Нийслэлийн явган хүний зам, гудамж талбай гээд нэг үеэ бодвол тохижилт тун дажгүй болоод байгаа. Харин явган хүний зам дээгүүр автомашинуудаа байрлуулчихаад байгаа нь хэцүү дээ. Уг нь аль болох энэ мэт дүрэм журмаа зөрчсөн үйлдлүүдийг хязгаарлах гэж олон ажил зохион байгуулж байгаа бололтой. Ямар сайндаа автобусанд хүртэл хяналтын камер суурилуулж зөрчил бүртгэх гэж байхав. Их хотын иргэдэд тулгараад байгаа бас нэг асуудал бол бараг л пильта шиг гөлгөр хавтан чулуун замууд байна аа. Мэдээж хотоо аятайхан цэмцгэр байлгах гэж л тийм чулуун хавтангаар зам тавьдаг байх. Гэтэл өвөл цас ордог гэдгийг мартаад байх шиг. Нөгөө замууд дээр жаахан хялмаа хаях төдийд мөсөн гулгуурын талбай шиг болчихно. Настайчууд нь битгий хэл хөл гар нь чанга залуус хүртэл савж унах шахах юм. Явганаас унаж гэмтсэн гэмтлийн багагүй хувийг иймэрхүү гөлгөр зам дээр хальтирч унасан хүмүүс эзэлдэг юм билээ. Тэгэхээр хот тохижилтын энэ мэт ажлын захиалга аваад гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд энэ тал дээр анхаарах хэрэгтэй болчихож. Ер нь иймэрхүү замууд өвөл гэлтгүй зун ч борооны дараа ихээхэн эвгүй болчихдог. Бас хүн ихээр үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд ч энэ тал дээр бага гэлтгүй анхаарал хандуулж гадна шатаа гөлгөр гантиг хавтангаар хиймээргүй л байгаа юм. Уг нь хэрэндээ хальтиргаанаас хамгаалж хивсэнцэр маягтай зүйл наах боловч нөгөөх нь төд удалгүй олны хөлд байхгүй болчихоод байгаа нь харагддаг. Хувийн хэвшлийн байгууллага, төрийн байгууллага гэлтгүй энэ мэтэд анхаарч, аль болох иргэддээ ээлтэй, иргэдээ хайрладаг хот баймаар байна.