. Түүнээс хойш өдөр бүрийн 18.30 цагт дайнд оролцож явсан цэр­­гүүдийн дурсгалд зориулан хүндэтгэлийн бамбар асаадаг болжээ.

Хаалганы гадна талын ханан дээр франц цэргүүдийн байлдаж буй зургийг сийлсэн байв. Харин дотор талд нь их хувьсгалын үеийн дайны нэр, тулаанд амь үрэгдсэн баатруудын нэрийг бичсэн байлаа. Одоогоос гуч гаруй жилийн өмнө гадны жуулчид, ялангуяа германчууд Наполеоны хаалган дээр очих дургүй, бүр зүглэдэг ч үгүй байсан бол өдгөө жуулчдын очдог гол газруудын нэг болоод байгаа гэнэ. Германчуудын очдоггүй байсан шалтгаан нь дайнд ялагдсантай холбоотой. Өвөг дээдсийнх нь цусыг урсгаж байсан франц цэргүүдийг хүндэтгэх шалтгаан тэдэнд байхгүй учраас Наполеоны хаалга руу зүглэдэггүй гэсэн. Бусад орны жуулчид ч бас муу энергитэй газар гээд очдоггүй байжээ.

Парис хотын төвд 2.5 сая хүн амьдардаг. Дэлхийн өнцөг булангаас сард зургаан сая жуулчин ирдэг гэнэ лээ. Тэгэхээр хэн нь франц вэ гэдгийг ялгаж чадахааргүй са­нагдав. Гудмаар энгийн, чө­лөөт байдлаар хувцасласан хүүх­нүүд алхана. Уг нь ихэнх монгол эрчүүдийн төсөөлдөг гоо сайхны туйл болсон хөөр­хөн царайтай, өөлөхийн ар­гагүй төгс галбиртай, ихэмсэг хэрнээ дэгжин хувцасласан, зөрж өнгөрөхөд мартахын аргагүй үнэр шингээсэн тийм л бүсгүйчүүдийг харна гэж төсөөлж байлаа. Гэтэл биднээс нэг их илүү гараад байхгүйг нь хараад сэтгэл амрах шиг болов. Харин жинхэнэ гоё хүүхнүүдийг Парис хотын төвд байх “Мулен руж” шоу цэнгээний газраас харах ажээ. Зорсон юм шиг гуалиг биетэй, хүнхэр нүд, дэрвэгэр сормуустай үзэсгэлэнт бүжигчин бүсгүйчүүд “Мулен руж”-д цугладаг юм байна. Төгс сайхан биеийнхээ гоо үзэсгэлэнг гайхуулан хувцаслахдаа ихэнх хэсгээ ил гаргажээ.

Кабаре шоунд бүжиглэдэг тэднийг харах гэж, хамтдаа зургаа авахуулах гэж эрчүүд дэлхийн хаанаас ч хамаагүй ирдэг гэсэн. Бүсгүйчүүд нь ч сайхан зантай гэж жигтэйхэн. Өөр рүү нь харж бахдан баясаж байгаа хүн бүртэй эелдэгээр зургаа авахуулна. Сайхан зан нь хөдөлбөл зарим нэгийнх нь хацар дээр үнсэж мартахын аргагүй дурсамж үлдээх ажээ. Хамгийн гоё бүжиглэдэг хүүхнүүд “Мулен руж”-д тэнцдэг хэдий ч голдуу францчуудыгаа авдаг гэсэн. Эндхийн уур амьсгалыг дагаад кабаре шоу үзэхээр ирсэн хүмүүс дэгжин хувцасладаг юм байна. Эрчүүд нь хослол өмсөж хүүхнүүд нь үдшийн хүлээн авалтад зориулсан гэмээр даашинзаар гоёжээ. Шоу үзэх гэсэн боловч та­салбар аль хэдийнэ дууссан гэнэ. Хамгийн эрэлттэй шоу­нуудын нэг болохоор тасалбарыг нь онлайнаар борлуулдаг бөгөөд суудлын зэрэглэлээсээ хамаарч 30-500 еврогийн үнэтэй. 500 еврогийн тасалбараар тусгай зэрэглэлийн суудалд тухлах бөгөөд бүжигчин бүсгүйчүүдтэй нэг оройг наргиж өнгөрөөдөг гэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *