-ЁГТ ҮЛГЭР-
“Арслан мэт хүрхэрлээ хэмээн санагч гөлгийг үзсэн
Араатны хаан ичсэндээ өөрөө ширэнгэнд шургаюу.”
Гөлөг төрөхдөө уг нь их хөөрхөн гөлөг байв. Хэт нь азарган чонын сэрвээний үсийг бостол архирах, булууны ясыг ганц угзралтаар цааш нь явуулж ч мэдэх дөрвөн нүдтэй улаан халтар банхар болдоггүй юм аа гэхэд хэнээс ч дутахааргүй боломжийн нэг эр нохой болох нь тодорхой байв. Гэвч гөлгөнд нэг зовлон үүслээ. Учир нь тэр жирийн нэг гөлөг байсангүй. Нэгэн жихүүн орой гөлөг жаргах нарны туяанд өөрийнхөө сүүдрийг ч харах сөхөөгүй бут бургасны салхи сэвсхийх төдий шургачих шахан пөг пөгхийн шогшмор аядаж явлаа. Гэтэл түүний дэргэдүүр гэнэт саглагар ой хөвчөөр бүрхэгдсэн арын дүнхгэр нуруу өөрөө яваад эхлэх шиг сүрдэм хачин мэдрэмж төрөхүй гөлөг шогшоогоороо хөшиж орхив. Тэр аварга амьтны оройг нь харъюу хэмээн өлийхнээ халиун шаргал газар өөрөө босоод ирсэн мэт эрээлжлэн үргэлжлээд нүдэнд нь барагдаж өгсөнгүй. Толгой нь эргэж балмагдсан гөлөг дэмий л зөнгөөрөө нүдээ анимар аядаад буруу тийш хартал юу үзсэн гэж бодно? Жаргах нарны улбар туяа таших талд аварга бүдүүн дөрвөн царс мод арын хөглөгөр нурууг тэр чигээр нь мөрлөчихөөд газар хотолзуулан нүүгэлтэн урагшлах мэт, өмнө нь хэзээ ч харж байгаагүй үлэмж биетний сүүдэр тэнгэр газрыг тэгнэн явж байхыг олж үзвэй. Тээр доор хөлд нь гөрөөсний хоргол шиг жижиг цэг үзэгдэхтэй үгүйтэй бөртөлзөх нь мань гөлөг өөрөө бололтой. Гөлөг юу болоод байгааг, юу харснаа ойлгохтой манатай.
Айсан сүрдсэн, гайхсан ширвээтсэн, бахадсан биширсэн алийг нь хэлэхэд хэцүү. Юутай ч гөлөг энэ хорвоогийн хаан Арсланг анх харсан нь, газар дээр явдаг ийм амьтан байдгийг анх үзсэн нь тэр байв. Түүнээс хойш гөлөг нэг л биш. Бяцхан биендээ ахадсан нэг юм үргэлж тээн явах болов. Юу гэдгийг ч үл мэднэ. Гөлгөнд нэг юм шүглэсэн нь лавтай болжээ. Юм л бол өөрийн бяцхан сүүдрийг жаргах нарны туяанд өндийж цоройж, хэвтэж босож, үсээ сэгсийлгэн гөлчийлгөн янз янзаар харах, харах тоолондоо өөрийгөө, өөрийгөө ч юу байхав угтаа сүүдрээ чамлан дэмий уурсах. Уурсах болгондоо өөрийг нь ийм болгосон нөгөө аварга амьтныг зүхэж, эргэн тойронд нь даанч тааваараа идээшлэх том жижиг амьтан болгон руу хялалзах. Гэвч хялалзаад ч тусыг олохгүй нь өдөр ирэх тусам гөлгөнд илэрхий болсоор. Түүнийг өмнөхөөсөө өөрчлөгдөн хялалзаад байхаар нь бусад амьтас ч түүнээс зэнзийрхэх болжээ. Өөрөө л Арслан болохоос өөр сонголт гөлгөнд үлдсэнгүй. Толгой хүзүүгээ зогдороор хучих гэж оролдовч бүтэлтэй юм болсонгүй. Харин ч огтоос хүсээгүй зүйл буюу боосон туужуур шиг унжуу сүүл нь Арслангийнхаас илүү ширэлдэн сагсайж дургүй хүргэхий нь яана. Бахардаж тэчьяадсан гөлөг эцэстээ Арслан шиг хүрхэрч сурахаас өөр сайн юм алга гэсэн бодолд автав. Гөлөг зэлүүд газар очиж хүрхрэх гэж үзэв. Эзгүй хээр ч гэлээ чол чол хийсэн дуунаасаа үхтлээ ичсэндээ өөрийнхөө багалзуурыг өөрөө тас хазангаа алдав. Ингэж аргаа барсан гөлөг Арслан болохын тулд Арслангийн хоолыг идэж Арслангийн явдлаар явах ёстой хэмээн ойлгожээ. Нэг удаа бага шиг үхрийн булууны ясыг тэр чигээр нь явуулах гэж байж багалзуураа хагалахаас өмнө эрүүгээ заах шахав. Жижиг сажиг сэртгэр яс бүхлээр нь залгичихаад хоолойгоо хагалах энүүхэнд, оруулснаа гаргах гэж ядаад хошногоо урж салтаагаа задласныг яана. Түүнээс хойш гөлөг Арсланд хэмхүүлсэн амьтан шиг нэг хэсэгтээ бөгсөө чирэн санжиганах болсон аж.
Ийнхүү эргэн тойрондоо уурсан явах болсон гөлөг хөөрхий минь, хааяа ч болов өөрт нь урьдынхаараа ердийн сайн хандсан амьтанд туйлын дуртай. Үзээгүй юмаа үзсэн мэт нүд нь гялалзан сэргэж, үс чихээ шидлэн үсэрч цовхорч, эрхлэн хөрвөөж, хөл сарвууг нь долоон алдаж аяглахад харамсалтай нь цаад амьтан гайхаж хоцроод ихэвчлэн дайжин одно. Гөлөг дахиад л ганцаардан уурссаар, мөнөөх лайт Арсланг зүхсээр хоцорно. Гөлөг эргэн тойронд нь амьтан хүрээлж, бүгд л өхөөрдөн байсан тэр нэг зурвасхан үеийг санах тусмаа түүнээ буцааж авчрахад юугаа ч золиослоход бэлэн болж байлаа. Арслангийн эргэн тойронд ойн бүх амьтас цугларч, айн ширвээтэх нь айж, сүрэнд дарагдах нь дарагдаж, алга ташин бишрэх нь бишрэвч нэг л тийм байр байрандаа ер бусын тайван байхыг хэдэнтээ харсан түүнд хувь тавилан нь гаслан гангинаж байх шиг сонсдох болжээ. Сүүлдээ ч өөрийгөө Арслан шиг хүрхэрч сурсан байгаагаар хий юм сонсох болж, сүүдрээ Арслангийнхаас ч том болсноор хий юм үзэх болж тэр тоолондоо нэг хачин чим чимхийсэн мэдрэмжээр хамаг бие нь халуу шатах болжээ.
Нэгэнтээ “…ойн бүх амьтан мань гөлгийг бүчин цуглаж, бүгд өөрийг нь шүтэн биширч алга ташилтаар дөжрөн байхуй мөнөөх Арслан харин тэртээ захад цор ганцаар гунигтайяа толгой гудайлган зогсох нь үзэгдэхэд гөлөг насандаа үзээгүйгээр бах нь нэг ханажээ…” Гэтэл угтаа хөөрхий гөлөг, тэртээ харь уулнаас тэр жил хөөгдөн тэнүүчилж ирчихээд төрөлх ойг нь эзэгнэхээр ойн эзэн Арслантай нь хүч үзээд бариулж адсага болсон хувхай шар үхсэн арслангийн зогдор олж углан, тэнгэрт цоройсон хадан хясаан дээрээс газар дагжтал хүрхрэх Арсланг дуурайж байгаа нь энэ гэж байгаад уулын хормойн үхэр чулуунаас унаж бэртчихээд босож чадахгүй гийнаж байхад нь ойн амьтас аанай л өрөвдөн цугласан хэрэг байжээ.
Тэгж бэртсэн байхад нь амьтад олж хөөрхий гөлгийг нэг л хэвийн биш хэмээн ойн эмч өвгөн сармагчинд аваачиж үзүүлтэл, урдаас нь нөгөөдөх чинь хүрхрэх гаслахын алин болох нь бүү мэд, тэгсэн атлаа муурынхтай тун ч төстэй хэржигнээд, цаашилбал өвдсөндөө ч тэр үү Арслан шиг хүрхрэн алдахад элдвийн юм үзэж дол цохисон өвгөн сармагчин хирдхийн цочсондоо сүнс нь зайлах шахан огло харайсан гэдэг. “За тэгэхэд л хөөрхий гөлөг бараг Арслан шиг хүрхэрсэн дээ” хэмээн ойн эмч хожим толгой сэгсрэн өгүүлсэн байдаг. Цөхрөшгүй гөлөг нэг удаа Арслангийн хэлийг дуурайн ярих гэж үзжээ. Ойн амьтас өхөөрдөн урам өгтөл болмоор ч санагдаж. Ой мод, тал хөндий, ер байгалийн бүхий л хэл чимээг орчуулан амьтдад хүргэе хэмээн бадрангуйгаар шийдэв. Арслан чадаж байхад арслангийн зүрхэт гөлөг яагаад болохгүй гэж? Гэвч дахиад л түмэн бэрхшээл.
Ойн хэлээр Арслан мэт чимээлэх амаргүйгээр барахгүй, угаас ойн чимээнд багаас дасал болоогүй түүнд боломжгүй мэт харь зүйл байв. Уурссан гөлөг түүнээс хойш нэг хэсэг дутуу цохиулсан хэдгэнэ шиг яахаа мэдэхгүй дүнгэнэн явсаар нэгэн өдөр харин өөрөөс нь өөр хэнбугайн ч эс мэдэх тийм хэлээр чимээлэхийг оролдох нь Арслан шиг хүрхрэхээс илүү амар юм гэсэн мэргэн санаа олоод түүндээ хязгааргүй тайвшран даруй бүтэн долоо хоног нам унтжээ. Ийнхүү хэсэг хугацааны дараагаас эхлэн мөнөөх ойд, гөлөгнийх гэхлээр Арслангийнх ч юм шиг, Арслангийнх гэхлээр гөлөгнийх ч юм шиг ойн амьтдын дасал болоогүй нэг л танил бус чимээ сонсдох болжээ. Эхэндээ бүх л амьтан юуг нь ч ойлгохгүй тул дэмий л гайхшран бие бие рүүгээ харалдан байв. Нэг хэсэг амьтан танил бус атлаа содон санагдахаар нь сониучирхан очиж сонсдог болов. Зарим нь гайхан цочирдсон хэвээрээ, зарим нь ийм балай чимээ ойн түүхэнд үзсэнгүй даруй амыг нь барих хэрэгтэй хэмээн зөвлөлдөв. Харин мань гөлөг шинэ хэлэндээ сэтгэл тун ч хангалуун. Түүний шинэ чимээнээс болоод амьтад эрт багынхаас нь ч илүү түүнийг анхаарч, түүнд хандах болсон нь гөлгөнд юу юунаас илүү чухал байлаа. Ямар амьтан яаж хандах нь бус, түүнд хандах нь л амин чухал байв.
Өдөр хоног өнгөрсөөр Арслангийн зарим тугал болоод бусад зарим амьтан гөлгийг арслан хэмээн зөвшөөрөх болсонд гөлөг ёстой магнайгаа хагартал баярлаж тамир нь ч нэмэгдэх шиг болж. Цаашаа юу болсон гээч. Арслангийн зарим гөлөг үгүй ээ тугал байчихаад бүр гөлөг шиг хуцаж, түүгээр ч үл барам гасалж гийнаж сурах шахсан байна. Ойдоо л дориун нэртэй арслан хүртэл гөлөгний энэ авирыг түүний буруу биш, Арслангийн сүнс тээсний улмаас ийм болж хэмээв. Бас болоогүй, ойн амьдрал судлаач хэсэг шар шувуу яаравчлан цугларч, ер нь хүрхрэх гэдэг өнөөгийн Арсланд зохимжтой эсэх талаар үдийн зоогтой мэтгэлцээн хүртэл өрнүүлээд амжжээ. Түүнийг нь “Дэлхийн нохойн нийгэмлэг” гээч байгууллага санхүүжүүлсэн гэдэг юм. Ойн амьтдын олноор их л дээдлэн шүтэх, тэнгэрээс унжсан мэт нэгэн нууцлагдмал хадан хясаа тэртээ уулын оройд байх. Тэнд ойн эзэн Арслангийн эрт цагийн өвөг болох, зөвхөн энэ ойгоор зогсохгүй энэ хорвоогийн хамгийн хүчирхэг асан Арслангийн тавхайн мөр дараастай үлдсэн байдаг хэмээлдэхийг гөлөг багадаа бусдын амнаас бүд бад сонссон нь тархинд нь гэнэт харван орж ирээд дотрыг нь ирвэгэнүүлээдэхжээ. Гөлөг түүнийг үзчих санаатай аанай л ганцаараа зүдэн бядан явж, хясаанд хүрэх ойн жим зам, дохио тэмдгийг хичнээн хичээгээд ч тайлан уншиж барахаа болиод уурсан цөхрөхдөө хариугүй буцдагийн даваан дээр нохой жилийн нохой сарын нохой өдрийн нохой цаг ташралдан тохиосны ачаар арайхийн мөнөөх хясаан дээрх “ариун” мөрийг олж очоод эцэст нь туйлын ихээр гонсойсон нь юу гэвэл, тэр мөр гөлөгний өөрийнх нь өвөг дээдсийнх байхын аргагүй үлэмжийн том, хүчирхэг сарвууных байсан явдал байлаа.
Дахиад л гөлөгний урам хугарч. Ажлаа алдсан биш, амьхандаа өөрийнхийг нь санагдуулам юухан хээхэн байж магад хэмээн горьссондоо амьтан эзгүй цагааар арайчүү гэж мацан ирснийг нь яана. Гангинасаар буцан доош өнхөрч явахдаа гөлөг“ үүнээс хойш хэзээ ч элэнц хуланц өвөг дээдэстэй хамаатай балай юмыг юу ч бай хайж сонирхохгүй…” байх тангараг өргөжээ. Уг нь гөлөг ингэсгээд зогссон бол мань гөлөгний биш гэхэд манай үлгэрийн төгсгөл ч хөөрхөн байж болох байлаа. Харамсалтай нь арслангийн зарим тугалаас зориг авсан гөлөг юун зогсох талаар бодох, харин ч улам цаашлах хүсэл нь газар авч, тайван унтаж чадахаа ч болив. Өвөг дээдэс гээчийн түүх сураг бол миний түүх биш, харин миний түүх бол тэдний түүх. Тэдний хэл чимээг би ойлгох албагүй, харин миний хэл чимээ бол тэднийг төлөөлнө гэж үзэх болов. Одоо түүнд ойн эзэн Арслан руу дайрч ойг бүхэлд нь эзэгнэх хүсэл оргилох болжээ. Энэ л түүний жинхэнэ сүйрэл байсныг өхөөрдөлд дуртай хөөрхий гөлөг даанч ухаарч анзаарах сөхөө байсангүй. Түүнийг ийн элдвээр аашилж байх бүхий л өдрүүдэд ойн амьтдын олонх нь “гөлөг ийм дээрээ хөөрхөн” хэмээн өхөөрдсөн харцаар инээвхийлдэж байсныг мань гөлөг яахин анзаарах билээ?
Угтаа гөлөг Арслан шиг хүрхрэх гэж оролдох үедээ л амьтдын дургүйг хүргэдгээс бус, гөлөгний, тэр ч бүү хэл нас гүйцсэн нохойн хуцалтыг бол хангалттай, бүр давуулан шахуу хийдэг гэж байгаа. “Хүрхрэхийг” нь бус хуцахыг нь сонссон бусад нохой, ойн амьтад, тэр байтугай ойн эзэн Арслан хүртэл “боломжийн” гэж толгой дохисон гэж гэдэг юм шүү. Тээр нэгэн жихүүн үдшээр анх тэр Арслан дэргэдүүр нь өнгөрөөгүйсэн бол мань гөлөг хээ шаагүй жирийн сайхан нас гүйцсэн бүдүүн нохой болох байсан нь гарцаагүй. Даанч одоо түүний нохой болох нас нэгэнт өнгөрчээ. Тиймээс эсвэл мөнөөх хөөрхөн гэмгүй гөлөг хэвээрээ үүрд шогших, эс бөгөөс арслан болох гэж бүтэхгүй ч гэсэн насан туршдаа оролдох хоёроос өөр сонголт үлдсэнгүй дээ.
Гөлөг гөлгөөрөө л хөөрхөн.
Халх Чойнхор
Дашзэвэгийн МӨНХТӨР